Зургаан сайдыг огцрууллаа

Монгол Улсын Их Хурлын дарга З.Энхболдод Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Монгол Улсын Засгийн газрын зарим гишүүдийг огцруулах тухай тогтоолын төслийг өргөн барьсантай холбогдуулан УИХ-ын ээлжит бус чуулганы хуралдаанаар уг асуудлыг хэлэлцэж шийдлээ. Гишүүд үг хэлж, асуулт асуусны дараа санал хураалт явуулан тогтоолын төслийг дэмжээд байна.

Тогтоолын төсөлд зааснаар Ухнаагийн Хүрэлсүхийг Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Монгол Улсын Шадар сайдын; Дуламсүрэнгийн Оюунхоролыг Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын;Жаргалтулгын Эрдэнэбатыг Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Сангийн сайдын;Дамдины Цогтбаатарыг Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Барилга, хот байгуулалтын сайдын; Намхайн Төмөрхүүг Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Зам, тээврийн сайдын; Содномын Чинзоригийг Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Хөдөлмөрийн сайдын үүрэгт ажлаас тус тус огцрууллаа.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ