АБГББХ таван асуудал хэлэлцэж шийдвэрлэлээ

Төсвийн хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ
Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өнөөдрийн /2015.10.27/ хуралдаан 14 цаг 34 минутад 52.6 хувийн ирцтэй эхлэв. Байнгын хорооны энэ өдрийн хуралдаанаар эхлээд Монгол Улсын 2016 оны төсвийн тухай, Хүний хөгжил сангийн 2016 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2016 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ.

Байнгын хорооны хуралдаанд Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Б.Болор, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон болон байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээний байгууллагуудын төсвийн ерөнхийлөн захирагчид, Сангийн яамны холбогдох албан тушаалтнууд оролцов.
Ирэх оны төсвийн тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлэгтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ж.Энхбаяр, З.Энхболд нар Сангийн сайд болон байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээний байгууллагуудын холбогдох албан тушаалтнуудаас асуулт асууж, хариулт авсан юм. Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн З.Энхболд Баттлан хамгаалах яам, Гадаад хэргийн яам, Цөмийн энергийн комиссын удирдлагуудаас тухайн байгууллагын төсөв 2005 оноос өнөө хүртэлх хугацаанд хэрхэн өссөн талаарх тоо баримтыг лавлаж тодруулаад “Салбарынхаа арван жилийн хугацааны төсвийн талаарх тоо баримтыг хүснэгтээр гаргаж байнгын хорооны гишүүдэд тараах хэрэгтэй. Энэ хугацаанд тухайн салбарын төсөв 5-10 дахин нэмэгдсэн байна. Иймээс салбар бүрийн ирэх оны төсөвт 10 хувийн таналт хийх нь зүйтэй” гэсэн байр суурьтай байгаагаа хэлэв.
Ингээд төсвийн тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлэгтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ж.Энхбаяр улс орны эдийн засаг хүндрэлтэй, уул уурхай, барилгын салбар зогсонги байдалд орсон ийм үед хугацаат цэргийн албан хаагчдыг бүтээн байгуулалтын ажилд ашиглах замаар ажлын байрыг нэмэгдүүлэх, залуустаа мэргэжил, ур чадвар эзэмшүүлэх шаардлагатай байгаа тул батлан хамгаалах салбарын ирэх оны төсвийг 76 тэрбум төгрөгөөр нэмэх зарчмын зөрүүтэй санал гаргаж, уг саналын үндэслэлээ тайлбарласан юм. Энэ асуудлыг байнгын хороо зарчмын хувьд дэмжвэл холбогдох байгууллагуудаас гаргасан судалгаа тооцоонд үндэслэн хөрөнгийн эх үүсвэрийг хэрхэн бүрдүүлэх талаар Төсвийн байнгын хороо, Засгийн газар дээр ярилцаж эцэслэн шийдэх юм гэдгийг тэрээр тодотгов. Уг саналтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ц.Баярсайхан, Н.Номтойбаяр, Ц.Цолмон, Б.Болор нар санал хэлсэн юм. Ингээд санал хураалт явуулахад байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн 75 хувь нь уг зарчмын зөрүүтэй саналыг дэмжив. Мөн Улсын Их Хурлын гишүүн Ж.Энхбаяр зэвсэгт хүчний албан хаагчдын нормын хувцас, сургалтын зардал 5 тэрбум 39 сая төгрөгийг Зэвсэгт хүчний хөгжлийн сангаас санхүүжүүлэхээр тусгасныг хасч, улсын төсвөөс гаргах зарчмын зөрүүтэй санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь дэмжсэн юм. Үүгээр Монгол Улсын 2016 оны төсвийн тухай, Хүнийн хөгжил, Нийгмийн даатгалын сангуудын 2016 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг дуусгаж, энэ талаарх санал, дүгнэлтээ Төсвийн байнгын хороонд хүргүүлэхээр болов.
Дараа нь ирэх оны төсвийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Тагнуулын байгууллагын тухай хуулийн зарим хэсгийг хүчингүй болгох тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Хуулийн төслийн анхны хэлэлцүүлэгтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Н.Номтойбаяр Сангийн сайд болон ажлын хэсгээс асуулт асууж тодруулаад Тагнуулын байгууллагын тухай хуулийн зарим хэсгийг хүчингүй болгох тухай хуулийн төслийг төсөл санаачлагчид нь буцаах зарчмын зөрүүтэй санал гаргасан юм. Уг саналыг байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн 61.5 хувь нь дэмжлээ.
Конвенцид нэгдэн орох тухай хуулийн төслийг соёрхон батлахыг дэмжив
Байнгын хорооны энэ өдрийн хуралдаанаар Ялтан шилжүүлэх тухай Европын зөвлөлийн конвенцид нэгдэн орох тухай хуулийн төслийг соёрхон батлах тухайасуудал хэлэлцэв. Энэ талаарх хууль санаачлагчийн илтгэлийг Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон танилцуулсан юм.

Монгол Улсын гадаад харилцаа өргөжихийн хэрээр манай иргэд гадаадад суралцах, ажиллах болон бизнес эрхлэх зорилгоор зорчих явдал нэмэгдэж байгааг харгалзан монгол иргэд олноор зорчдог зарим улстай эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх, ялтан шилжүүлэх тухай гэрээ байгуулах чиглэлд анхаарч,одоогоор 7 улстай ийм гэрээ байгуулаад байгаа аж. Мөн Ялтан шилжүүлэх тухай 1978 оны Берлиний конвенцид нэгдэн орсон байна.
Харин Ялтан шилжүүлэх тухай Европын зөвлөлийн конвенцид Европын холбооны гишүүн 47 улс, гишүүн бус 19 улс нэгдэж орсны тоонд Монгол Улсын иргэд суралцах, бизнес болон аяллын зорилгоор олноор зорчдог, оршин суудаг Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улс, Холбооны Бүгд Найрамдах Герман Улс, Бельгийн Вант Улс, Бүгд Найрамдах Ирланд Улс, Бүгд Найрамдах Филиппин Улс, Америкийн Нэгдсэн Улс, Австрали, Япон зэрэг улсууд багтддаг аж. Иймд угконвенцид нэгдэн орсон улс тус бүртэй ялтан шилжүүлэх тухай хоёр талт гэрээ байгуулахын оронд тус конвенцид нэгдэж орсноор эх орондоо ялаа эдлэхийг хүссэн иргэдийг шилжүүлэх харилцааг зохицуулсан эрх зүйн үндэс бүрдэх юмбайна.
Хууль санаачлагчийн илтгэлтэй холбогдуулан байнгын хорооны гишүүдээс асуулт, санал гараагүй тул санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүд санал нэгтэйгээр уг конвенцид нэгдэн орох тухай хуулийн төслийг соёрхон батлахыг дэмжсэн тул энэ тухай санал, дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд оруулж хэлэлцүүлэхээр тогтов.
Ажлын хэсэг байгуулах тухай байнгын хорооны тогтоол батлав
Тус байнгын хорооны хуралдаанаар Ажлын хэсэг байгуулах тухай байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцэж баталлаа. Улсын Их Хурлаас “Батлан хамгаалах бодлогын үндэс” бодлогын баримт бичиг батлагдсантай холбогдуулан салбарын эрх зүйн орчныг боловсронгуй болгох хууль тогтоомжийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Ж.Энхбаяраар ахлуулан Улсын Их Хурлын гишүүн М.Батчимэг, Д.Бат-Эрдэнэ, Л.Болд,Ц.Цолмон, Н.Энхболд нарын бүрэлдэхүүнтэй байгуулж ажиллуулах тухай уг тогтоолын төслийг батлахыг байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүд санал нэгтэй дэмжсэн юм.

Дараа нь Монгол Улсын Ерөнхийлөгчөөс энэ сарын 20-ны өдөр өргөн мэдүүлсэнМонгол Улс байнга төвийг сахих тухай хуулийн төсөл болон төсөлтэй холбогдуулан Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл, Хууль баталсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай, Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал батлах тухай тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын гадаад бодлогын үзэл баримтлал батлах тухай тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэв. Энэ талаарх хууль санаачлагчийн илтгэлийг Ерөнхийлөгчийн Хүнийн эрх, хуулийн бодлогын зөвлөх Ч.Өнөрбаяр танилцуулсан юм.
Монгол Улс сүүлийн 25 жилийн хугацаанд хэрэгжүүлж ирсэн төвийг сахих зарчмуудыг байнга төвийг сахих бодлого болгон хэлбэржүүлж хуульчлах нь зүйтэй гэж үзсэний үндсэн дээр гаргасан Үндэсний аюулгүй байдлын зөвлөмж, Засгийн газрын тогтоолыг үндэслэн уг хуулийн төслийг боловсруулсан. Монгол Улсын Үндсэн хууль, Гадаадын цэргийн хүчнийг байрлуулах, дамжин өнгөрүүлэх тухай хууль, Цөмийн зэвсгээс ангид байх тухай хууль, Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал, Гадаад бодлогын үзэл баримтлал, Төрийн цэргийн бодлогын үндэс, мөн НҮБ-ын Дүрэм, бусад улстай байгуулсан харилцааны үндсэн гэрээ зэрэгт төвийг сахих бодлогын зарчмууд туссан, түүнчлэн манай улс Эвсэлд үл нэгдэх хөдөлгөөний гишүүн байгаа нь зэрэг нь хуулийн төслийг боловсруулах эрх зүйн болон бодлогын үндэслэл болж байгааг хууль санаачлагч илтгэлдээ дурдав.
Уг хуулийн төсөл батлагдсанаар үндэсний аюулгүй байдлыг хангах, батлан хамгаалах болон гадаад бодлогын эрх зүйн үндэс сайжирна. Монгол Улс төвийг сахиснаар одоо явуулж буй гадаад бодлогод өөрчлөлт орохгүй, харин ч бусад улстай тэнцвэртэй харилцахад чиглэсэн гадаад бодлогын үндэслэл болно гэж төсөл санаачлагч үзэж байгаа аж.
Хуулийн төсөл нь 3 бүлэг, 11 зүйлтэй агаад хуулийн төсөлтэй холбогдуулан Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал, Гадаад бодлогын үзэл баримтлалд өөрчлөлт оруулах шаардлагатай тул холбогдох Улсын Их Хурлын тогтоолын төслийг боловсруулжээ.
Улсын Их Хурлын гишүүн Н.Номтойбаярын гаргасан горимын саналын дагуу уг хуулийн төслийн хэлэлцэх асуудлыг хаалттай горимоор хэлэлцлээ гэж Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.
3,470.29
СЭТГЭГДЭЛ БИЧИХ