МАН-ын засагт байх хугацаа дуусав

УИХ-ын ээлжит бус чуулганы хуралдаанд хэлэлцүүлэхээр Засгийн газрын зургаан гишүүнийг огцруулах тухай тогтоолын төслийг Ерөнхий сайд Ч.Сайханбилэг өргөн барилаа. Ингэснээр засагт долоон сар хамтран ажиллаад байгаа АН, МАН-ын хамтрал төгсгөл болж байна.

МАН-ын зургаан сайдыг огцруулж засгаас гаргах асуудал зуны турш дуншсаар найман сар гармагц ажил хэрэг болж байгаа нь энэ ба Ерөнхий сайдын хувьд нэгэнт бүрдүүлсэн кабинетээ задлахгүйг чармайж УИХ-ын даргад шаардлага хүртэл хүргүүлээд авсан.

Мөн Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийг өчигдөр тогтоолын төслөө өргөн барихын өмнөхөн өмнөхөн Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Засгийн газрын нэр бүхий гишүүдийг огцруулах асуудлаар зөвшилцөхөөр хүрүүлсэн албан бичгийн хариуг өгөхдөө “Монгол Улсын Засгийн газрын нэр бүхий 6 гишүүнийг огцруулах тухай саналтай танилцлаа. Монгол Улсын Засгийн газрын зарим гишүүнийг огцруулах тухай санал нь улс орны нийгэм, эдийн засаг, олон улс дахь нэр хүнд, ард түмний аж амьдралд таагүй нөлөөлж, улмаар улс төрийн тогтворгүй байдал бий болгох үр дагавартай байж болзошгүй тул уг асуудлыг дэмжихгүй байгаагаа үүгээр мэдэгдэж байна” гэсэн юм.

Гэсэн хэдий ч урд өдөр нь хуралдсан АН-ын бүлгийн хуралдаан зөвшилцлөөр дууссан гэх бор шувууг батлаж ерөнхий сайд МАН-ын сайд нараа огцруулахаар тогтоолын төслөө өргөн барьсан юм.

Тэгвэл 2012 оны сонгуулийн өмнөхөн Н.Алтанхуяг тэргүүтэй АН-ынхан МАНАН-ын хамтарсан засгаас гарч буйгаа мэдэгдэж бүх үүрэг хариуцлагыг МАН-ын нуруун дээр тохож орхисон нь нэг талаар улс төрийн хувьд ихээхэн оновчтой шийдвэр болсон байдаг. Харин энэ удаа хоёр намын хамтрал задарч байгаа нь давтагдаж байгаа боловч МАН засгаас сайн дураараа гарч ч амжсангүй, АН өрсөлдөгчийнхөө хэзээ нэгэн цагт хийж магадгүй нүүдлийг түрүүлж хараад хөөж орхиж байгаа нь энэ.

Өнөөдрийн УИХ-ын чуулганы хуралдаанаар товлосон ёсоор 14.00 цагаас энэ асуудлыг хэлэлцэнэ. Магадгүй МАН-ынхан чуулганы хуралдаанд бүлгээрээ орохгүй байж мэдэх ч АН болон бусад намууд бие даагчид оролцож ирцээ бүрдүүлээд л тухайн тогтоолын төслийг дор нь батлах бизээ.

Ингэснээр сөрөг хүчингүй шахам парламент байхаа больж МАН дахин байдагтаа буцах бол АН болон МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвсэл, ИЗНН-ын хувьд орны зургаан сайд нь хэн байх асуудлыг хэлэлцэж эхэлнэ.

Ямартай ч АН-ын дотоодод хагарал үүсгээд байсан асуудлаар тус намынхан эцсийн шийдвэрт хүрч тохиролцож чадлаа. Одоо үлдсэн хугацаанд бүх үүрэг хариуцлагыг тэд нуруун дээрээ авч ажиллах нь тодорхой болж байна. Сонгууль ойртож байгаа хариуцлагатай цаг мөчид энэ хувилбар нь ч тэдэнд ашигтай байж мэдэх юм.

Н.Умард

СЭТГЭГДЭЛ БИЧИХ