2015 оны Төсвийн тодотголыг баталлаа

Улсын Их Хурлын 2015 оны намрын ээлжит чуулганы /2015.10.30/ баасан гарагийн нэгдсэн хуралдаан 15 цаг 55 минутад 51.2 хувийн ирцтэй эхэлж, Монгол Улсын нэгдсэн төсвийн 2015 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2016-2017 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Монгол Улсын 2015 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Хүний хөгжил сангийн 2015 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2015 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд болон дагалдан өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, 2015 оны төсвийн тодотголыг баталлаа.

Хуралдаанаар эхлээд Монгол Улсын нэгдсэн төсвийн 2015 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2016-2017 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийв.

Энэ талаарх Төсвийн байнгын хорооны танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн Д.Ганхуяг танилцуулав.

Тус байнгын хороо хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийн үед дэмжигдсэн зарчмын зөрүүтэй саналуудыг төсөлд нэмж тусган эцсийн хувилбарыг хэлэлцээд зарчмын зөрүүтэй санал гаргаагүй тул нэгдсэн хуралдаанд оруулж батлуулах нь зүйтэй гэж үзсэн байна.

Байнгын хорооны танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ж.Энхбаяр асуулт асууж хариулт авснаар хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлэг дуусав. Ингээд байнгын хорооны саналаар санал хураалт явуулсныг хураалдаанд оролцсон гишүүдийн 71.4 хувь нь дэмжиж Монгол Улсын нэгдсэн төсвийн 2015 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2016-2017 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг баталлаа.

Дараа нь төсвийн тодотголыг дагалдан өргөн мэдүүлсэн Төсвийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Онцгой албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Өрийн удирдлагын тухай хуульд нэмэлт оруулах тухай хууль, Төрийн албаны тухай хуулийн зарим заалтыг хүчингүй болсонд тооцох тухай, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Гүйцэтгэх ажлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Авлигын эсрэг хуульд өөрчлөлт оруулах тухай, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Шинжлэх ухаан, технологийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Концессын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийж баталсан юм.

Ингэхдээ хуульд өөрчлөлт оруулах санал тус бүрээр санал хураасан бөгөөд эдгээр саналуудыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн.

Үүний дараа Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийв. Байнгын хорооны танилцуулгад, уг хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийх явцад гишүүдээс зарчмын зөрүүтэй санал гаргаагүй тул Улсын Их Хурлын гишүүн Д.Ганхуяг хуулийн төслийг анхны хэлэлцүүлгээр нь батлах горимын санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүд дэмжжээ. Засгийн газар Монгол Улсын 2015 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хамт өргөн баригдсан Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг төсөл санаачлагч татаж авсантай холбогдуулан байнгын хорооноос санаачлан уг хуулийн төслийг боловсруулсан байна. Хуулийн төсөлд “дэд сайд”-тай холбоотой зүйл заалтуудыг тусгажээ.

Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан асуулт асуух гишүүн байгаагүй тул байнгын хорооны гаргасан анхны хэлэлцүүлгээр батлах горимын саналаар санал хураалт явуулж, хуралдаанд оролцсон 52 гишүүний 47 нь дэмжсэнээр хуульд нэмэлт оруулах тухай саналыг анхны хэлэлцүүлгээр нь баталсан юм.

Ингээд 2015 оны төсвийн тодотголыг дагалдан өргөн мэдүүлсэн хуулиуд болон 2015 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2016-2017 оны төсвийн төсөөллийн тухай хуулийг баталсаны дараа төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцүүлгийг эхлүүлэв.

Энэ талаарх байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Д.Ганхуяг танилцуулсан.

Тус байнгын хороо 2015 оны төсвийн тодотголыг гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгэхдээ Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн дагуу хоёр дахь хэлэлцүүлгээр дэмжигдсэн бүх саналыг нэгтгэж тусгасан төслийн эцсийн хувилбарыг бэлтгэж нийт гишүүдэд тараасан байна.

Төслийн эцсийн хувилбараар Монгол Улсын нэгдсэн төсвийн орлогын 2015 оны хүлээгдэж буй гүйцэтгэлд үндэслэн улсын төсвийн орлогын төлөвлөгөөг 51.1 тэрбум төгрөгөөр, Хэнтий, Сүхбаатар аймгийн суурь орлогыг 2.9 тэрбум төгрөгөөр буюу нэгдсэн төсвийн орлогыг нийт 54.0 тэрбум төгрөгөөр бууруулахаар тооцсон байна.

Мөн Төрийн өндөр болон улс төрийн албан тушаалтны цалинг 30 хувиар бууруулахгүй байхаар шийдвэрлэсэнтэй холбогдуулан урсгал зардлыг 1.8 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлж, улсын төсвөөс санхүүждэг бүх төсөвт байгууллагуудын 2015 оны 11, 12 дугаар саруудын төлөвлөгдсөн цалингаас бусад тэвчиж болох урсгал зардлыг 15-20 хувиар бууруулах замаар 8.1 тэрбум төгрөгийг урсгал зардлаас хасжээ.

Улсын төсвийн хөрөнгийн бусад зардлаас 47.0 тэрбум төгрөгийг хасаж, хөрөнгө оруулалтын зардалд 9.2 тэрбум төгрөгийн төсөл, арга хэмжээг 2015 онд нэмж санхүүжүүлэхээр шийдвэрлэсэн байна.

Дээрх өөрчлөлтүүдийг төсвийн төсөлд тусгаснаар Монгол Улсын нэгдсэн төсвийн нийт орлого 6,074.1 тэрбум төгрөг буюу ДНБ-ний 28.8 хувь, нийт зардал 7,263.3 тэрбум төгрөг буюу ДНБ-ний 30.8 хувь болж, нэгдсэн төсвийн нийт алдагдал 1,179.2 тэрбум төгрөг буюу ДНБ-ний 5 хувьтай тэнцэхээр байгаа юм байна.

Байнгын хорооны танилцуулгатай холбогдуулан гишүүд асуулт асууж хариулт авснаар 2015 оны төсвийн тодотгол болон сангуудын төсвийн тухай хуулийн төслүүдийн гурав дахь хэлэлцүүлгийг дуусгав.

Гурав дахь хэлэлцүүлгийн дараа хуулийн төслүүдийн дөрөв дэх хэлэлцүүлгийг эхлүүлж, Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд заасны дагуу хуралдаан даргалагч 2015 оны төсвийн тодотголын хуулийн төслүүдийн зүйл, заалт бүрийг уншиж сонсгон тус бүрээр нь санал хураалгахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь дэмжив. Ингэснээр энэ оны төсөвт хийх тодотгол болон дагалдан өргөн барьсан хуулиудыг баталлаа.

Хуралдааны төгсгөлд Засгийн газар 2015.10.23-ны өдөр өргөн мэдүүлсэн “Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцсэн.

Хуулийн төслийн талаарх хууль санаачлагчийн илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд Н.Батцэрэг, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны санал дүгнэлтийг тус байнгын хорооны дарга С.Батболд нар танилцуулав.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Ц.Даваасүрэн, Д.Эрдэнэбат, С.Ганбаатар, Ё.Отгонбаяр, Б.Бат-Эрдэнэ, Х.Болорчулуун, Г.Уянга, Ч.Улаан, Ц.Оюунбаатар нарын гишүүд хууль санаачлагчаас асуулт асууж, хариулт авсны дараа дэгийн дагуу хуулийн төслийг дэмжиж Д.Тэрбишдагва, Х.Болорчулуун, Ё.Отгонбаяр нарын гишүүд, төслийг хэлэлцэхийг дэмжээгүй Л.Цог, Б.Бат-Эрдэнэ, Г.Уянга нарын гишүүд үг хэлснээр хэлэлцүүлэг дууссан юм. Ингээд санал хураах болоход гишүүдийн ирц хангалтгүй байсан ба хуралдаан даргалагчийн зүгээс “Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөлд дурдсан Ноён уул орчмын газар нутгийг байгалийн нөөц газрын ангиллаар, Төв аймгийн Борнуур сумын нутагт орших Ноён уул орчмын газар нутгийг дурсгалт газрын ангилалаар тус тус улсын тусгай хамгаалалтад авах асуудлын хэлэлцүүлгийн явцаас харахад гишүүд нэгдсэн ойлголтод хүрэхэд хол байна. Тиймээс уг асуудал болон “Гацууртын ордын төрийн эзэмшлийн хувь тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хэлэлцүүлгийг хойшлуулж, ирэх долоо хоногийн хувиараас хасаад Байнгын хороо хэлэлцүүлэг явуулж ойлголтоо нэгтгэсний дараа хэлэлцье гэснээр чуулганы нэгдсэн хуралдаан өндөрлөлөө гэж Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ