Ж.Батзандангийн эргэх холбоо

УИХ-ын гишүүн Ж.Батзандан өнгөрсөн сарын 11-нээс эхлэн намрын чуулганы нээлт хүртэл сонгогдсон тойргоороо явж ард иргэдтэйгээ уулзан тэднийхээ санал хүсэлтийг сонсжээ.

Гэхдээ тэрээр зөвхөн энэ удаа л тойргоо зорьж байгаа хэрэг биш бөгөөд УИХ-д сонгогдсоноосоо хойш дөрвөн жилд нэг ч удаа сонгогчидтойгоо эргэж уулздаггүй алдуурсан мал мэт сураггүй болдог гишүүдтэй харьцуулахад газар тэнгэр шиг зөрүүтэй улстөрч аж.

Тойргоо зорьдог гишүүдийн тоо энэ парламентад хэд ч байгаа юм, тиймээс ч Ж.Батзандан гишүүндээ баянзүрхчүүд тун ам сайтай байдгийг захын хороонд очоод мэдэж болно гэнэ.

Ж.Батзандан ялангуяа улс орны амьдрал хүндэрч, засаглалын хямрал нүүрлэсэн үеүүдэд тойргоо эргэж төр засгийн шийдвэр, бодлого чиглэлийг хүргэх, эргээд ард түмнийхээ дуу хоолойг сонсож төрийн тодорхой байгууллагуудад нь уламжлах, асуудлыг нь шийдүүлэхийн төлөө явдаг байна.

Тухайлбал өнгөрсөн онд Н.Алтанхуягийн засгийн газар унах үед улстөрчид сандал ширээн, сайдын суудал хөөцөлдөж явахад Ж.Батзандан чуулганы танхимаас гадна тойрогтоо давхар ажиллаж байв.

Үүнийгээ ч уламжлал болгон эдийн засгийн чадавхи буурч, улс орны амьдрал хэцүүдсэн энэ цаг үед иргэдээ сонсож, төрийн байгууллагуудад хүргэн энэ ажлаа олон нийтэд тайлагнажээ.

Тэрээр есдүгээр сарын 11-нээс Баянзүрх, Налайх дүүрэгт ажиллаж эхлээд иргэдтэй уулзаж хороодод хийгдэж буй бүтээн байгуулалтын ажлуудаар санал солилцохын зэрэгцээ өөрийн ажлын тайлангаа тавьжээ. Тэрээр иргэдээс олон санал, санаачилга, өргөдөл, гомдол авч эрүүл мэнд, эмнэлэгтэй холбоотой иргэдээс ирүүлсэн саналуудыг багцлан салбарын сайдад нь уламжилж, тодорхой асуудлуудыг шийдэх амлалтыг Г.Шийлэгдамбаас авчээ.

Мөн Баянзүрх, Налайх дүүрэг дэх зам засварын хүсэлт, иргэдээс гарсан авто замын төлөвлөлттэй холбоотой саналуудыг уламжлах, гэрэлтүүлэг, хурд сааруулагч, замын тэмдэг, тэмдэглэгээний асуудлыг яаралтай шийдүүлэхээр Замын цагдаагийн газартай хамтран ажиллажээ. Үүний хүрээнд холбогдох мэргэжилтнүүдийг дуудан ирүүлж тойргийнхоо иргэдтэй уулзжээ.

Түүнчлэн нийтийн тээврийн зарим хуучин маршрутыг уртасгах, чиглэл нэмэх иргэдийн хүсэлтийг Нийслэлийн авто замын газарт хүлээлгэн өгч, шийдүүлэх хүсэлт хүргүүлж. Баянзүрх дүүргийн дөрвөн байршилд нийтийн тээврийн маршрут сунгах, чиглэл нэмэх хүсэлтийг Нийслэлийн авто замын газрын Зам ашиглалтын байцаагч О.Энхбаатарт, тус дүүргүүдийн нутаг дэвсгэрт есөн байрлалд хурд сааруулагч, найман хэсэгт гарц тэмдэглээг нэн яаралтай хийлгэх хүсэлтийг Замын цагдаагийн газрын Техник, замын хяналтын тасгийн дарга Б.Батзоригт тус тус хүлээлгэн өгчээ.

Цахим газар олголтод ахмадууд болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг мэдээллээр хангаж, бүрэн хамруулах талаар зохион байгуулалтын арга хэмжээ авах, мөн гэр хорооллын дахин төлөвлөлтийн асуудлаас болж иргэдийн эрх ашиг хөндөгдөж байгаа талаар зохицуулалтуудаа эргэж харахыг иргэд хүсчээ. Үүнийг нь гишүүн анхааралдаа авч, иргэдийн эрх ашгийг ханган, хамгаалж ажиллах талаар хотын дарга Э.Бат-Үүлд санал хүргүүлж.

Ер нь тойрогтоо ээлтэй, сонгогчидтойгоо эргэх холбоотой ажилладаг гишүүд аль аль намаас бий. Жишээ нь Баянгол дүүрэгт С.Эрдэнэ, С.Одонтуяа, Ховдын С.Бямбацогт, Хэнтийн Б.Бат-Эрдэнэ гээд тойрогтоо сонгогчдынхоо итгэлийг алдаагүй яваа гишүүд цөөнгүй бий.

Гэтэл зарим гишүүдийн хувьд юун тойргоо эргэх манатай, хэрхэн Ч.Сайханбилэгийн засгийн газрыг унагах, дараагийн ээлж хоолонд орох гэх мэтийн төрийн хямрал, завхралыг гааруулах хорыг найруулан завгүй сууна.

Төрийн ажил эзэнгүйдэж, ард түмэн хохирч байна уу гэдэгт санаа тавьж эргэж харах улстөрч цөөн байгаа энэ үед Баянзүрх, Налайхын сонгогчид эргэх холбоотой гишүүндээ талархаж байгаа нь дамжиггүй бизээ.

С.Дулам

СЭТГЭГДЭЛ БИЧИХ