Эмэгтэй гишүүд Хүүхэд харах үйлчилгээний хэрэгжилтэд хяналт тавьж ажиллана

УИХ-ын өчигдөр /2015.07.03/-ийн хуралдаанаар хоёр жил дуншсан Хүүхэд харах үйлчилгээний тухай хууль батлагдсан. Уг хуулийг батлуулахад нэлээд хүчин зүтгэл гаргаж ажилласан эмэгтэй гишүүд өнөөдөр мэдээлэл хийлээ.

Л.Эрдэнэчимэг: Хүүхэд харах төвийн үйл ажиллагааг Засгийн газар журмаараа зохицуулна

Өнгөрсөн хугацаанд Хүүхэд харах үйлчилгээний тухай хуулийг батлуулахын төлөө эмэгтэй гишүүд нэлээд идэвх санаачилга, хүчин зүтгэл гаргаж ажиллалаа. Энэ хууль 2016.01.01-ний өдрөөс хэрэгжиж эхэлнэ. Үүнээс өмнө Засгийн газар тусгай журам боловсруулж, хуулиар тодорхой заагаагүй харилцаануудыг зохицуулах ёстой. Журмын хэрэгжилтэд эмэгтэй гишүүдийн бүлэг онцгой анхаарч ажиллана.

Хэдий гэрээрээ хүүхэд харах ч гэлээ тодорхой стандарт шаардлага тавигдана. Тухайлбал, нэг хүүхдэд ногдох талбай 2м.кв-аас багагүй байх шаардлагатай. Нэг багш таваас илүүгүй хүүхэд харна. Тэгэхээр дээд тал нь таван хүүхэд гэж бодоход10 м.кв талбай бүхий байр хэрэгтэй болно. Орон сууцанд гурван өрөө байртай иргэн нэг өрөөгөө энэ үйлчилгээний зориулалтаар ашиглах боломжтой. Хүүхэд харах зориулалтаар ашиглаж байгаа өрөөнд гэрийн эзэд өөрсдөө амьдарч болохгүй, мөн гадны хүн оруулахыг хориглоно.

-Улсаас олгох хувьсах зардал болон хоолны мөнгө нь хэд байх вэ?
-Хувьсах зардал хэд байх вэ гэдэг дээр тодорхой үнийн дүн тавиагүй. Гэхдээ төрийн өмчит цэцэрлэгүүдэд олгож байгаа хувьсах зардалтай адил хэмжээнд олгоно гэдгийг тусгаж өгсөн. Одоогийн байдлаар улсын төсвөөс нэг хүүхдийн хувьсах зардал болон хоолны мөнгөнд сард 116 мянган төгрөг зарцуулж байгаа. Хоолны мөнгөний асуудлыг Засгийн газар эргэн харах байх.

-Улсаас олгох хувьсах зардал болон хоолны мөнгө нь тухайн хүүхэд харах үйлчилгээний бодит зардалд хүрэхгүй бол эцэг эхээс мөнгө татахыг хуулиар зөвшөөрсөн байгаа. Гэхдээ тодорхой хязгаар тавих уу?
-Хязгаар тавьж өгөх ёстой. Тэгэхгүй бол зорилтот бүлэгтээ буюу амьдралын түвшин доогуур иргэдэд хүрч чадахгүй болох эрсдэлтэй. Учир нь өнөөдөр хувийн цэцэрлэгүүд улсаас хувьсах зардал авдаг хэрнээ сард 300 мянгаас доошгүй төгрөгийн төлбөрийг эцэг эхчүүдээс авч байгаа. Ийм байдал үүсгэхгүйн тулд дээд хязгаарын тавьж өгөх нь зүйтэй гэж үзэж байгаа. Тэр нь хэд байх вэ гэдгийг мөн л Засгийн газар журмаараа зохицуулна. Энэ талаар эмэгтэй гишүүдийн зүгээс Засгийн газартай ярилцаж тохирно.

С.Одонтуяа: Өөрийнхөө хүүхдийг харах байлаа ч сертификат авах шаардлагатай

Орон нутагт босоо тогтолцоогоороо Хүн ам, нийгмийн хамгаалал, хөгжлийн яамны харъяалагддаг Хүүхдийн төлөө газар энэ төрлйин үйлчилгээ эрхлэх зөвшөөрөл олгоно. Тухайн аймаг, суманд хичнээн төв байгуулж болох вэ гэдэг квотыг тогтоож өгнө.

Зөвхөн өөрийнхөө хүүхдийг харахын тулд зөвшөөрөл авч болох уу?

-Өөрийнхөө хүүхдийг харж болох уу, болохгүй юу гэдэг асуудал дээр ажлын хэсэг нэлээд маргалдсаны эцэст “Өөрийн хүүхдийг харж болохгүй” гэсэн заалт байсныг нь хассан байгаа. Гэхдээ хүүхдээ харах нь эцэг эхийн үүрэг тул зөвхөн өөрийн хүүхдийг биш бусдын хүүхдийг хамт харах тохиолдолд энэ төрлийн үйлчилгээ явуулах эрх олгох юм. Хэдий өөрийнхөө хүүхдийг харах байлаа чгэсэн энэ үйл ажиллагааг эрхлэхийн тулд заавал тусгай сургалтанд хамрагдаж сертификат авах шаардлагатай. Нэг багш таваас дээшгүй хүүхэд харах ёстой, үүнээс хэд нь өөрийн хүүхэд байж болох вэ гэх мэтийг Засгийн газар журамлана.Гурван өрөө байртай айл байлаа гэхэд нэг өрөөгөө хүүхэд харахад зориулж тусгайлан тохижуулна. Тохижуулсан өрөөндөө гэрийн эзэд амьдарч болохгүй, гадны хүмүүсийг мөн оруулж болохгүй гэсэн заалтууд байгаа.

Ц.Оюунгэрэл: Эцэг эх болон орон нутаг, мэргэжлийн байгууллага хяналт тавина

Хуульд хариуцлагын асуудлыг нэлээд хатуу зааж өгсөн байгаа. Нэгдүгээрт, гэрээний хариуцлага гэж бий. Эцэг эх, хүүхэд харагч хоорондоо заавал гэрээ байгуулах үрэг хүлээж байгаа. Хүүхэд харагч гэрээгээ зөрчих аваас эцэг эх хүүхдээ харуулуулахгүй байж болно. Эцэг эхийн зүгээс гэрээгээ цуцлах юм бол тухайн үйлчилгээг эрхэлж байгаа хүн цааш үргэлжлүүлэн ажиллах боломжгүй болно. Хоёрдугаарт, эрүүл ахуй, ариун цэвэр, аюулгүй байдал талаас нь улсын байцаагч нар хяналт тавьж ажиллана. Зөрчил илрэх юм бол эхлээд торгоно, зөрчлөө давтсан тохиолдолд хүүхэд харах эрхийг нь цуцлах арга хэмжээ авна. Гуравдугаарт, хороон дарга болон багийн даргын хяналт тавина. Үйлчилгээ эрхлэхиргэн архи дарс хэтрүүлэн хэрэглэдэг үү, хүүхэдтэй зөв харьцаж чадах уу гэдгийг нь мэдэх боломжтой, гадарладгийн хувьд хороо болон багийн засаг дарга нар хяналт тавих үүрэг хүлээнэ. Тэдний дүгнэлтийг үндэслээд зөвшөөрлийг нь цуцлах боломжтой. Ийнхүү эцэг эх, орон нутгийн удирдлага болон мэргэжлийн байгууллагууд гэсэн гурван субьектын хяналт дор Хүүхэд харах төвүүд үйл ажиллагаа явуулах юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ