УИХ-ын гишүүн Ц.Оюунбаатар: Албан тушаал алдар цол ер юуг ч олж болно, эх орон газар шороог юугаар ч сольшгүй ..

- Хэдэн арван цэцэрлэг барьчих 100 сая ам.доллар улсын төсөвт оролгүй Оюутолгой компанийн дансанд үлдлээ -

Өмнөговийн их ордуудын асуудал олны анхаарлын төвд байгаа энэ өдрүүдэд Говийн Хөгжлийг Дэмжих ТББ-ын Нэгдсэн холбооны тэргүүн, УИХ-ын гишүүн Ц.Оюунбаатартай ярилцлаа.

Тэрээр Ашигт малтмалын зохистой олборлолтоос Говийн ард түмэнд хүртээх“Эх орны хишиг” -ийг 2003 онд санаачлан УИХ-ын Байнгын хороонд хандсан нь 2008 оны УИХ-ын сонгуулиар МАХН-ын мөрийнхөтөлбөрт тусгалаа олж, амьдралд хэрэгжсэн билээ.

-Танай уудам нутаг Монголын эдийн засгийн гал голомт болсон эрдэнэсийн өлгий, энэ өлгийг задалж байж л эх орноо хөгжүүлнэ, гэвч гаднынхангүйгээр энэ боломжгүй, гэтэл та үүнийг дэмждэггүй байх аа?

-Би бол ямагт гадаадын хөрөнгө оруулалтыг татахын төлөө байдаг, тэдэнтэй хамтран харилцан ашигтай ажиллаж,эх орон газар шороогоо хайрлана гэдэг маань гадны хөрөнгө оруулалтыг ад үзэж хөөж туу гэсэн үг биш. Манайхан сүүлийн үед хэт туйлширч буруу ойлгоод байх шиг. Гадны хөрөнгө оруулагчдыг татахдаа, уул уурхайг хөгжүүлэхдээ уугуул нутгийн онгон дагшин байгалийг хайрлах хэрэгтэй, экологийн тэнцвэрийг алдагдуулахгүйгээр, уламжлалт мал аж ахуйг түшиглэсэн амьжиргаатай ард түмнээ хохироохгүйгээр шийдэх ёстой. Ийм гарц арга бололцоо зөндөө бий.Үүний төлөө төрөөс цогц бодлого барих ёстой. Өнөөдөр тийм бодлого алга. Хөрөнгө оруулах нэрээр эрдэс баялагт шунасан гадныхан бас байна, тэдний хөл гар бологсод, уул уурхай эрхлэгч зарим нөхөд, шуналаар бүхнийг шийдсэн орон нутгийн эрх баригч зарим этгээдүүдээс болж говьчууд маань малаа бэлчээх газаргүй тэр ч бүү хэл өвгөд дээдсээ оршоох нутаггүй болоход хүрч байгаа.

-Уул уурхай эрхлэгчид ашигтай ажилладаг нь мэдээж, гэхдээгадныхны гар хөл бологсод гэдэг үг их содон байна л даа?

-Уул уурхайн асар их баялгийг эзэмшихэд шударга ёсыг ямагт дээд хэмжээгээр хэрэгжүүлж байх ёстой.Энэ нь юуны өмнө эх орон,эзэн болсон иргэддээ үр ашгаа өгөх ёстойгоос бус эрх тушаалтай хэдхэн хүнийг ах дүү үр ачаар нь баяжуулаад, эгэл түмэн нь хоосроод байх ёсгүй. Хуулийн хүрээнд байгаль орчноо хамгаалах бүхий л хөшүүргээ хийчихээд, ард түмэндээ ашигтайгаар зохистой гэрээ хийж гадаадын хөрөнгө оруулалтыг шударгаар ашиглахын оронд албан тушаалаа ашиглан хувьдаа завшин, авилгаар хөлжсөн албан тушаалтнууд олон бий.

Жишээ нь хэдхэн жилийн өмнө аймаг орон нутгийн удирдлагад тавигдсан хүн өнөөдөр газарт багтахгүй баяжаад байгааг юу гэж үзэх вэ, цалингаараа гэх үү....их хурлын гишүүн, сайд байсан хүн гадаадад хэд хэдэн данстай, сая сая доллар эргүүлж харш хаусыг хэд хэдээр нь бариулчихсан, тэр ч байтугай монгол хүн гэж хэлэхээсээ ичээд зарим нь “Хятадын” гэсэн тодотголтой дэлхийгээр хэсүүчилж байна.

Энэ хүмүүс хийж бүтээж биш, ард түмнийхээ хөрөнгийг луйвардаж баяжиж буй нь тодорхой юм. Нүүрсийг хэчнээн жил урагш нь ил далд хямд үнээр зөөв, тэр нөхдүүд хөлгүй хөлжиж ард олон ядуурсаар л байна, үүний нөгөө талд газар шороо эргэлтгүйгээр эрс хурдацтайгаар ухагдан, ус нутаг маань сэргэшгүйгээр сүйрсэн.

Ердөө хэдхэн хүний эрх ашгаас болж шүү дээ. Иймээс л бид говийн эрдэнэс баялгаас ард түмэн, орон нутгийн малчид хувь хүртэх эрхтэй гэдэг бодлогыг анх гаргаж ирж, “Эх орны хишиг” хэлбэрээр хүртээхийг санаачилсан юм.

-“Оюутолгой, Таван толгойн гэрээ” гэдэг үг ард түмний шүдний өвчин болж байгаа, үүний тухайд таны бодол?

-Авах ёстой татвараа ч авахгүй байна гээд бод л доо. 130 сая ам.долларын татварыг 30 сая ам.доллар болгон харж үзсэн гайхалтай шийдвэр гаргасан. Хэдэн арван цэцэрлэг барьчих 100 сая ам.доллар улсын төсөвт оролгүй Оюутолгой компанийн дансанд үлдлээ. Ганцхан өдрийн дотор шийдэгдсэн энэ асуудал юуг харуулж байна гэвэл шат шатны түшмэлүүд авилгаас болж ажлаа хийхгүй, улс орноо ноцтой хохироохыг юман чинээ бодохгүй байна.

Албан тушаалаараа авлига идсэн түшмэлүүд, Оюутолгой Таван толгойг тойрсон авлигачид ард түмний өмч говьчуудын баялгийг гардныхантай хуваан завшиж байгааг би ямагт эсэргүүцэж, тэмцдэг. Монгол хүн болгон үүнтэй тэмцэж байж та, таны үр хойч үе элбэг баян сайхан амьдрах болно. Өмнө нь “Оюутолгой” төсөлтэй холбогдуулж ҮАБЗ-ийн зургаан шийдвэр, зөвлөмж, УИХ-ын дөрвөн тогтоол, Засгийн газрын 13 тогтоол гаргасан.

Эдгээр тогтоол шийдвэр нь Монголын талын эзэмших хувийг 50- аас доошгүй хувьд хүргэх, зэс хайлуулах үйлдвэр барих, гэрээ хэлэлцээрийг ил тод нээлттэй явуулах, Оюутолгойн төслийг хэрэгжүүлэхтэй холбогдсон суурьшил, хот тосгон, дэд бүтэц, зам, ус, цахилгаан эрчим хүчний хангамж, байгаль экологи, нийгмийн асуудлыг багтаасан байна.

Гэтэл саяхан ерөнхий сайд Дубайд айлчилж “Далд уурхайн бүтээн байгуулалт санхүүжилтийн төлөвлөгөө” хэмээх нэртэй гэрээг үзэглэсний дараа дээрх Оюутолгойн гэрээ, түүнд өөрчлөлт оруулах асуудлыг хариуцаж байсан төрийн захиргааны төв байгууллага, хэлэлцээрийн ажлын хэсгээс өнгөрсөн хугацаанд удаа дараа тавьж байсан саналууд үндсэндээ ач холбогдлоо алдлаа. Энэ дэндүү зохисгүй байдлаа засахыг бид шаардаж байна.

Олон арван тэрбум доллараар үнэлэгдэх Тавантолгой нүүрсний ордыг ашиглах асуудлаар хөрөнгө оруулагчтай хэлэлцээ хийж, гэрээний төсөл боловсруулах Засгийн газрын ажлын хэсэганхнаасаа Монгол Улсын хүчин төгөлдөр хууль тогтоомж, Улсын Их Хурлын тогтоол, Үндэсний Аюулгүй байдлын үзэл баримтлалын холбогдох заалт, Үндэсний аюулгүй байдлын Зөвлөлийн зөвлөмж, Засгийн газрын шийдвэрийг зөрчин Хөрөнгө оруулагч нартай хэлэлцээр хийж, Монгол улсад ашиггүй нөхцөл бүхий гэрээний төслийг бэлтгэсэн байгаа нь нотлогдсон зүйл. Ийм хариуцлагагүй юм хийсэн Засгийн газрын ажлын хэсгийн холбогдох улс төрийн албан тушаалтан болон төрийн албан хаагчдад хуулийн дагуу хариуцлага тооцох хэрэгтэй. Бизнес эрхлэгчид баялаг бүтээгчдийг багалзуурдсан ийм хуулийг бид баталж ард түмнийхээ өмнө нүгэл үйлдэгч болохгүй

-Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгатай холбоотойгоор та нөхдийн хамтХууль зүйн байнгын хорооноос татгалзлаа...?

-Наадмын өмнө батлуулахаар түлхэн оруулж ирсэн Эрүүгийн хуулийн төсөл ард түмэнд хэтэрхий халтай хууль болохоор байна. Хориодхон хүн ард нь байгаа энэ хуулийн цаана хэдэн зуун мянган бизнес эрхлэгчдийн эрх ашиг бий. Монгол Улсын эдийн засгийн өсөлт саарсан хүнд үед хувийн хэвшил, баялаг бүтээгчдээ дэмжих ёстой байтал энэ хуулиар бол бизнес эрхлэгчдээ багалзуурдах болох нь. Хуучнаасаа ч дордсон ийм хуулийг бид батлах эрхгүй.

Бизнес эрхлэгчид, ажил олгогч эзэд, аж ахуйн нэгж, хуулийн этгээдийг 48 зүйл заалтаар эрүүгийн хэрэгт татаж, торгох, эрх хасах, татан буулгах, ял оногдуулахаар зүйлчилснийг бид дахин өөрчлөх ёстой. Хуулийн этгээдийн хувьцаа, хөрөнгө орлогыг хураах заалт оруулж, Үндсэн хууль, хүний эрхийн олон улсын болон Монгол Улсын хууль тогтоомжийг зөрчих агуулгатай байгааг бид эсэргүүцэж байна.

Эрүүгийн хуулийн энэ төслийн “Эдийн засгийн гэмт хэрэг” нэрээр 15 зүйл заалтаар, “Олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхлын гэмт хэрэг” нэрээр 16 зүйл заалтаар, “Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны эсрэг гэмт хэрэг” нэрээр гурван зүйл заалтаар, “Хүрээлэн буй орчны эрсэг гэмт хэрэг” нэрээр найман зүйл заалтаар, “Соёлын өвийн эсрэг гэмт хэрэг” нэрээр дөрвөн зүйл заалтаар, “Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг” гэмт хэрэг нэрээр нэг зүйл заалтаар Аж ахуй нэгж, ТББ зэрэг хуулийн этгээдийг эрүүгийн хэрэгтэн болгох хаалгыг нээж, бизнесийн эрх чөлөөг хязгаарласныгхүлээн зөвшөөрөх боломжгүй.

Энэ хуулийг энэ хэвээр баталчихвал үнэндээ хэдэн шоронгоо л чигжих байх. Мөн нэг заалтаар “Төд дахин торгоно, эсвэл гадаад явах эрхийг нь хасна,ял онооно” гэдэг гурван шийтгэл байхад үүнээс хэн хөнгөнийг нь эдлэх вэ гэдэг асуулт байна. Эрх мэдэл, мөнгөтэй хүмүүс торгууль мэтийн хөнгөн ял авч, санамсаргүй үйдлээс ч юмуу эсвэл өөрийгөө хамгаалж чадаагүй эгэл нэгэн хүнд ял авах нөхцөл бүрдчихвий. Тэгээд ч улс төрийн албан тушаалтанд гар хүрчихвэл 12 жилийн ял авна гэж байгаа нь утгагүй юм. Бидний таван гишүүн УИХ-ын ХЗБХ-ноос татгалзаж байгаа нь шударга ёсыг хэрэгжүүлэх тэмцлийн нэг хэлбэр юм.

Гэхдээ төрийн болон хувийн салбарын албан тушаалтан авлига хээл, хахуулд холбогдсон, эрх мэдэл албан тушаалаа хэтрүүлсэн, урвуулсан, хайнга хандсан тохиолдолд хатуу хариуцлага хүлээх нь маргаангүй бөгөөд үүнийг бүрэн дэмжинэ.Харин компани, аж ахуй нэгжийг зах зээлийн жамаар бус төрийн албадлагаар татан буулгаж хувьцаа, хөрөнгө, бусад орлогыг улсын хохирлын санд хурааж авах нь Монгол хүнд олгогдсон өмчлөх эрх, иргэний эдийн засгийн эрхийг ноцтой зөрчих үйлдэл болж байгааг бид эрс эсэргүүцэж байгаа юм.

-Та төрийн татварын бодлогыг хэрэгжүүлдэг ТЕГ-ын даргаар ажиллаж байсан, “Татвар төлөгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэг”, “Ажил олгогч эздийн холбооны” мэдэгдлийг дэмжиж татвар төлөгчдөө хамгаалан тэмцэж олны талархал хүлээж байна.

-Би ямар ч үед ард түмний талд, шударга ёсны төлөө баттай зогсож, тэдний эрх ашгийг хамгаалан, шударга бус үйл ажиллагаатай хатуу тэмцэнэ.Эцэг эхийн хүмүүжил, Монгол төрд 40 жил зүтгэж буйн утга учир энэ. Өнөөдөр аж ахуйн үйл ажиллагаа эрхэлж баялаг бүтээж, орон нутаг, улсын төсвийн орлого бүрдүүлдэг 143.805 аж ахуйн нэгж, татвар төлөгч хуулийн этгээдийн эрх ашгийг хамгаалах хэрэгтэй байна. Төрийн байгууллагын хүнд суртал газар авч татвар төлөгч аж ахуйн нэгж, иргэдийн эрх ашгийг ноцтой хохироон, тэднийг татвараар дарамтлах, дансыг нь хаах, хүү торгууль алдангиар давхардуулан акт төлбөр тавьж, бизнесийн хэвийн үйл ажиллагаанд хүндрэл учруулж байна. Үүний үр дүнд татвар төлөгчид татвараас зайлсхийх, бизнесийн хүрээгээ хумих, ажилчдаа цомхотгох, хаалгаа барих, дампуурах зэрэг нь нийтлэг болж байна.Ерөнхий сайд Ч.Сайханбилэг татвар нэмэхгүй гэсэн мэдэгдлийг орон даяар хийсний дараа Нийслэлийн татварын тухай хуулийг Улсын Их Хурлаар батлуулахаар зүтгүүлсэн. Түүнчлэн шударга бус НӨАТ, татварын хуулиа зөв голдрилдоруулахын оронд арван нэгэн мянган ажахуй нэгжийн удирдлагад прокурор, цагдаагаас эрүүгийн хэрэг үүсгэн олон сараар дарамталж олон арван бизнес эрхлэгчдийг АТГ, Цагдаагийн байгууллагаас татварын болон бусад шалтгаанаар баривчлан хэдэн сараар хорьж, мөрдөн шалгаж хүний эрх, шударга ёсыг зөрчсөн. Бид энэ дэндэж байгаа асуудлын тухайд тодорхой мэдэгдэл гаргаж хүргүүлсэн. Монголд байхгүй хэмжээ цараатай, шашин соёлын цогцбайгууламж болох “Бурхан багшийн их цогцолбор”-ыг Монголын өмнөд говьд бүтээж байна

-Та төрөлх нутаг Өмнөговийн баялагтай холбоотой ямар нэг бизнес эрхэлдэггүй гэдгээрээ тэндээс төрсөн улс төрчид үе үеийн дарга нараас эрс ялгардаг хүн, гэвч хэдэн жилийн өмнө өөрийн санаачилгаар Номгоны Сангийн далай хийдийг бүрэн төрхөөр нь сэргээн засварласан нөр их ажлын ард гарч улмаар Говийн их Эрдэнэзуу хэмээгдсэн тэр газарЮНЕСКО-д бүртгэгдэж Дэлхийн шилдэг соёлын өвөөр шалгарсан. Харин одоо Бурхан багшийн их цогцолборыг байгуулах гэж зүтгэж явна, ийм байгууламжууд танаас зарлага гаргана уу гэхээс орлого оруулмааргүй юм...?

- Говь нутгийн хөгжлийн цогц хөтөлбөрийг 2000-2003 онуудад эрдэмтэн судлаачдын хамт, боловсруулжговийн хөндлөн, босоо төмөр замын зураг төсөл хийлгэж, засмал зам эрчим хүчний сүлжээнд холбох, Оюутолгой, Тавантолгойн үйлдвэржилтийн төсөл боловсруулж ихэнх нь ажил хэрэг болоод байна. Одоо бурхан багшийн их цогцолбор нөхдийн хамт өмнийн говьдоо байгуулж байна.

Хүн гэдэг амьтан ганцхан заяах насандаа ашиг орлого мөнгөний төлөө явж болохгүй. Хүн өндөр албан тушаал хашиж болно, их мөнгөтэй болж болно, тэр хэрээрээ улс эх орон ард түмнийхээ төлөө чин шударгаар зүтгэх үүрэг хүлээх ёстой.Энэ үүргээ өнөөдөр ариунаар биелүүлж байгаа хүн алга.Манайхан дээд албан тушаалд томилогдож, улс төрийн өндөр сууринд суунгуутаа л хаанаас ямар бололцоо олж өөртөө ашиг орлого унагах вэ гэсэн зорилготой ажилладаг. Ард түмэн байтугай үүнийг хууль хяналтынханч мэдэж байгаа. Миний хувьд ийм бодол зорилгоос ангид байж сурсан хүн, үүгээрээ би шударга ёсыг хэрэгжүүлж яваа гэж нүүр бардам боддог. Тиймээс нутгаасаа атга шороо аяга нүүрс авна гэхээсээ түрүүн энэ нутгийн төлөө говьчуудынхаа сайн сайхны төлөө юу хийх билээ гэж боддог.Бидний бодож санаачилсан олон зүйл говийн хөгжлийн төлөө говьчуудын аж амьдралын төлөө тус нэмрээ өгч байгаа.

-Ашиг харахгүй буяны үйлс хийдэг чинь хөндлөнгөөс харахад их сонин байдаг, та чухам юуг зорьдог юм бэ?

- Шашин соёлын өвийг сэргээх, бүр шинээр байгуулна гэдэг цаг хугацаагаар цаглашгүй мөнгөөр хэмжишгүй буян болдог. Манай нутаг хэзээнээс бурхан номыних соёлтой, сүм хийд олонтой, лам хувраг ихтэй байлаа. Нэгэн намын дарангуйллаар хэлмэгдүүлж, говь нутгаас,Өмнөговиос тэр дундаа манай Манлай сумаас маш олон номтой лам, гавж анги цол хэргэмтнүүд, ядуу лам нарыг хоморголон баривчилж үй олноор нь хороосон. Миний аавын өргөж авсан аав, номын багш эрдэмт гавьж лам Ц.Даваажав, нагац ах Г.Дамба нарыг хэлмэгдүүлж буудсан. Миний аав Гавжийн дамжаа барих гэж байсан, 25 жил бурхны ном судалсан 1936 онд хөдөө гарч малчин болж хэлмэгдүүлэлтээс мултарсан хүн. Өнөөдөр төр засаг мянга уучлал гуйгаад энэ хар толбыг арилгаж чадахгүй. Аллага таллага, баривчилгаа хавчилганд өртөж айл бүхэн ханхайрсан хэлмэгдлийн айдас хүйдэс нь одоо ч арилаагүй энэ нутгийнхны өмнө хийсэннүглийг нимгэлж, шашин соёлын томоохон газар босгох, зарим хуучныг нь сэргээчихвэл хэлмэгдэгсдийн дурсгалд босгосон нэг том хөшөө болж олны сэтгэлийг тайтгаруулах юм. Хэлмэгдэгсдийг цагаатгах ажлыгби тэртээ 1980 оны сүүлээр эхлүүлж, идэвхтэй оролцон хамгийн анх нутгийнхаа20 ламын хэргийг цагаатгуулж байв. Одоо манай залуучууд хоосон ардчилал гэж хашгирч, хөрөнгө мөнгөний хойноос үхэлдэн тэмцэлдэж байгаад харамсаж байна.

- Газар нутгаа хайрлан хамгаалах үйлсэд Бурхан суваргын ач холбогдол тийм их байх уу...?

-Яг үнэндээ байгал хамгаалах Монголын уламжлалт арга ухаан хэзээнээс нааш шашин соёлын бодит үндсийг л ашигласан байдаг. Ном сургаал, сүм суварга бол хүнийг ямагт зөөлрүүлж, хатуу гараар хамгийг шийдэхийн эсрэг нөлөөлж, хүний зан суртахуунд гэрэл гэгээ болдог. Энэ ч утгаараа нутаг орныхоо сайн сайхныг олж харж, сэтгэлдээ нутгийн уулс, газар байгалаа сүжиглэн дээдлэх үзэл бодол суулгадаг. Бурхан номд сүжиглэж хүндэлж явдаг хүн зан суртахууны ноцтой алдаа гаргадаггүй, шуналгүй шударга төлөвшилтэй болдог. Шуналыг хязгаарлаж чадна гэдэг бол хэн бүхний чаддаг зүйл бишээ. Наад захын утгаар нь хэлэхэд бурхан суварга байгаа газар зүй бусаар халдах, ойр орчмыг нь хэдэн арван километрт л лав ухаж сэндийлэх учиргүй юм.

Би төрийн ёс зүйтэй шударга түшээ байхын төлөө цаг ямагт бие сэтгэлээ зориулж явах болно

-Та номтой, том лам хүний хүү болохоор бурхны номонд чин сүжигтэй байх даа?

-Би улс төрч, хүний эрхийнхуульч хүн, Зөвлөлт Орос улсад хоёр ч шилдэг дээд сургууль төгсгөж АНУ, Герман, Австралид мэргэжил дээшлүүлсэн. Гэвч сайн эцэг эхийн буянаар басхүү өөрийн гэсэн үзэл бодлын хүчээр “Монголоо алдаагүй” яваадаа би бахархдаг. Мэдээж бурхан номтой гэрт арц, хүжний үнэрт өссөн малчны хүү болохоор сэтгэлийн угт номын үнэр суулгүй яахав, гэхдээ хүн эх орон ард түмнээ, төрөлх газар нутгаа гэсэн сэтгэлтэй болоход заавал бурхан шүтдэг, гүн сүсэгтэй байх албагүй. Би багадаа сургуульдаа их идэвхтэй, хөдөлгөөнтэй хүүхэд байсан. Манайхыг бурхан тахилтай болохоорч юмуу, аавыг лам болохоор ч тэрүү намайг “лам” гэж хочилноо хүүхдүүд, тэр хочинд нь би их дургүй зодоон хийнээ. Юм их учиртай гэдэг, Д.Чойжамц хамбыг хүүхдүүд лам лам гэж хочилоход их дуртай байж, бүр ширээн дээр завилчихсан тал тал тийш адис тавьж суудаг байсан гэдэг...
Бид хоёр их дотноо. Бурхан багшийн их цогцолборын бүтээн байгуулалтыг маань зааж дэмжиж байдаг багш маань юм. Аливаа юм бүхний учир номонд бий, энэ ном гэдэг цагаан цаасан дээр хараар хэвлэсэн хууль журам, дүрэм ёсыг хэлж байгаа юм биш, энэ “ном” бол хүний хүн байхын стандарт, үүнийг байгалаас заяасан байдаг. Энэ заяамал чанарыг хаях уу авах уу эсвэл хөгжүүлэн дөллүүлж явах уу гэдэг ньхувь хүний онцлог, ухаан юм л даа.

-Эх болсон газрын эрдэнийн хэвлийг хамаа бусаар ухаж сийчихийг зарим талаар нүгэл гэж үздэг үү...?

-Уул усаа төнхөх байтугай хог буртгаар бузарлахыг хориглодог, газар устай хамаа бусаар харьцахыг нүгэл гэж үздэг ард түмэн бол манай монголчууд.Энэ нь уул уурхайг хөгжүүлэхгүй гэсэн үг биш, бодлого төлөвлөгөөтэйгөөр, ард олноо баярлуулах ашигтайгаар, улсаа хөгжүүлэх хэмжээний үр дүнтэйгээр тэгээд байгал экологио үрэн таран хийхгүйгээр ашиглах ёстой. Гэтэл манай говь нутгийг хэдхэн хүн зүй бусаар ашиглаж байгаа. Онгон байгалийн төрх, хүний амьдрах орчин эрүүл саруул нөхцөл нь алга болж байна. Энэ насанд тэр хүн ус нутгаа сүйтгээд баяжлаа гэхэд үр хойчис гэдэг юм бий....Муу үйлийн балаг хожим хойдод үр ачид тусдаг. Ямар ч хэлбэрээр илэрч мэднэ... Үүнийг ганц шашны ном ч бус шинжлэх ухаан өнөөдөр баталчихсан байгаа.

-Бурхан багшийн их цогцолбороо ямар материалаар хэрхэн яаж хийж байгаа вэ?

-Энэ цогцолбор байгалийн боржин чулуугаар орчин үеийн технологиор сийлбэрлэсэн мөнхийн бүтээл юм. Голдоо бүрхэн багшийн их сэргэ дүртэй, тойроод 108 суваргатай байна. Суварга бүр дээр эзэмшигчдийн ах дүү өвөг дээдсийн нэрийг хүндэтгэлтэйгээр бичсэн самбар байрлуулж,нэг ёсны хүндэтгэл бишрэлийн шүтээн газар байх юм.Эхний хэсгийг нь аваачиж суурилуулсан байгаа, энэ бол жирийн нэг хэдэн суварга төдий юм биш аварга байгууламж болохоор цаг хугацаа ажил их орж байна. Зөвхөн тээвэрлэлт гэхэд 250 гаран тэвшээр зөөж аваачих тооцоо бий.

-Танай аймаг шинэ баячуул олонтой, орон нутгийн болоод хувь хүмүүсийн дэмжлэг хэр байна?

- Хэт баячууд амиа боддог биз дээ. Гол нь найз нөхөд, эгэл жирийн хүмүүсийн оролцоо дэмжлэгт тулгуурлаж байна. Ийм том байгууламж хийх, тээвэрлэх, байршуулахаас эхлээд нөр их зардал гарч байна. Нутагтаа хэрэгтэй, буянтай үлдэцтэй ийм үйлс бүтээж байхад нутгийнхаа алт баялаг нүүрс зэсээр түрийвчээ зузаалж байдаг зарим хүмүүс нэрээ гаргаж гараа сунгаасай гэж хэлж болох юм...Олон нийтэд хандаж, бурхны суварган дээрөөрийн нэрээ, удам угсаа эцэг өвгөдийнхөө нэрийг сийлүүлэн, мөнхийн шүтээн болгох хүсэлтэй хүнд одоо ч энэ ажил нээлттэй байгааг хэлье.

-Та өөрийн бодол зорилгоо зангидаад хэлбэл?

- Би эх нутагтаа, Монголдоо хайртай. Өлгий нутаг ард түмэн минь миний бурхан болсон ижий аавыг минь оролдог. Би говь нутгаасаа шуудай нүүрс, грамм алт ч авахгүй. Мэдлэг оюунаа, амь биеээ ч эх орон, өлгий нутагтаа зориулна. Улс төрчдийн идэж уухын шунал бидний бүтээн байгуулалтыг хавчин хяхаж, саатуулж байгаад маш харамсдаг.Говийн баялгийг ард түмнээс хулгайлан идэж ууж, бирд болтлоо баяжсан аймаг, улс дамжсанолигарх дарган нарыг гэгээрүүлэх ухааруулах маш хэцүү. Би энэ их бүтээн байгуулалтааулс төрөөс ангид , аливаа намаас ангидбайх зарчмыг барьж буй. Төрсөн нутгаас УИХ-д нэр дэвшихгүй гэсэн бодолтой байгаа. Тэхдээ хуульч улс төрч хүний хувьд сонгуулийн үйл ажиллагаанд анхаарлаа хандуулна.

Өмнөговийн уудам нутаг “хязгааргүй” гэж хэлж болох баялагтай. Гэвч энэ ертөнцөд хэмжээгүй юм гэж үгүй, юм бүхэн цаанаасаа заасан хугацаа хэмжээтэй. Эд баялгаа хямгатай зарцуулж, онгон дагшин нутгийнхаа экологийн тэнцвэрийг хадгалах нь амин чухал асуудал болоод байна. Газар нутаггүй болж, уул уурхайн химийн бодист хордон өвчин эмгэгт баригдсан говийн хүн, тэдний хойч үеийнтөлөө миний сэтгэл зовж, чадах бүхнээ хийж явна. Эрх дархаар түрээ барьсан цөөн хэд нь ард түмний баялгийг зарж хөлжөөд эзэн болсон иргэд нь ядуурч, нутаг усаар хавчигдаад байгаатай эвлэрч чадахгүй. Ядахдаа нэг сайхан бурхан номын цогцолбор эцэг дээдсийн ариун шүтээнт газар байгуулчихвал хүний сэтгэл зөөлөрч газар лус баясна шүү дээ. Ийм байгууламжийн буянаар уудам говийн минь ядахдаа нэг хэсэг нь хэзээ ч бусдын мэдэлд орохгүйгээр дархлагдаж байгаа юм шүү.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ