Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн зарим зүйл, заалтыг хүчингүй болгов

Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3 дахь заалт нь Үндсэн хуулийн заалтыг зөрчсөн байх тул Үндсэн хуулийн цэц хүчингүй болголоо.

2015 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Үндсэн хуулийн цэцийн Их суудлын хуралдааныг Цэцийн гишүүн П.Очирбат даргалж, гишүүдэд Н.Жанцан /илтгэгч/, Т.Лхагваа, Д.Сугар, Д.Солонго, Д.Наранчимэг, Д.Ганзориг нарын бүрэлдэхүүнтэй Үндсэн хуулийн цэцийн хуралдааны танхимд хийж, УИХ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин оролцсон юм. Энэхүү Их суудлын хуралдаанд Монголын Өмгөөлөгчдийн Холбооны ерөнхийлөгч Б.Ганбаатар, хуульч, өмгөөлөгч Д.Батсүх болон Шихихутаг, Отгонтэнгэр, Хууль сахиулахын дээд сургуулийн 40 орчим оюутнууд байлцсан байна.

Үндсэн хуулийн цэцийн Их суудлын хуралдаанаас Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3 дахь заалтад “хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа” гэсэн ойлголтыг тодорхойлохдоо хэт явцууруулан хуульчилж хууль зүйн салбарт мэргэжлээрээ ажиллаж байгаа иргэдийн Үндсэн хуулиар баталгаажуулсан ажил мэргэжлээ чөлөөтэй сонгох эрхийг хязгаарласан байна гэж үзлээ.
Тиймээс дээрх хуулийн заалтад “хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа” гэж шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэх, эсхүл шүүхэд бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг төлөөлөн хамгаалж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох, бусдад хууль зүйн туслалцаа үзүүлэх болон хууль зүйн чиглэлээр багшлах, судалгааны ажил эрхлэхийг;” гэсэн нь ажил мэргэжлээ чөлөөтэй сонгох эрхийг мөн хууль зүйн дээд боловсролтой, гурваас доошгүй жил мэргэжлээрээ ажилласан иргэнийг бусад шүүхийн шүүгчээр томилж болно гэсэн Үндсэн хуулийн заалтыг зөрчсөн байх тул Үндсэн хуулийн цэц хүчингүй болгов.
Мөн Үндсэн хуулийн цэц Монгол Улсын Их Хурлын 2015 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн “Үндсэн хуулийн цэцийн 2015 оны 08 дугаар дүгнэлтийн тухай” 55 дугаар тогтоолыг хүчингүй болгосон шийдвэр гаргалаа.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ