Ерөнхий сайдаа "өшиглөх" нь хэр зохимжтой вэ

Орон нутгийн зарим ТББ-ын төлөөлөл, мөн хэсэг иргэд Гацууртын ордыг ашиглахыг эсэргүүцэж байгаагаа мэдэгдсэн билээ. Тэгвэл тэд мэдэгдэл хийснийхээ дараа Их тэнгэрийн аманд очижЕрөнхий сайд Ч.Сайханбилэгийн зургийг шатааж бэлгэдлийн шийтгэл оноох зан үйл хийсэн юм.

Мэдээж тэдний энэхүү үйлдлийг иргэд ихэд таагүй хүлээж авсан нь твиттер фэйсбүүкээр явж цуварч байгаа шүүмжлэлүүдээс илт. Хэдийгээр төрийн өндөрлөгүүд, УИХ-ын эрхэм гишүүдийг шүүмжлэх асуудал байх ч зураг хөргийг нь шатааж, өшиглөж доромжилсон нь олон иргэний дүргүйцлийг хүргэв.

Иргэд ардчилсан нийгэмд үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх нь нээлттэй боловч эдийн засгийн хямралыг даван туулахаар олон ажил хийж байгаа, олон улсын хөрөнгө оруулагчидтай тогтмол уулздаг, гадаадын хэвлэлүүдийн мэдээлэлд тогтмол дурдагддаг төрийнхөө сайд хүний зургийг шалдан хөлөөр өшгичсөн нь харамсалтай.

Мэдээж хэрэг гадаадад төр засгаа эсэргүүцсэн иргэд, байгууллагууд жагсаал цуглаан хийж хиймэл хүн шатаах зураг хөргийг нь урж дэвсэх тохиолдол гарч л байдаг. Гэхдээ Монголд монголчуудын нүдээр харахад энэ явдал яавч сайны ёр биш гэмээр.

Тиймээс эдгээр ёс зүйгүй аашилсан иргэдэд хариуцлага тооцохыг шаардах иргэд ч байлаа. Энэ талаар цагдаагийн байгууллагын эх сурвалжаас тодруулахад “Ерөнхий сайд иргэн хүнийхээ хувьд миний нэр төрийг олон түмний дэргэд гутаан доромжилсон гэж цагдаагийн байгууллагад гомдол гаргавал шалгаж болно” гэх тайлбарыг өгч байна.

Хэрвээ Ерөнхий сайд Ч.Сайханбилэг өөрийнх нь зургийг шатаагчдын эсрэг гомдол гаргавал харьяаллыг прокурорын байгууллагаас тогтооно. Бүр тодруулбал, иргэн хүнийх нь хувьд цагдаагийн байгууллагад шалгах уу эсвэл төрийн өндөрлөгтэй холбоотой учраас Тагнуулын Ерөнхий газрын харьяанд шилжүүлэн шалгах уу гэдгийг прокурорын байгууллагаас тогтоох юм.

Ерөнхий сайд гомдол гаргавал эдгээр иргэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 110-т зааснаар доромжлох гэх зүйл ангиар хэрэг үүсгэн шалгах юм байна. Тус зүйл ангид бусдын нэр төр, алдар хүндийг олон нийтийн өмнө доромжилсон бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хориос тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэгээс гурван сар хүртэл хугацаагаар баривчлах ял шийтгэнэ хэмээн заасан байдаг аж.

Юутай ч Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн зургийг шатааж, өшиглөж олон нийтийн өмнө доромжилсон үйлдэл олон хүний дүргүйцлийг хүргэж байгаа бололтой. Фэйсбүүк, твиттер хуудсаараа дамжуулан олон нийтэд илэрхийлж байна.

Б.Чимэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ