Үзтэл илт болов...

Өршөөлийн тухай хуульд хэсэгчилж тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг УИХ хүлээн авах нь үзтэл илт болов. Өнөөдөр нам, эвслийн бүлгийн хуралдаанууд Төрийн ордонд явагдаж, маргааш гэхэд Байнгын хороо, нэгдсэн чуулганаар орж хориг тавигдах нь тодорхой болно.
Дүрэм журмаараа ч МАХН-МҮАН-ын "Шударга ёс" эвслийн авсан тав хоногийн завсарлага дуусаж байгаа юм. Хориг тавигдахад хэн хамгийн дургүй байгааг олон нийт тодорхой харсан. Өнгөрсөн долоо хоногт Засгийн газрын гишүүдийг томилохын өмнөхөн болсон Байнгын хорооны хурал дээр З.Баянсэлэнгэ гишүүн улс төрд ногоон гэрлээр явдаг хүн ийм байх ёстой гэж бодсон уу таарсан болгоноо толгой түрүүгүй загнасаар бухимдлаа илэрхийлсэн.
Мэдээж хэрэг энэ бухимдал бол Н.Энхбаярынх гэж ойлгож ч болохоор байв.
Хэрэг явдал яагаад үзтэл илт болсныг бяцхан тайлбарлая. Өршөөлийн хуулийг Ерөнхийлөгч хүчтэй эсэргүүцсэний дараа УИХ-ын зарим гишүүд тухайлбал АН-ын гишүүд хориг тавибал хүлээн авах хэрэгтэй гэдэг талд байр сууриа илэрхийлсэн. Ингээд ерөнхийлөгч ч хоригоо тавьж, олон нийтийн зүгээс асар их дэмжлэг хүлээсэн тул (ирээдүйн карьерээ бодсон ямар ч улстөрч авлигачидтай хамт нэрээ дуудуулахгүйг л хүсээгүй бол) МАН бүлгээрээ энэ хоригийг хүлээж авахаа илэрхийлсэн, АН-ын бүлгийн дарга Б.Гарамгайбаатар ч "Хоригийн асуудлыг хүлээж авах эсэх асуудлаар АН-ын гишүүд нухацтай ярилцсаны дүнд хүлээж авах нь зүйтэй гэж үзлээ" хэмээн мэдэгдээд авсан.
ИЗНН болон бие даагч нар ч эхнээсээ энэ хоригийг дэмжинэ гэдгээ хэлчихсэн.
Тиймээс АН, МАН, ИЗНН, биe даагч гишүүд Ерөнхийлөгчийн хоригийг дэмжсэн үед Н.Энхбаярын цэргүүд маргааш Байнгын хороо, нэгдсэн чуулган дээр яаж ч цамнаад даргынх нь улстөрд үйл ажиллагаа явуулах эрх хаалттай хэвээр үлдэхээр болно.
Харин ийм нөхцөл байдал үүссэний дараа "Шударга ёс" эвсэл яаж загнах нь сонин. Энэ парламент 2012 онд бүрдсэнээс хойш Н.Энхбаяр гэдэг хувь хүний ашиг сонирхлын төлөө "Шударга ёс" эвсэл олон ч удаа завсарлага авч, чуулганы үйл ажиллагаанд тээглэн, төрийн аппаратурыг гацаасан даа.
Харин одоо МАН-ыг хөөж гаргаад оронд нь тухалж авчихаад зургаан сайдтай болсон "Шударга ёс" эвсэл Өршөөлийн хуулиас болоод төрийг гацаая гэвэл тэрэн шиг амархан юм алга байна даа.
Хүйтний ам наашилж, хөхүүрийн ам цаашлах нь бүү хэл эдийн хямралд нуруугаа авахуулсан ард түмэн элгээрээ хэвтсэн ч Н.Энхбаяр ямар тоох биш дээ. Тэгэхээр Засгийн хагархай нэг ариллаа гэж барялах ч бас хол байгаа бололтой. Өршөөлийн хуулиас үүдэлтэй, авлига албан тушаалын хэрэгт орооцолдсон эрхмүүд төрөөр самарч тоглохоос ч буцахгүй хүлээж сууна.
С.Дулам
3,470.29
СЭТГЭГДЭЛ БИЧИХ