Монгол Улс байнга төвийг сахих тухай хуулийн төслийг хэлэлцэн дэмжив

УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгчөөс энэ аравдугаар сарын 20-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улс байнга төвийг сахих тухай хуулийн төсөл болон төсөлтэй холбогдуулан Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл, Хууль баталсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай, Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал батлах тухай тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын гадаад бодлогын үзэл баримтлал батлах тухай тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыгхэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэн дэмжив. Хууль санаачлагчийн илтгэлийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Хүнийн эрх, хуулийн бодлогын зөвлөх Ч.Өнөрбаяр танилцууллаа.

Монгол Улс сүүлийн 25 жилийн хугацаанд хэрэгжүүлж ирсэн төвийг сахих зарчмуудыг байнга төвийг сахих бодлого болгон хэлбэржүүлж хуульчлах нь зүйтэй гэж үзсэний үндсэн дээр гаргасан Үндэсний аюулгүй байдлын зөвлөмж, Засгийн газрын тогтоолыг үндэслэн уг хуулийн төслийг боловсруулсан байна. Монгол Улсын Үндсэн хууль, Гадаадын цэргийн хүчнийг байрлуулах, дамжин өнгөрүүлэх тухай хууль, Цөмийн зэвсгээс ангид байх тухай хууль, Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал, Гадаад бодлогын үзэл баримтлал, Төрийн цэргийн бодлогын үндэс, НҮБ-ын Дүрэм, бусад улстай байгуулсан харилцааны үндсэн гэрээ зэрэгт төвийг сахих бодлогын зарчмууд туссан байдаг. Монгол Улс мөн Эвсэлд үл нэгдэх хөдөлгөөний гишүнчлэлтэй зэрэг нь хуулийн төслийг боловсруулах эрх зүйн болон бодлогын үндэслэл болж байгааг хууль санаачлагчийн илтгэлд дурджээ.

Монгол Улс байнга төвийг сахих тухай хуулийн төсөл батлагдсанаар үндэсний аюулгүй байдлыг хангах, батлан хамгаалах болон гадаад бодлогын эрх зүйн үндэс сайжрах юм. Монгол Улс төвийг сахиснаар одоо явуулж буй гадаад бодлогод өөрчлөлт орохгүй, харин ч бусад улстай тэнцвэртэй харилцахад чиглэсэн гадаад бодлогын үндэслэл болно гэж төсөл санаачлагч үзэж байгааг Ерөнхийлөгчийн Хүнийн эрх, хуулийн бодлогын зөвлөх Ч.Өнөрбаяр эрхэм гишүүдэд танилцуулав.

Уг хуулийн төсөл 3 бүлэг, 11 зүйлтэй бөгөөд хуулийн төсөлтэй холбогдуулан Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал, Гадаад бодлогын үзэл баримтлалд өөрчлөлт оруулах шаардлагатай тул холбогдох Улсын Их Хурлын тогтоолын төслийг боловсруулжээ. Улсын Их Хурлын гишүүн Н.Номтойбаярын гаргасан горимын саналын дагуу уг хуулийн төслийг хаалттай горимоор хэлэлцлээ.

Монгол Улс байнга төвийг сахих тухай хуулийн төсөл, түүний танилцуулга, дагалдан гарах УИХ-ын тогтоолын төслүүдийг бүрэн эхээр нь танилцуулж байна.

МОНГОЛ УЛС БАЙНГА ТӨВИЙГ САХИХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙН ТАНИЛЦУУЛГА

Монгол Улс сүүлийн 25 жилийн хугацаанд хэрэгжүүлж ирсэн төвийг сахих зарчмуудыг байнга төвийг сахих бодлого болгон хэлбэржүүлж хуульчлах нь зүйтэй гэж үзэн Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс зөвлөмж, Засгийн газар тогтоол гаргасан билээ.

Монгол Улсын Үндсэн хууль, Гадаадын цэргийн хүчнийг байрлуулах, дамжин өнгөрүүлэх тухай хууль, Цөмийн зэвсгээс ангид байх тухай хууль, Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал, Гадаад бодлогын үзэл баримтлал, Төрийн цэргийн бодлогын үндэс, мөн НҮБ-ын Дүрэм, бусад улстай байгуулсан харилцааны үндсэн гэрээ зэрэгт төвийг сахих бодлогын зарчмууд туссан нь, түүнчлэн манай улс ЭҮНХ-ий гишүүн байгаа нь хуулийн төслийг боловсруулах эрх зүйн болон бодлогын үндэслэл болж байна.

Хуулийн төсөл нийт 3 бүлэг, 11 зүйлтэй бөгөөд 1 дүгээр зүйлд хуулийн зорилтыг, 2 дугаар зүйлд байнга төвийг сахих тухай хууль тогтоомжийг, 3 дугаар зүйлд хуулийн зохицуулах үйлчилэх хүрээ, 4 дүгээр зүйлд “байнга төвийг сахих” гэдгийг тус тус тодорхойлон, 5 дугаар зүйлд Монгол Улс байнга төвийг сахих бодлого явуулах тухай, 6 дугаар зүйлд байнга төвийг сахих бодлогын үндсэн зарчмуудын тухай, 7 дугаар зүйлд Монгол Улсын өөрийгөө хамгаалах бүрэн эрхийн тухай, 8 дугаар зүйлд Монгол Улс олон улсын хамтын ажиллагаанд идэвхтэй оролцох тухай, 9 дүгээр зүйлд байнга төвийг сахих бодлогыг тайлбарлах тухай, 10 дугаар зүйлд хууль тогтоомж зөрчигчид хариуцлага хүлээлгэх тухай, 11 дүгээр зүйлд хууль хүчин төгөлдөр болох хугацааны тухай заана.

Хуулийн төсөл батлагдсанаар үндэсний аюулгүй байдлыг хангах, батлан хамгаалах болон гадаад бодлогын эрх зүйн үндэс сайжирна. Төвийг сахиснаар одоо явуулж буй гадаад бодлогод өөрчлөлт орохгүй, харин ч бусад улстай тэнцвэртэй харилцахад чиглэсэн гадаад бодлогын үндэслэл болно.

Энэ хуулийн төсөл нь Монгол Улсын Үндсэн хууль, Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал, Гадаад бодлогын үзэл баримтлал, Төрийн цэргийн бодлогын үндэс, бусад хууль тогтоомжтой уялдсан байна. Хуулийн төсөлтэй холбогдуулан Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал, Гадаад бодлогын үзэл баримтлалд өөрчлөлт оруулах шаардлагатай тул холбогдох Улсын Их Хурлын тогтоолын төслийг боловсруулав.

Мөн түүнчлэн Хуурай замын дайны үед төвийг сахисан улс, этгээдийн эрх, үүргийн тухай 1907 оны Гаагын V конвенц, Тэнгисийн дайны үед төвийг сахисан улсын эрх, үүргийн тухай 1907 оны Гаагын XIII конвенцид нэгдэн орох шаардлагатай байгаа тул холбогдох асуудлыг Гадаад харилцааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаар дамжуулан УИХ-д оруулан шийдвэрлүүлэх шаардлагатай болно.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ