Сайдын суудлаа тэнцүү хувааж авахаар тохирчээ

Өчигдөр үдээс хойш Төрийн ордонд Ардчилсан намын бүлэг хуралдаж Засгийн газрын гишүүдийн сул суудалд хэнийг суулгах тухай асуудлыг хэлэлцсэн. Бүлгийн хуралдаанаар сайдад нэр дэвшүүлсэн хүмүүсийг дэмжээгүй тул ерөнхий сайд Ч.Сайханбилэг болон намын дарга З.Энхболд нар дахин өөр нэрс санал болгон хуралд оруулж ирэхээр болжээ. Бүлгийн гишүүд аливаа дуулиан шуугианд холбогдоод байдаггүй, сенсаци тарьж, нэр нүүрээ баастаад байхааргүй хүмүүсийг сайд болгох ёстой гэсэн санал дээр нэгдсэн гэнэ.
Мөн энэ үеэр Ардчилсан намын даргын өрөөнд Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, АН-ын дарга З.Энхболд, МАХН-ын дарга Н.Энхбаяр нар удтал уулзалдсаны эцэст зургаан сайдын суудлыг тэнцүү хувааж авахаар тохирсон тухай мэдээлэл төрийн ордноос гадагшилж эхэлсэн юм. Тодруулбал АН Сангийн сайд, Зам тээврийн сайд, Хөдөлмөрийн сайдыг томилох бол, “Шударга ёс” эвсэл Шадар сайд, Барилга хот байгуулалтын сайд, Байгаль орчин ногоон хөгжил, аялал жуучлалын сайдыг тус тус томилно гэсэн тохиролцоонд хүрсэн гэнэ. Тохиролцоо хийгдсэнийг нотлох мэт "Шударга ёс" эвсэл ч бүлгийн хуралдаан хийж сайд нарынхаа нэрсийг хэлэлцсэн байна.
Ямартай ч сайдын суудлыг хэрхэн хувааж авахаа тохиролцсон тул одоо сайд нарынхаа нэрсийг баталчихвал Засаг бүрэн бүрэлдэхүүнээрээ ажиллаад явах боломж нээгдэж байгаа юм.
УИХ-ын дарга З.Энхболд Нью-Йорк хотноо болох Дэлхийн парламентын спикерүүдийн дөрөвдүгээр уулзалтад оролцохоор АНУ-ыг зорихоор болсон. Тиймээс намын даргаа гадаадад айлчлал хийхээс өмнө ийнхүү сайд нарын асуудлыг шийдэхээр АН яаравчилж байна хэмээн эх сурвалжууд мэдээлж байлаа.
3,470.29
СЭТГЭГДЭЛ БИЧИХ