Ерөнхийлөгч ялалт байгуулав

УИХ-ын ээлжит бус чуулганы хуралдаанаар Өршөөлийн хуульд тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцээд олонхийн саналаар хүлээж авлаа. Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4.1 дэх заалтад тавьсан хоригийг хүлээн авъя гэсэн саналаар санал хураахад гишүүдийн 81.1 хувь буюу 59 гишүүнээс 48 нь зөвшөөрсөн юм.

Мөн хуулийн долдугаар зүйлд тавьсан хоригийг хүлээн авах нь зүйтэй гэсэн саналын томъёоллоор санал хураалгахад хуралдаанд оролцсон 59 гишүүнээс 49 нь зөвшөөрч 83.1 хувийн саналаар дэмжлээ. Тогтоолыг гишүүдийн 83.1 хувийн саналаар баталлаа. Ингэснээр Өршөөлийн хуульд авлига, албан тушаалын гэмт хэрэг, мөн хууль бусаар хөрөнгөжсөн хэрэг, залилангийн хэргийг хамруулахгүй болж байна.

Төр төмөр нүүртэй гэдэг. Амьдралдаа алдаа хийж, төрийн төмөр нүүр, нударгыг амталсан олон мянган хүнийг төр нь эргээд иргэнээ болгож, эрх чөлөө бэлэглэх нь ардчилсан нийгэмтэй ямар ч улсад байх үзэгдэл. Тэгээд ч "шоронжсон" хэмээх нэр хоч арилах, наад зах нь улсын төсвөөс гарч байдаг олон зуун сая төгрөгийн зардал хэмнэгдэх сайн талтай.

Харин үүний сүүдэрт авлига, албан тушаалын гэмт хэрэг, хууль бусаар хөрөнгөжсөн, залилан үйлдсэн гэмт хэргийн эзэд ял завших боломж бүрдээд байсан гэж болно. Тиймээс Монгол Улсын Ерөнхийлөгч өөрийн бүрэн эрхийн хүрээнд энэ хуулийн 4.1 дэх заалт, долдугаар зүйлд хориг тавьсан юм.

Өнөөдрийн хуралдаанаар энэхүү хориг хэлэлцэж дэмжсэнээр Монголын төр авлигатай тэмцэхээс ухарсан гэх нэр хоч авахаас аврагдлаа гэж хэлж болно. Авлигын хэрэг үйлдсэн хэрэгтнүүд төрийн өршөөлөөр суллагдана гэдэг нь энэ хэрэг цаашид улам цэцэглэж, аавынд суусан ч ингээд гардаг юм байна гэсэн буруу ойлголтыг хар гартнуудад өгөх юм. Ингээд ирэхээр авлига улам цэцэглэж тэр чинээгээрээ урагшилж байсан индексдээ Монгол Улс ухрах нь тодорхой байсан. Дээрээс нь АТГ-ын сүүлийн зургаан жилийн хөдөлмөр ямар ч үнэ цэнэгүй болж, энэ байгууллага хоосон мануухай болж хувирлаа гэсэн нийгмийн идэвхтнүүдийн үг ч батлагдах байв.

Мөн үүний зэрэгцээ энэхүү хуультай холбоотой нийгэмд хүчтэй яригдаж байгаа сэдэв бол МАХН-ын дарга Н.Энхбаярт зориулагдсан хууль хэмээн олон нийт, хэвлэлүүд бичиж, жиргэж байгаа. Магадгүй улсын хөрөнгө мөнгө завшсан, идэж уусан хэрэгт холбогдсон хүмүүсийн дунд Н.Энхбаяр бичигдэж таарах төдийгүй өнгөрсөн долоо хоногийн Байнгын хорооны хуралдаанд МАХН-ын тодотголтой гишүүд Ерөнхийлөгчийн хоригийг эрс эсэргүүцэн ихэд бухимдаж байсан нь үүний баталгаа болох бизээ.

Ямартай ч Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж УИХ-аас батлагдан гарсан хуулинд хориг тавьж парламентын тавцанд төдийгүй авлигаас ухарсан гэх нэр хоч зүүх гэж байсан Монгол төрийн нэр хүндийг аврах чамгүй тулааны талбарт ялалт байгуулж байна.

С.Дулам

СЭТГЭГДЭЛ БИЧИХ