Хуулиа дагаж намаа бодсон нь өлзийтэй

Уржигдар Засгийн газраас мэдэгдэл хийж ирэх аравдугаар сар, намрын чуулганыг хүртэл сайд нарын нэрсийг өргөн барихгүй ажлаа хэвийн явуулах болно гэдгээ олон нийтэд зарласан.
Ингэснээр МАН-ын огцорсон сайд нарын суудалд хэн нь суух вэ гэсэн цусгүй тулаан, Өршөөлийн хуулийн дуулиан намжсангүй.
Өчигдөр УИХ-ын дарга З.Энхболд Ерөнхий сайд Ч.Сайханбилэгт засгийн газрынхаа зургаан сайдын нэрийг ирэх сарын 06-ны дотор оруулж ир хэмээсэн албан тоот хүргүүлэв.
З.Энхболдын хувьд намынхаа нэрийг ч давхар бодолцож байгаа нь лавтай. Асуудал намрын чуулган хүртэл сунжирч хэт удааширвал давхар давхар олон эрсдэл дагуулна гэдгийг хашир улстөрч юу эс андах вэ. Ингээд ерөнхий сайдыг шахамдуулав.
Энэ үеэр "Шударга ёс" эвслээс Х.Батцэрэг гишүүн "Ардчилсан намынхан л будаан дээрээ зодоонтой байна, манайхан бол сайдын суудал суулгах хүмүүсээ хэзээний тохирсон" гэх утгатай мэдээлэл хийв.
Залгуулаад О.Баасанхүү "Ер нь сайд нараа өргөн барих чадамжгүй ерөнхий сайдаар яах юм, өөрөө огцорвол таарна" гэх нь тэр.
Ингээд үнэн хэрэгтээ МАХН-аас л болж Өршөөлийн хуулийг батлуулж байна хэмээн хэсэг шүүмжлэлийн байг хамтдаа хуваалцаж асан цаг өнгөрч бүх буруу АН-ын нуруун дээр үлдлээ. УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг, Г.Батхүү нараас болж Засгийн асуудал дээр АН-ынхан тохирч чадахгүй байна хэмээн хэвлэлээр шуугисаар байгаа.
Гуравхан сайдыг аргалаад гаргачихаж чадахгүй нам яаж гурван сая хүнийг хүн шиг амьдруулах юм бэ гэсэн хэлц үг хүртэл энэ хугацаанд гарав.
Одоо Ардчилсан нам нэр, нүүрээ бодох цаг ирсэн. Тийм ч учраас намын дарга, юмны эзэн сумны занги З.Энхболд бушуухан тохиролцоё, сайд нараа томилоё хэмээн Ерөнхий сайдыг шавдуулж байна.
Үнэхээр Засгийн газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 2-т, "Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүн хуульд заасан үндэслэлээр албан тушаалаас огцорсон, чөлөөлөгдсөн, түүнчлэн нас нөгчсөн тохиолдолд түүний бүрэн эрх хугацаанаас өмнө дуусгавар болно.
Ийнхүү Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүн орон гарсан тохиолдолд Улсын Их Хурал 30 хоногийн дотор түүнийг нөхөн томилно. Нөхөн томилогдсон гишүүний бүрэн эрхийн хугацаа нь тухайн Засгийн газрын бүрэн эрхийн үлдсэн хугацаатай адил байна” гэж заасан байгаа юм.
Тэгэхээр Ч.Сайханбилэгийн засгийн газар хууль зөрчөөд ажил, амьдрал асуудалгүй сайхан байна аа гээд яваад байж боломгүй санагдана. Олон нийт ч ийм бодолтой байгааг нийгмийн сүлжээгээр ороод л харчихаж болно.
Тэгээд ч ганц нэг сайдын суудалд суух гэсэн амбиц нь дэндсэн нөхдөөс болж дор хаяж намынхаа нэр хүндийг, цаашлаад улс орныхоо амьдралыг золиослоно гэдэг ерөнхий сайд хүний хувьд даанч өлзийгүй явдал.
Цаана чинь цэцэрлэгийн хүрэлцээгүйгээс болж ардын хүүхдийг азын сугалаанд хамруулж, эцэг эхчүүд бослого гаргахаас наахнуур, их дээд сургуулийн төлбөр тэнгэрт хадаж оюутнууд жагсаал тэмцэлдээ тулаад байна. Намрын их ажил хамарт тулсан цагаар албан тушаалын хэрүүл цагаа оломгүй амиа хорлолт баймаар.
Одоо л Ардчилсан нам жийлцсэн хөлөө салгаж авахгүй бол цаг хугацаа өнгөрөх тусам өрсөлдөгчдийнхөө хөнгөн зууш болж хувирна гэдгийг сайдын суудал харж өнөө маргаашаа мартан тэмүүлсэн улстөрчид гадарладаггүй л юм байх даа.
С.Дулам
3,470.29
СЭТГЭГДЭЛ БИЧИХ