"Шударга ёс" эвслийн зөв сонголт хэн бэ?

Өнгөрсөн долоо хоногт АН-ын дарга З.Энхболдын өрөөнд Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, МАХН-ын дарга Н.Энхбаяр нар хоёр ч удаа уулзалт хийж МАН-ын огцорсон зургаан сайдын суудлыг гурав, гурваар нь хувааж авах тохиролцоонд хүрсэн тухай хэвлэлүүд мэдээлсэн.

Тодруулбал, Ардчилсан намаас Сангийн сайд, Зам тээврийн сайд, Хөдөлмөрийн сайдыг томилох бол, “Шударга ёс” эвсэл Шадар сайд, Барилга хот байгуулалтын сайд, Байгаль орчин ногоон хөгжил, аялал жуучлалын сайдад тус тус хүнээ дэвшүүлнэ гэж тохиролцжээ. Ийнхүү ерөнхий шийдэлд хүрсний дараа АН-ын бүлэг, “Шударга ёс” эвсэл тус тусдаа хаалттай хуралдаж, сайдад нэр дэвшигчдийнхээ талаар ярилцсан байна. АН-ын бүлэг одоог хүртэл шийдэлд хүрч чадаагүй байгаа бол "Шударга ёс" эвсэл дотроо бараг тохиролцоонд хүрсэн гэнэ. Тэд бол Х.Батцэрэг, Ц.Оюунбаатар, З.Баянсэлэнгэ гурав бөгөөд сайд болох нь тодорхой, зөвхөн аль яаманд гэдгийг л гүйцэд тохирч амжаагүй гэх.

Өмнө нь энэ суудалд сууж байсан, ажлын туршлагатай Д.Тэрбишдагва, Н.Энхбаярын хүү Э.Батшугар нарын нэр Шадар сайдад гарч байсан. Гэсэн хэдий ч нэг үеэ бодвол улс төрийн нэр хүндээ харьцангуй бодох болж, ямар тоглолт хийхээс нь шалтгаалж их зүйл өөрчлөгддөг болоод байгаа гэдгээ бодолцож МАХН-ын удирдлагууд энэ суудалд хэнийгээ тавих талаар нэлээн нухацтай ярилцсан аж.

Үүний үндсэн дээр Шадар сайдад МАХН-ын зүгээс Ц.Оюунбаатар гишүүнийг түлхүү ярьж байгаа аж. Мөн эвслийн эв нэгдлээ хадгалахын тулд МҮАН-ын Х.Батцэрэгийг ч Шадар сайдад зүтгүүлэх магадлалтай гэнэ.

Энэ хоёр улстөрч бол мэдээж хэрэг бусад намуудын зүгээс явуулж байгаа сөрөг пиарт өртөж З.Баянсэлэнгэ, Э.Батшугар, Д.Тэрбишдагва нар шиг муучлагдаад байх хүмүүс биш тул ийнхүү сонгосон байна.

З.Баянсэлэнгийн хувьд бол Л.Цог УИХ-ын дэд дарга, Ц.Цолмон Батлах хамгаалахын сайд, О.Баасанхүү байнгын хорооны дарга учир яах аргагүй нэр нь тунаад байгаа аж. Д.Тэрбишдагва, Ч.Улаан нар өмнө нь засагт багтаж сайдын алба хашсан тул энэ удаад дахин томилохоос түдгэлзэж УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгэ үлдээд байгаа нь энэ.

Түүний хувьд эмэгтэй сайдууд авч явдаг байсан БОНХ-ийн яаманд очих нь тодорхой болж байгаа тул дээр дурдсан Х.Батцэрэг, Ц.Оюунбаатар нар Шадар сайд, Барилга хот байгуулалтын сайд дээр тунаж байгаа.

Ц.Оюунбаатарын хувьд мэдээж энэ парламентад хуруу дарам цөөн туршлагатай хуульчдын нэг. Харьцангуй нэр ч цэвэр. Тиймээс МАХН-ын зүгээс олон нийтэд таалагдахаа бодож Ц.Оюунбаатараа зүтгүүлж байгаа бололтой.

Хуульч хүн учир хууль эрх зүйн зохицуулалт дутаж байсгээд л хөдөлмөрийн аюулгүй байдлын дүрэм журам зөрчигдөж осол эндэгдэл гарч байдаг Барилга хот байгуулалтын салбарт очвол илүү хэрэгтэй, нүдээ олсон сонголт гэх нэгэн ч байх. Доторх эвслээ задлахгүйн тулд Х.Батцэрэгийг алгасаж болохгүй гэх санал ч хүчтэй байгаа гэх ч Шадар сайдын суудлаа эвслээ толгойлж буй МАХН авах нь дамжиггүй болов уу. Тэгээд ч МҮАН-ын даргад Монгол Улсын сайд гэх бялууг МАХН-ын зүгээс өгүүлж чадсан юм.

Гэх мэтчилэн Ц.Оюунбаатар, Х.Батцэрэг нарын нэрсийг аль салбарт өгөхөө шийдэх явдал "Шударга ёс" эвсэлд үлдээд байна гэж харж болно.

Н.Умард

СЭТГЭГДЭЛ БИЧИХ