Алтан гадас МАН-тай нийлэх үү

Найр наадам дөхөж, баруун зүүний магнайд хэн гарах нь олны анхаарлыг татаад эхэлсэн ч улс төр моодноос гарсангүй хэвээр байна. О.Баасанхүү гишүүний засаг огцруулах төлөвлөгөөг эс тооцвол Ч.Сайханбилэгийн засгийн газар энэ хүртэл онцын донсолгоогүй яваад л ирлээ. АН-ын бүлэг МАН-ыг засгаас хөөхийг дэмжсэнээр энэ шийдвэрийг АН-ын Гүйцэтгэх зөвлөл одоо батлаж орхивол Засгийн газраас МАН гарах юм.
Нэг тогоонд хамтарч орсон мөртлөө төрийн ажил алба хийлгэхгүй улстөржөөд хэцүү байна хэмээн Ардчилсан намынхан гомдол мэдүүлж, хариуд нь худлаа өөрсдөө л улстөржиж байна хэмээн Ардын намынхан "гүлдийж" байгаа.
Тэгвэл сонгуулийн өмнөх жилд МАН-ыг засгаас тууж орхиод үлдсэн хугацаандаа төр засгийг яаж ажиллуулдагийг яруу тодоор харуулахаар, нэг ёсондоо бага хугацаанд их зүйлийг хийж амжуулахаар шийдсэн хэмээн төрийн ордноор нэг ярилцаж байна.
Гэхдээ энэ шийдлийн цаана басхүү том улс төр явж байгааг харж болно. Ардчилсан нам Тавантолгойн төслөөс үүдэлтэй дотооддоо гарсан ан цавыг арилгах нэг алхам энэ гэнэ. Бусад нам эвслүүдтэй тохиролцсоноор (АН-ынхан дотооддоо л хагаралгүй байвал), бас бие даагчдыг хамж чадвал МАН-ын зургаан сайдын суудлыг тэдэнд болон өөрсдийнхөндөө өгөөд ажил төрлөө явуулахад МАН хэчнээн тийчлээд нэмэргүй л дээ.
Ер нь АН-ын бүлгийн дарга М.Гарамгайбаатарын хийсэн мэдэгдлээс эхлүүлээд л энэ санааг цухалзуулаад явсан байгаа юм. Одоо АН-ын Гүйцэтгэх зөвлөл энэ саналыг нь дэмжвэл МАН баяртай болно. Угтаа Ч.Сайханбилэг, З.Энхболд нарын тохиролцоо байхад л хангалттай л даа. Энэ тохироогоо ч зургаан шинэ сайд, дэд сайд, МАН-д өгсөн агентлагийн дарга нар дээр хийх байх.
Харин нэг асуудал ээдрээтэй бас ойлгомжгүй хэвээр. МАН-ыг засгаас гаргах саналыг Ардчилсан намын фракцуудаас ганц "Алтан гадас" дэмжээгүй. Учир нь МАН-ыг засагт С.Баярцогт тэргүүтэй "Алтан гадас"-ынхан л оруулж ирсэн. Ерөнхий сайд ч бас засгийг тогтвортой байлгах үүднээс намын бүлгийнхээ саналыг дургүй хүлээж авсан.
Гэтэл араас нь АТГ мэдээлэл хийж Н.Алтанхуягтай холбоотой ямар нэгэн хяналт шалгалт хийгээгүй, тэр өөрөө л "Алтан тэнгэр" компанийн захирал Самбуу гэгчийг шалгах явцад прокурорын байгууллагын зөвшөөрөлтэй хийгдэж байгаа үзлэг нэгжлэгийн үеэр ирж мөрдөн байцаах ажиллагаанд саад учруулахыг завдсан хэмээсэн юм.
Энэ явдлын ар дээр Ерөнхий сайдаас тодруулга хүссэн Н.Алтанхуягийн албан тоот хавсаргасан мэдээлэл хэвлэлүүдээр цацагдав. Тагнуулын ерөнхий газраас Н.Алтанхуяг гишүүнийг шалгаж мэдүүлэг авах гэтэл өнөөх нь Ерөнхий сайдад гомдол мэдүүлж, Ч.Сайханбилэг ч тагнуул руугаа нэг утасдаад л болиулж орхисон байгаа юм. Тэрийг нь Н.Алтанхуяг гишүүн дэлгэж "Гэтэл дахиад өчигдөр зарлан дуудах ирчихлээ. Тагнуулын ерөнхий газар нь Ерөнхий сайдын шууд харьяаны агентлаг учраас яагаад дуудаж байгаагаа тодруулга бичгээр хариу өгнө үү” гэж уг албан бичигтээ дурдан Ерөнхий сайдад хаяглажээ.
Төрийн томчууд мөн ч даварсан нөхөд шүү. Жирийн иргэн Н.Алтанхуягийн оронд байсан бол яах бол. Хууль хяналтын байгууллага хэнийг ч хуулийн хүрээнд шалгах л ёстой. Харин УИХ-ын гишүүн бол ингэж л томордог юм байна хэмээн бусад нь ч буруу үлгэр жишээ авахаар асуудал дэгдээд байна. Ерөнхий сайд нь ч нэг утас цохиод л хуулийн байгууллагын ажлыг тасалдуулж байдаг, өнөөх нь хэвлэлээр тэрийг нь гаргаж тодруулга нэхэж л байдаг.
Эндээс ямар ч байсан Н.Алтанхуяг Ч.Сайханбилэг хоёр таарамжгүй хэвээр байгаа, Алтан гадас фракц нь намынхаа олонхийн санал санаачлагатай тэрсэлдсээр байгааг давхар гэрчилж байгаа юм.
Тэгэхээр Н.Алтанхуягт шадар сайдын суудал өгч амыг нь таглаад цааш ажлаа үргэлжлүүлнэ гэсэн хувилбар хараажаар бүтэхгүй нь тодорхой.
Хариуцлагаа үүрч, 2012 оны сонгуулийн дүнг хадгалж, цаашид сөрөг хүчний хяналт дор явъя гэж байгаа нь АН-ын зөв. 2012 оны сонгуулийн өмнө Сү.Батболдын танхимыг АН-ын сайд нар хаяж гарч, МАН-ынхан нөхөж томилсноор Засгийн газрын тогтвортой байдлыг хадгалж байсан удаатай. Тэр жишгээр Ч.Сайханбилэгийн танхим Шинэчлэлийн Засгийн газар гэх нэр хаяг, Ерөнхий сайдтайгаа үлдэх ч МАН болон цагаа тулвал Алтан гадас фракц эсрэг талд нь зогсож мэдэхээр болжээ. Ер нь намдаа хэт шахагдаад ирвэл Алтан гадас фракцийн ганц нэг хүмүүс сонгуулийн өмнө МАН руу явж ч мэдэх нөхцөл байдал үүсээд байна.
Мөн Дубайн гэрээгээр Ч.Сайханбилэгийг огцруулах гээд 19 гишүүн бүрдүүлж чадахгүй яваа Г.Уянга, С.Ганбаатар нартай МАН-ынхан нийлэхэд ч байдал эвгүйтэх л хувилбар. Гэхдээ үүнийгээ АН-ынхан мэдэж л байх учиртай. Тиймээс Ардчилсан нам МАН-аас өрсөж Н.Энхбаяртай тохироогоо хийн Н.Алтанхуягийн "экс" төлөвлөгөөг үргэлжлүүлээд явбал харин айдгаа авдрандаа хийж магадгүй л юм.
Н.Умард
3,470.29
СЭТГЭГДЭЛ БИЧИХ