"Монгол улсын төрийн албаны эрх зүйн шинэтгэл" хэлэлцүүлэг болов

Монгол Улсын төрийн албаны эрх зүйн шинэтгэл сэдвийн хүрээнд Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулга болон Төрийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн талаарх хэлэлцүүлэг өчигдөр /2015.10.27/ боллоо.

Улсын Их Хурлын гишүүн, Ажлын хэсгийн ахлагч Г.Батхүү тус хэлэлцүүлгийг нээж хэлсэнүгэндээ, Монгол Улсын Их Хурлын даргын 2015 оны 170 дугаар захирамжаар байгуулагдсан Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг Байнгын хорооны болон нэгдсэн хуралдааны хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Ажлын хэсэг монгол төрийн бодлого, үйл ажиллагааг мэргэшсэн албан хаагчид урт хугацаанд, тогтвортой хэрэгжүүлэх эрх зүйн орчныг бүрдүүлэхэд анхаарч ажиллаж байгааг онцлон тэмдэглэв. Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд төрийн алба улс төрөөс хараат бус, мэргэшсэн, тогтвортой, чадварлаг байх, төрийн албан тушаал, түүнд тавих шаардлага, хариуцлага, төрийн алба хаах болзол, төрийн албанд ажиллах иргэдийг сонгон шалгаруулах, сонгон тогтоох, төрийн албан хаагчийн эрх зүйн байдал, баталгаа, төрийн албан хаагчдын ажил, үйл ажиллагаанд үнэлэлт, дүгнэлт өгөх систем, тогтолцоог боловсронгуй болгож, иргэд, хамт олны оролцоог нэмэгдүүлэх, олон нийтийн хяналтыг бий болгох чиглэлээр зохицуулалтыг оруулж, шинэчлэн боловсруулсан болохыг хэлэлцүүлэгт оролцогчдод танилцуулав. Мөн төрийн суурь үйлчилгээг хүргэхэд туслах чиг үүрэг бүхий төрийн үйлчилгээний албыг гэрээний үндсэн дээр гүйцэтгүүлж, төрийн үйлчилгээний албан хаагчийн нийгмийн баталгааг хангах эрх зүйн орчныг бүрдүүлэх нь төрийн жинхэнэ албыг цомхон бөгөөд чадварлаг болгох зорилго бүхий Төрийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаар мэдээлэл өглөө.

Нийслэлийн иргэний танхимд болсон тус хэлэлцүүлэгт оролцсон нийслэлийн нутгийн захиргааны албан хаагчид Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон Төрийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаар Улсын Их Хурлын гишүүн, Ажлын хэсгийн ахлагч Г.Батхүүгээс тодруулан, холбогдох саналуудаа уламжиллаа хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ