"За Эрдэнээ л байна даа"

Сонгууль дөхөөд ил цагаан юм юм л өрнөж байна. Нийслэлд өндөр байгаа АН-ын рейтингийг дарчих л юм бол МАН-ынхан ялалтын баяраа тэмдэглэх юм гэнэ.

Тэгэхээр бишгүй их хийж бүтээсэнтэй дараагийн даргадаа нүүр бардам ажлаа өгөх Э.Бат-Үүлийн эсрэг МАН-ын зүгээс УИХ-ын гишүүд болон Засгаас "квот"-оор авсан зарим төрийн аппараттайгаа хүртэл нийлж томоохон кампанит ажил өрнүүлээд байгааг бид сүүлийн сар гаруйн хугацаанд бишгүй л харлаа.

Яг ийм ажиллагаа АН-ын гайгүй гэсэн нэр хүндтэй улстөрчид рүү чиглэж эхэлжээ. Нэг жишээ дурдахад хариуцсан салбараа гарын таван хуруу шигээ мэддэг цөөн хэдхэн улстөрчдийн нэг болох УИХ-ын гишүүн, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ рүү ийм гал чиглэжээ.

Тэрээр олон жилийн турш хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарт за Эрдэнээ л байна даа гэтэл ажилласан хүн. Нийгмийн халамж, нийгмийн хамгаалал, тэтгэмж, тэтгэврээр мэргэшсэн тэрээр бусад гишүүд шигээ уул уурхай, элдвийн популизм огт ярьдаггүй.

Мөн Баянгол дүүргээрээ овоглож, тэнд л МАН-ын луухгарууд болсон Н.Энхбаяр, М.Энхболд нарыг "нухаж" явсан зайтай эр. Дээр дурдсанаар нийслэлд хамгийн өндөр рейтингтэй Э.Бат-Үүл рүү МАН дайрч эхэлсэн бол түүний дараа рейтингээрээ "За Эрдэнээ л байна даа" гээд дайрч эхэлжээ. Ер нь Баянголоос МАН-ынхан гарна гэхэд бараг худлаа тул ийн "Сталинград" руу тэд давшилтаа эхлүүлжээ.

Анх ажиллаж эхэлсэн салбартаа л зүтгэсээр байгаа. Гэтэл саяхан УИХ-аас баталсан Төрөөс тэтгэврийн шинэчлэлийн талаар баримтлах бодлогыг МАН-ынхан мушгин гуйвуулж С.Эрдэнэ рүү дайрах болжээ. Тэтгэврийн шинэчлэлийн бодлого ярьж эхлэхтэй зэрэгцэн МАН-ынхан цалин, тэтгэврийн зээл болон малчны зээлийн хүүг огцом бууруулах амьдралаас хэтэрхий хол санаачилга гаргасан байна.

Ч.Сайханбилэг ерөнхий сайд 10 хувийн хүүтэй орон сууцны зээл ярихаар банкуудаа татан унагах юм хийлээ, эдийн засаг хүнд байхад банкуудаа дэмжих хэрэгтэй гээд л сөрсөн базаа хийгээд байсан МАН-ынхан эсрэгээрээ цалин, тэтгэвэр, малчны зээлийн хүүг огцом бууруулснаар жинхэнэ банкуудаа дампууруулах эрсдэлд оруулна гэдгээ тооцоогүй байх ч гэж. Тиймээс энэ бол зүгээр л сонгууль дөхсөн үед явагдаж байгаа бодлогогүй улстөржилт гэдгийг батлаад байгаа юм.

С.Эрдэнэ сайд МАН-ынханы үгэнд ороод, сонгууль дөхөж байна гэж бодоод явбал банк санхүүгийн салбар үндсэндээ эргэлт буцалтгүй унах жишээний. Тиймээс тэрээр ийм бодлогогүй алхам хийх эрх надад байхгүй гэж хэлсэн. Гэтэл эдийн засаг унах тусам МАН-ын олигархуудад ашигтай тул тэд юу ч хийхээс буцахгүй болсон бололтой.

Юм болгонд МАН-ын нохойд барьдаг мод шиг болсон Н.Номтойбаяр гишүүн “Тэтгэврийн зээлийн хүүг бууруулах, малчдын тэтгэврийн насыг наашлуулах, шимтгэлийг нөхөн төлүүлэх асуудлаар хуулийн төсөл боловсруулж, удаа дараа санал шаардлага өгсөн ч өнөөг хүртэл шийдэхгүй байгаа Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэд хариуцлага тооцох асуудлыг хөндөж тавина” гэжээ.

Баргийн номтой аавын хүүгийн бариад авчихдаггүй хуулийн төслийг барьж авсан тэд амьдралаас хэт хол эдийн засагт халгаатай зүйлийг С.Эрдэнэ сайдад хүчээр тулгаад шийдэх боломжгүй болохоор нь огцруулна гэдэг нөгөө л улигт үгээ хэлж байна.

Сонгууль ч дөхсөн, ялна гэж горьдсон МАН төрөөр ямар ч хамаагүй аргаар тоглоод эхэлчихжээ. Ер нь учир мэдэх хүмүүс өнөөдрийн хямралыг МАН-аас угшилтай гэдэг юм билээ. Харамсалтай нь Ч.Сайханбилэг МАН-тай нийлж засаг байгуулснаар хямрал улам гүнзгийрч төрийн алба хаа хаанаа гацаж эхэлсэн гэдгийг хүн бүр мэддэг болжээ.

Х.Цахилгаан

СЭТГЭГДЭЛ БИЧИХ