Шадар сайд Э.Батшугар уу, Ч.Улаан уу

"Шийдлийн" засгийн газраас гарсан зургаан сайдын орны улстөрчдийн янз бүрийн л нэрс энд тэндгүй харагдах болж. Ямартай ч сайд нарын хэдийг нь намаасаа томилох вэ, Их хурлаас уу гаднаас уу гэх мэтчилэн тохиролцоог эцэслэхээр Ардчилсан намынхан өдөр шөнөгүй зөвшилцөж байгаа гэнэ. Тэр зөвшилцөөнөөс гадагшилсан үгс, гадуур яригдаж байгаа таамаглалууд нийлээд эх захгүй олон хувилбарууд гараад байгаа нь ч үнэн.
Одоогоор АН болон МАХН-МҮАН-ын "Шударга ёс" эвслийн хооронд тохиролцоо арай хийгдэж амжаагүй. Үүнийг эвслийн бүлгийн дэд дарга З.Баянсэлэнгэ ч хэвлэлийнхэнд батлаж байна. "Засгийн газар, сайд нарын асуудлаас илүү Өршөөлийн хуулийг ээлжит бус чуулганаар батлуулах нь чухал. Эвслийн бүлгээс засагт хэдэн суудал авах талаар тохироогүй, АН-ын зүгээс тодорхой саналууд тавих байх" хэмээн тэрээр хэвлэлд мэдээлжээ.
Эх сурвалжийн мэдээллээр АН-ынхан "Шударга ёс" эвсэлд хоёр сайдын суудлыг, тодруулбал Шадар сайд болон Барилга хот байгуулалтын сайдыг өгөх хувилбар дээр ярилцаж байгаа гэнэ. Тэгтэл ИЗНН-аа яаж барих вэ, бас бие даагчдаа ч гэсэн өөрийн талд татах хэрэгтэй, үүнийг хэрхэн яаж шийдэх вэ гэхчилэн шийдвэр гаргахад амаргүй байгаа аж.
Тэгэхээр "Шударга ёс" эвсэлд хоёр юмуу нэг сайд оногдлоо гэхэд яамны сайдаар хэнийгээ тавих нь тэдний хэрэг, харин хоёр квот ирсэн нөхцөлд МҮАН-д нэг суудлаа өгөх үү үгүй юу гэдэг нь л сонин аж. Шадар сайдын суудлыг намын даргын хүүд өгнө гэсэн мессеж гадуур хангалттай явж байгаа, үүнийг нь МАН-ын зүгээс бас МАХН дотроос санаатай нисгэж байгаа бор шувуу гэх нь ч бий. Тэгвэл пиар мөн ч бай үгүй ч бай, Э.Батшугарын нэр Шадар сайдад яригдаж байгаа нь үнэн юм.
Чухамдаа Ч.Улаан буурь зааж энэ суудалд очих уу, Э.Батшугар аавынхаа нэрээр Шадар сайд болох уу гэдэг нь л МАХН-ын удирдлагуудын дунд яригдаж байгаа асуудал аж.
Мөн Д.Тэрбишдагвын нэр Шадар сайдын суудалд яригдаж байгаа ч жил гаруйн өмнө энэ албыг хашиж байсан, нөгөө квот болох Барилга хот байгуулалтын сайдыг харин илт сонирхож байгааг эх сурвалжууд дамжуулсан юм.
Ардчилсан нам үлдсэн суудлаа хэндээ өгөх нь нэг их сонин биш. Харин Шадар сайдаар Э.Батшугар очих уу, Ч.Улаан очих уу, Барилга хот байгуулалтын яам ТБД-гийн яам болох уу, МҮАН-д сайдын суудал оногдох уу, үгүй бол энэ эвслийн цаашдын хувь заяа яах бол гэдэг нь хүмүүст илүү сонин байгаа юм.
С.Дулам
3,470.29
СЭТГЭГДЭЛ БИЧИХ