Төсвийн тодотголын хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийв


Монгол Улсын нэгдсэн төсвийн 2015 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2016-2017 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүллээ.
Монгол Улсын Их Хурлын чуулган нэгдсэн хуралдаан өнөөдөр /2015.10.28/ 64.5 хувийн ирцтэй эхэлж Монгол Улсын нэгдсэн төсвийн 2015 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2016-2017 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явууллаа.
Хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Д.Ганхуяг уншиж танилцуулав.
Байнгын хорооны хуралдаанаар дээрх асуудлыг хэлэлцэх үеэр төслийн 1 дүгээр зүйлийн “2015-2016 оны” гэснийг “2016-2017 оны” гэж өөрчлөх, төслийн 1 дүгээр зүйлийн эдийн засгийн үндсэн үзүүлэлт дэх нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлогын хэмжээ 2015 онд “6.128.0” гэснийг “6.074.1” гэж, ДНБ-д эзлэх хувь “26.0” гэснийг “25.8” гэж, нэгдсэн төсвийн нийт зарлагын дээд хэмжээ 2015 онд “7.307.2” гэснийг “7.253.3” гэж, ДНБ-д эзлэх хувь “31.0” гэснийг “30.8” гэж, нэгдсэн төсвийн нийт зарлагын өсөлтийн хэмжээ 2015 онд “162.6” гэснийг “108.7” гэж, ДНБ-д эзлэх хувь “0.7” гэснийг “0.5” гэж, нэгдсэн төсвийн хөрөнгийн зардлын хэмжээ 2015 онд “1.576.7” гэснийг “1.530.7” гэж, ДНБ-д эзлэх хувь “6.7” гэснийг “6.5” гэж тус тус өөрчлөх саналыг УИХ-ын гишүүн Д.Ганхуяг, Ц.Даваасүрэн, Б.Наранхүү, М.Сономпил, Б.Чойжилсүрэн нар гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжжээ.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр, Я.Содбаатар, Б.Бат-Эрдэнэ, Л.Энх-Амгалан, О.Баасанхүү, О.Содбилэг, С.Ганбаатар, Р.Амаржаргал, Л.Болд нар асуулт асууж, хариулт авсны дараа Төсвийн байнгын хорооны хуралдаанаар дэмжигдсэн дээрх саналын томьёоллуудаар санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ. Ийнхүү Монгол Улсын нэгдсэн төсвийн 2015 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2016-2017 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явуулж дуусган эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүллээ.
Төсвийн тодотголын хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ
Үүний дараа Төсвийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Онцгой албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Өрийн удирдлагын тухай хуульд нэмэлт оруулах тухай хууль, Төрийн албаны тухай хуулийн зарим заалтыг хүчингүй болсонд тооцох тухай, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Монгол улсын засгийн газрын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Гүйцэтгэх ажлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Авлигын эсрэг хуульд өөрчлөлт оруулах тухай, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Шинжлэх ухаан, технологийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Концессын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд болон “Төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвчийг шинэчлэн батлах тухай”, “Тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Эдгээр хуулийн төслүүдийг Засгийн газар 2015.10.06-ны өдөр Монгол Улсын 2015 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Хүний хөгжил сангийн 2015 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2015 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хамт өргөн мэдүүлсэнюм. Эдгээр хууль, тогтоолын төслүүдээс Монгол улсын засгийн газрын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, “Төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвчийг шинэчлэн батлах тухай” тогтоолын төслийг Засгийн газар эргүүлэн татаж авч байгаагаа мэдэгдсэн учир бусад хууль, тогтоолын төслүүдийг хэлэлцсэн юм.
Төслүүдийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Д.Ганхуяг уншиж танилцууллаа. Хуулийн төслүүдийг Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэх үеэр Онцгой албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн 1 дүгээр зүйлд заасан “0-452,000” гэснийг “0-750,000” гэж, “0-459,000” гэснийг “0-750,000” гэж, “0-565,000” гэснийг “0-850,000” гэж тус тус өөрчлөх, үүнтэй уялдуулан газрын тос, газрын тосны бүтээгдэхүүнийг төвийн боомтуудаар импортлоход импортын гаалийн татварын хувь хэмжээг нэмэгдүүлэхээр тусгасан “Тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэх шаардлагагүй гэж үзэж төсөл санаачлагчид нь буцаах саналыг УИХ-ын гишүүн Д.Ганхуяг, Ц.Даваасүрэн, Б.Наранхүү, М.Сономпил, Б.Чойжилсүрэн нар гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн аж. Мөн Онцгой албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн 3 дахь заалтад тусгагдсан "Эрээнцав" боомтыг тусад нь бүлэглэн, энэ боомтоор импортлоход авах татварыг одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа хэмжээгээр нь тогтоох саналыг УИХ-ын гишүүн С.Одонтуяа, Д.Батцогт нар гарган гишүүдийн олонх мөн дэмжжээ.
Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан УИХ-ын гишүүн С.Бямбацогт, Ё.Отгонбаяр, Б.Бат-Эрдэнэ нар асуулт асууж хариулт авсны дараа Төсвийн байнгын хороогоор дэмжигдсэн зарчмын зөрүүтэй саналыг томьёоллуудаар санал хураалт явуулан хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүллээ.
Төсвийн тодотголын хоёр дахь хэлэлцүүлгийг эхэллээ
Мөн өдрийн хуралдаанаар Монгол Улсын 2015 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Хүний хөгжил сангийн 2015 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2015 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж эхэллээ. Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Д.Ганхуяг танилцууллаа. Мөн төсвийн тодотголын талаарх УИХ дахь Ардчилсан намын бүлгийн санал, дүгнэлтийг тус бүлгийн дарга Б.Гарамгайбаатар, УИХ дахь Монгол ардын намын бүлгийн санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа, УИХ дахь МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлгийн санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва уншиж танилцуулсны дараа хуулиудын төслийн хэлэлцүүлгийг маргаашийн нэгдсэн хуралдаанаар үргэлжлүүлэхээр тогтсоноор чуулганы хуралдаан өндөрлөлөө хэмээн УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
3,470.29
СЭТГЭГДЭЛ БИЧИХ