Улс төр, улс төр, бас дахин улс төр

Ерөнхий сайд Ч.Сайханбилэг ажлаа авахдаа "Эдийн засаг, эдийн засаг бас дахин эдийн засаг" хэмээн гоё үг хэлж билээ. Тэгвэл энэ үг өдгөө мартагджээ. Юун эдийн засаг, улс төр, улс төр, бас дахин улс төр хэмээн намууд ард түмнээ мартжээ.

Долларын ханш 2000-д хүрэхэд арваадхан төгрөг дутуу боллоо, эдийн засаг сэргэх нь бүү хэл улам дордож дагаад ард түмний амьдрал элгээрээ хэвтэж байна. Намрын их ажлууд хаяанд ирээд байхад Засгийн газар нь дутуу буудуулсан амьтан шиг ямар ч чадамжгүй хэвээр. Төрийн дээр нам гарсаныг баталж байгаа мэт намууд төрийн ажлыг умартан сандал ширээний төлөө нэгийгээ үзсээр.

УИХ-ын ээлжит бус чуулган хуралдаад Засгийн газраас МАН-ыг гаргасан мөртөө орны нөхдийг нь томилж чадалгүй дууслаа. Өршөөлийн хуулийг батлах гэж л хамаг хугацаагаа зарцуулав. Тиймээс энэ долоо хоногт дахин ээлжит бус чуулган зарлан хуралдуулж мэдэх. Дахин хуралдаад сайд нараа томилчихлоо гэхэд Ерөнхийлөгчийн зүгээс Өршөөлийн хуулинд хориг тавих нь нэгэнт тодорхой болсон.

Тэр үед МАХН-ын зүгээс дахиад л АН-д нээнтэг тавьж, тушаа болно. Ер нь АН бол бушуухан сайд нараа томилж Засгийн газраа ядаж ажилд нь жигдрүүлчих санаатай л яваа байх. Харин МАН-ын оронд олдсон МАХН энэ боломжийг яаж алдах вэ, Өршөөлийн хуулийг батлахыг хүлээж сайд нарын асуудал дээр буруу хараад суучихсан байсан.

Тэгвэл Өршөөлийн хууль хэвлэгдэж ч амжаагүй байхад Н.Энхбаяр дарга нь баяр хөөр болон Улаанбаатарт буусан. Одоо тэгвэл МАХН-чууд Ерөнхийлөгчийн хориг дээр ч хүч түрэн Өршөөлийн хуулиа гарга аль эсхүл гээд буруу хараад хэвтчих нь тодорхой. МАХН-д бол Н.Энхбаяр даргын асуудал чухал болохоос ард түмний асуудал огтхон ч падгүй гэдгээ энэ чуулганы хугацаанд хангалттай харуулж байгаа хүмүүс.

Яахын аргагүй ийм түвэгтэй хамтрагчтай болж орхисон З.Энхболд тэргүүтэй АН-ынхан Засгаас хөөсөн МАН-д эргээд элгэндээ тавиулахгүйн тулд ёстой л буруу харж уйлж зөв харж инээж ардчилсан ерөнхийлөгчтэйгөө тэрсэлдэн байж Өршөөлийн хуулийг баталсан билээ. Авлигын эсрэг тэмцэнэ гэдгээ эрт үед зарлачихсан, түүнийх нь ч төлөө сонгосон Ерөнхийлөгчөө ард түмэн дэмжиж байгааг бид өнгөрсөн өдрүүдэд харлаа. Буруу гарын нөхдийг төрийн бодлого барьдаг гэрийн босгоны шороонд ч ойртуулахгүй байж чадна гэдэгт ард түмэн Ерөнхийлөгчдөө итгэж байгаа. Харин эсрэгээр нь намууд, УИХ ямар муу муухай болж ард түмэнд харагдаж байгааг улстөрчид нэг ухаармаар.

Намуудад яажшуухан хамтарч, зохицож ирэх сонгуулийг угтах вэ гэдэг бодол л тархи толгойд нь орохоос улс орны амьдрал хүндэрч, эдийн засаг улам сульдаж байгаад огтхон ч санаа зовохгүй байх шиг.

Н.Умард

СЭТГЭГДЭЛ БИЧИХ