Машинтай ч, дугуйтай ч Монгол болъё

Ийм хөдөлгөөн өнөөдрөөс эхэлж байна гэхэд хилсдэхгүй. Гэхдээ дугуй уг нь тийм ч шинэ юм биш. Их зохиолч Д.Нацагдоржийн бүтээлд гардаг тэр л үеэс манайд нэвтэрч, дөч, тавиад онд ихэд дэлгэрээд, наяад оноос суларсаар, ерэн оноос бараг үзэгдэхээ больсон билээ. Хоёр зууны зааг дээрээс гэнэт хүчээ авч, спортын чиглэлээр хөгжсөн түүхтэй.
Дугуйн спортын Гавьяат тамирчин Өлзий-Орших түүний гэрч гэхэд болно. Тэгвэл өнөөдөр уулын дугуйн өсвөр үе болон залуучуудын улсын аварга шалгаруулах тэмцээн Яармагт нээлтээ хийв. Хуйсгануур салхитай ч дугуйчдад нэн тохиромжтой өдөр бололтой. Цугларагсад ихэд хөгжөөнтэй харагдав. УИХ-ын гишүүн, Монголын дугуйн холбооны ерөнхийлөгч Ж.Батзандан тэмцээн нээлээ.
Тэрбээр, “Манай шилдэг арван багийн шигшмэл 88 өсвөр болон залуу тамирчин өнөөдөр хурд, хүч, тэвчээрээ сорих гэж байна. Тэд насны хоёр ангилалд өрсөлдөх юм. Бид дугуйн спортоор бүс нутагтаа чамлалтгүй амжилт гаргасан. Энэтхэгт болсон Азийн аваргаас ОУХМ н.Энхжаргал алтан медаль хүртсэн нь түүний нотолгоо билээ.
Дугуй бол тэвчээр шалгасан спорт. Ийм спортод бид амжилт гаргах үндэстэй. Тиймээс онцгой анхаарах болно. Гэхдээ зөвхөн спорт талаас нь бус нийтийн болгоход чиглүүлэх нь зүйн хэрэг. Манайд уламжлал байсан юм. Түүнийг сэргээх хэрэгтэй. МДХ-ыхон бид, ССАЖЯ, Биеийн тамир спортын хорооны удирдлагуудтай өчигдөр уулзлаа.
Хот суурин, бүх аймгийн төвд явган хүний болон дугуйн замын сүлжээ бий болгохоор тохирлоо. Улаанбаатарын төв цэгээс тэдэнд шууд хүрнэ гэсэн үг. Унадаг дугуйгаар очих газраа очих юм. Эхний ээлжид Улаанбаатар-Дархан- Эрдэнэтийн сүлжээг нээнэ. Дараа нь бүгдийг нь холбоно. Зардлыг нь төсөвт суулгасан учраас хэрэгжүүлэхэд санаа зоволтгүй. Туул, Сэлбийн дагуу ч ийм зам тавина. “Дугуйтай Монгол” хөдөлгөөн өрнүүлнэ.
Эндээс эхэлж байна. Бид хангалттай машинтай болсон. Одоо “Машинтай ч дугуйтай ч Монгол” болъё гэв. Дугуйтай хэзээ, хэрхэн холбогдсоныг нь эрхэм гишүүнээс сонирхлоо. “Намайг арав гаруйхан настай байхад ээж минь дугуй авч өгснөөс өнөөг хүртэл миний амьдрал дугуйтай холбоотой явна даа. Магадгүй, ээжийн минь надад өгсөн хамгийн том бэлэг тэр байх. Хүүхэд болгон, хүн бүр дугуйтай болъё гэж уриалмаар байна гэлээ. Тамирчид тоос босгон, салхи татуулан гараанаасаа гарав.


Г.Мөнхнасан
СЭТГЭГДЭЛ БИЧИХ