Засгийн газрын хуралдаанаар дараах асуудлыг шийдвэрлэлээ

Өнөөдөр Засгийн газрын хуралдаанаар Орхон аймгийн Эрдэнэт хотоос Овоотын орд газар хүртэлх 581 километр төмөр замын суурь бүтэц барих тусгай зөвшөөрлийг “Нортерн рейлвейс” ХХК-д 5 жилийн хугацаатайгаар олгохоор шийдвэрлэлээ. Концесс хэрэгжүүлэхтэй холбогдуулан төмөр замын суурь бүтэц барих, ашиглах үйл ажиллагаанд хяналт тавих ажлыг зохион байгуулахыг Зам, тээврийн сайд М.Зоригтод даалгалаа.

Монгол Улсын баруун хойд бүс нутагт байрлах ашигт малтмалын орд газруудыг эдийн засгийн эргэлтэд оруулах, цаашид ОХУ-тай төмөр замаар холбогдох гарцыг нэмэгдүүлэх зорилгоор Эрдэнэт хотоос Арцсуурь боомт хүртэл 770 км урттай төмөр замын шинэ шугам барьж байгуулах асуудлыг УИХ-аар шийдвэрлүүлснээс эхний ээлжинд Эрдэнэт өртөөнөөс Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын нутагт орших Овоотын нүүрсний стратегийн ордын чиглэлд 581 км урттай төмөр замын шинэ шугамыг төр болон хувийн хэвшлийн түншлэлээр барих зорилгоор төрийн өмчийн концессийн зүйлийн жагсаалтад оруулсан юм.

Эрдэнэт-Овоот чиглэлийн төмөр замд 1 үндсэн өртөө, 8 зөрлөгтэй байхаар төлөвлөсөн бөгөөд тээх чадвар нь жилд 22.2 сая тонн, нэвтрүүлэх чадвар нь хоногт 16 хос галт тэрэг байхаар тооцоолж байна. “Нортерн рейлвейс” ХХК нь Эрдэнэт-Овоотын чиглэлийн төмөр замын төслийг 30 жилийн хугацаатай “зураг төсөл боловсруулах-барих-ашиглах-шилжүүлэх” нөхцөлтэйгөөр эзэмших бөгөөд концессийн хугацаа дуусмагц уг төмөр замын суурь бүтцийг зуун хувь төрийн өмчлөлд шилжүүлэх юм.

Эрдэнэт-Овоот чиглэлийн төмөр зам ашиглалтад орсноор Хөвсгөл, Булган, Орхон аймгийн ашигт малтмалын орд газруудын бүтээгдэхүүнийг эдийн засгийн эргэлтэд оруулж, үр өгөөжийг нь дээшлүүлэн аялал жуулчлалын урсгалыг нэмэгдүүлснээр Монгол Улсын эдийн засаг, нийгмийн хөгжилд томоохон түлхэц болно гэж үзэж байна.

Товч мэдээ

-Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүдийг УИХ-д өргөн мэдүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

-Монгол Улсын Хөгжлийн банкнаас Засгийн газрын үнэт цаасыг арилжаалж бүрдүүлсэн хөрөнгөөр санхүүжүүлж буй төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, тэдгээрийн нийгэм, эдийн засгийн үр өгөөжийг олон нийтэд мэдээлэх, танилцуулах зорилгоор “Чингис бонд-үндэсний үйлдвэрлэл” үзэсгэлэн, худалдаа, арга хэмжээг нийслэл хотод энэ оны 4 дүгээр улиралд, орон нутагт 2016 оны 2 дугаар улиралд тус тус зохион байгуулахыг Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат, Сангийн сайд Б.Болор нарт даалгалаа.

-2015 оны 9 дүгээр сарын 28-30-ны өдрүүдэд Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Улсын Вьентьян хотноо зохион байгуулагдсан Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Монгол, Лаосын Засгийн газар хоорондын комиссын 10 дугаар хуралдааны дүнг сайшааж, хуралдааны мөрөөр хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг батлан, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Эрүүл мэнд, спортын сайд, тус комиссын Монголын хэсгийн дарга Г.Шийлэгдамбад даалгалаа.

-Улаанбаатар хотноо 2015 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр зохион байгуулсан Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Монгол, Чехийн Засгийн газар хоорондын комиссын зургадугаар хуралдааны дүнг сайшааж, уг хуралдааны мөрөөр хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг батлан, хэрэгжилтэд нь хяналт тавьж ажиллахыг Барилга, хот байгуулалтын сайд, тус комиссын Монголын хэсгийн дарга З.Баянсэлэнгэд даалгалаа.

-АНУ-ын Нью-Йорк хотноо болсон НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 70 дугаар чуулганы Нийгэм, хүмүүнлэг, соёлын асуудлаарх 3 дугаар хорооны хуралдаанд оролцсон тухай Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ Засгийн газрын гишүүдэд танилцууллаа.

-2015 оны 10 дугаар сарын 10-14-ний өдрүүдэд ХБНГУ-ын Берлин хотод зохион байгуулагдсан “Их долоо-Хөдөлмөр болон хөгжлийн сайд нарын дээд хэмжээний уулзалт”-д оролцсон дүнг Хөдөлмөрийн сайд Г.Баярсайхан Засгийн газрын гишүүдэд танилцууллаа.

-2015 оны 10 дугаар сарын 12-13-ны өдрүүдэд Бүгд Найрамдах Филиппин Улсын Себу хотод зохион байгуулагдсан АПЕК-ийн Эрчим хүчний сайд нарын 12 дүгаар чуулга уулзалтад оролцож албан ёсны айлчлал хийсэн дүнг Эрчим хүчний сайд Д.Зоригт Засгийн газрын гишүүдэд танилцууллаа.

-2015 оны 10 дугаар сарын 12-14-ний өдрүүдэд Бүгд Найрамдах Сингапур Улсад зохион байгуулагдсан Сингапурын Засгийн газрын Барилгын мэдээлэлжсэн загварчлалын асуудлаарх симпозиумд оролцсон талаар Барилга, хот байгуулалтын сайд З.Баянсэлэнгэ Засгийн газрын гишүүдэд танилцууллаа гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ