Засгийн хагархай арилах нь уу

Өнөөдөр УИХ-ын ээлжит бус чуулган хийнэ. Чуулганаар Өршөөлийн хуулийн зарим зүйл заалтад Ерөнхийлөгчийн зүгээс тавигдсан хориг болон Засгийн газрын сайд нарыг томилох асуудлыг хэлэлцэнэ.

Тэнгэрийн муухай арилдаг гэдэг, харин Засгийн хагархай арилах нь уу үгүй юу.

Засгаас хөөгдсөн зургаан сайдын орны хүнийг тодруулах гэж АН, МАХН мөн ч хөгөө дэлгэлээ дээ. МАХН-ын Н.Энхбаяр дарга нь өөрөө ирж УИХ-ын дарга, Ерөнхий сайдын төрийн ордон дахь ажлын өрөөнд тухлан байж ёстой тултал буюу гурван квот сугалж чадсан ба чамгүй хэлэлцсэний эцэст Шударга ёс" эвсэл гурван нэр дэвшигчээ тохирч чадсан.

Тохирохдоо боловсон хүчний нөөцтэй гэдгээ харуулж бас ч гэж нэр цэвэр Ц.Оюунбаатар гишүүнийг Шадар сайдад зүтгүүлж байгаа нь цагаа тулбал МАХН нэрээ бодож чаддаг гэдгээ харуулж байна.

Харин АН-ын хувьд ёстой л хөгөө хөлдөө чирж, хямралд нухлуулсан ард түмнийхээ итгэлийг хангалттай алдсаныхаа эцэст нэг юм сайд нарынхаа нэрсийг тодруулж Ерөнхий сайд нь УИХ-д өргөн барих нь тэр. Бүр аравдугаар сар хүртэл хойшлуулчихаад байсныг яана.

Уг нь Ч.Сайханбилэг эдийн засгаа дээрдүүлэх гэж чамгүй л ноцолдсон. Даанч хууль сөхөж уншдаггүй зөвлөхүүдийнхээ харгайгаар хоёр дахь удаагаа УИХ-ын даргад цэвэр тавиулав. Хуулиар зохицуулаад өгчихсөн асуудлыг одоо яалтай билээ, аравдугаар сар хүртэл Засгийн газар энэ хэвээрээ ажиллачихна гэж том дуугарсан ам руугаа алгадуулж сайд нарын нэрсийг өргөн барив.

Г.Батхүү, Л.Эрдэнэчимэг гэж ёстой л үйлийг нь үзэж байж эцэст нь овоо дөнгүүр гурван сайдаа гаргав. М.Зоригт бас ч гэж инженер хүн. Прага хотын Техникийн их Сургууль, Шинжлэх ухаан, технологийн их сургуулийг инженер, эдийн засагч мэргэжлээр тус, тус төгссөн. Зам тээврийн яам МоАХ фракцаас салшгүй гэдгээ энэ удаа ч баталлаа.

Харин Б.Болорын хувьд МҮДН фракцийнх, Сангийн сайдад зүтгүүлж буй. 2008-2011 онд Гадаад хэргийн дэд сайдаар ажиллаж байхдаа Үндэсний аюулгүй байдлын ажлын албаны дарга Б.Хурц/одоо Тагнуулын ерөнхий газрын дарга/-ыг Германаас суллуулах ажлыг гардаж хийсэн юм. Хэлнийх нь мэдлэгийг ашиглаж, АН хамгийн залуу боловсон хүчнээ дээрх албанд сойсон нь ийн алдаагүй юм. Харин одоо зэрэг нэмж, Сангийн сайдад нэр дэвшлээ. Англи, орос, франц хэлтэй тэрээр 1997 онд Бельгийн вант услын Европын их сургуулийг эдийн засагч мэргэжлээр төгссөн байна. Нэг үгээр хэлбэл, Ерөнхий сайд мэргэжлийг нь дагуулаад Сангийн сайдад нэр дэвшүүлсэн бололтой.

Харин Г.Баярсайхан гишүүний хувьд эхнээсээ л Хөдөлмөрийн сайдын суудалд гологдож, солигдоогүй айдгаа аврандаа хийсэн нэгэн. Анагаахыг хүний их эмч мэргэжлээр төгссөн тэрээр парламентад хоёр дахь удаагаа сонгогдохдоо УИХ-ын Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хороог хоёр ч удаа удирдаж байсан. Одоо мэргэжлийн дагуу биш ч бас л хүний төлөө, ажилгүйдэлтэй тэмцэх албанд тохоогдож байгаа нь энэ.

Сайдад нэр дэвшигчдийг УИХ дэмжвэл маргаашнаас хэтрэхгүй тамгаа гардана. Гол нь тэд МАН-ын бүлэгт гологдохгүй байх нь чухал, эс чадвал бүрэн эрхийнхээ хүрээнд цөөнхийн бүлэг завсарлага авч, томилгоог тав хоногоор ухраах эрх бас бий.

Мөн энд бас нэг зүйлийг дурдалгүй орхиж болохгүй. Сайдад нэр дэвшигчид бүгд "давхар дээл"-тэй учир Ерөнхийлөгчийн зүгээс дэмжлэг хүлээхгүй нь тодорхой болсон. Ерөнхийлөгчийн зүгээс Ерөнхий сайдад хандан "Давхар дээлтэй сайд нарыг чинь дэмжихгүй ээ, өөр хүмүүс санал болго" гэсэн утгатай албан тоотыг илгээчихсэн. Угаас Өршөөлийн хуультай холбоотойгоор Ерөнхийлөгч ширүүн байгаа. Намар оройн цаг тулсан гээд ч Ерөнхийлөгч байр сууринаасаа ухрахгүй нь мэдээж.

Ээлжит бус чуулганаар хэлэлцэх гол асуудал бол мэдээж хэрэг Өршөөлийн хуулийн тодорхой зүйл, заалтууд. Тодруулж хэлбэл албан тушаалтны холбогдсон аливаа авлига, хээл хахуулийн хэргүүдийг өршөөх эсэх асуудал. Сайд нарыг томилох асуудалтай цаагуураа амин судлаар холбогдчихоод байгаа энэ хуулийг хэрхэх эсэх нь сонирхолтой. Мэдээж хэрэг МАН-ын бүлэг энэ хоригийг хүлээж авна гэдгээ дуртайяа зарлачихсан.

ИЗНН ч байр сууриа тодорхой болгосон. АН-ын бүлгээс ч цөөнгүй гишүүд хоригийг дэмжиж байгаагаа илэрхийлсэн. Хоригийг хүлээн авахаар болчихвол МАХН-ын зүгээс ямар алхам хийх нь бас л сонирхолтой. Ийнхүү намрын халуун өдрүүдээр эхэлсэн Өршөөлийн хууль, сайд нарын асуудал тэргүүтэн хөхүүрийн ам цаашилсан үед оргилдоо тулж үргэлжилж байна.

С.Жанцан

СЭТГЭГДЭЛ БИЧИХ