Н.Батбаяр vs Ц.Нямдорж

Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Н.Батбаяр хэвлэлд ярилцлага өгсөн нь өнөөдрийн хувьд улс төр сонирхогчдын анхаарлыг татаж байна. Хуулийн үзэл баримтлал, Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтүүдийн талаар дэлгэрэнгүй тайлбарласнаас гадна үүнийг хэлэлцэн батлахад цаг үе, хувьсгалын тохироо бүрдсэн үзэж байгаагаа хэлжээ. Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг өнгөрсөн долоо хоногийн баасан гаригт өргөн мэдүүлсэн ба УИХ төслийг хүлээн авснаас хойш сараас илүүгүй хугацаанд багтаан чуулганаар оруулах ёстой юм.

УИХ-ын гишүүн Н.Батбаяр ярилцлагадаа “Хувьсгалын тохироо гэж ярьдаг даа. Үндсэн хуулийг өөрчлөх тохироо одоо бүрдээд байна гэж хэлж болно. УИХ-ын дарга дэмжээд гарын үсэг зурсан байгаа. Ерөнхий сайд, Засгийн газар дэмжсэн байгаа” гээд цааш ярихдаа “Цаашлаад 2017 онд шинэ Ерөнхийлөгч гарч ирлээ гэхэд хоёр дахь удаагаа сонгогдох гээд Үндсэн хуулийн өөрчлөлтийг дэмжихгүй. Эхний хугацаан дээрээ ажиллаж байгаа Ерөнхийлөгч хоёр дахь хугацаагаа үзье гэж бодно. Хэн ч байсан ингэж боддог юм байна. Ерөнхийлөгч дэмжихгүй бол Үндсэн хуулийн өөрчлөлт хийгдэхгүй. Тэгэхээр яг одоо л хувьсгалын тохироо бүрдээд байгаа юм. Үүнийг манай ард түмэн дэмжих байх аа” гэжээ. Энд онцолсон хэсэгт “Ерөнхийлөгч дэмжихгүй бол Үндсэн хуулийн өөрчлөлт хийгдэхгүй. Тэгэхээр яг одоо хувьсгалын тохироо бүрдээд байгаа юм” гэсэн нь эл асуудлаар Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн байр суурь аль чигт байгааг битүүхэн хэлсэн хэрэг юм болов уу.

Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг өргөн барихдаа УИХ, Засгийн газар, тэрчлэн Ерөнхийлөгчийн саналыг зайлшгүй авах ёстой учраас ажлын хэсэг уг асуудлаар Ерөнхийлөгчийн байр суурийг урьдчилан сонссон, зөвшилцсөн нь эргэлзээгүй байх. Тэгэхээр ажлын хэсгийн ахлагч Н.Батбаяр хувьсгалын тохироо бүрдсэн гэж шулуухан хэлсэн нь бодит байдалд ойр дүгнэлт байхыг үгүйсгэхгүй.

Тэгвэл Н.Батбаяр гишүүний төслийг хамгийн ил тод эсэргүүцэж байгаа эрхэм бол Ц.Нямдорж. Тэрээр саяхан “Яг чин үнэнийг хэлэхэд наадах чинь Фортуна Батбаяр биччихээд хэдэн өдрийн турш хүн, хүний өрөөгөөр явж гарын үсэг зуруулаад өргөн барьчихсан л төсөл. Эдийн засаг самарсан хүмүүс төр самрах сүүлчийн ажилдаа орж байгаа юм байна л даа” хэмээн хатуухан байр суурь илэрхийлсэн Ц.Нямдорж өөрийн намынхнаа ч шүүмжлэхээ мартсангүй.

“Санаанд орсоноо ярьж явдаг Н.Батбаяр надад сонин биш. Ийм хачин ажиллагаа гэх юмуу хуйвалдаан гэх юмуу энэнд Д.Лүндээжанцан, Д.Дэмбэрэл хоёр оролцсоныг ойлгохгүй байна. Өргөн мэдүүлсэн төсөлд нь гарын үсэг зурчихаад өнөөдөр миний гарын үсэг зурснаас өөр юм өргөн мэдүүлчихэж гээд яриад явж байдаг нь ямар учиртай юм бэ. Биднээр тоглоод байгаа юмуу, хаашаа юм бэ” хэмээн эгдүүцжээ.

Ц.Нямдорж гишүүн гайхах нь ч аргагүй бизээ. МАН шиг хатуу чанд сахилга баттай, гишүүд ньнамынхаа удирдах бүтцээр дэмжсэн бодлогыг л ягштал дагадаг улс төрийн хүчнээс очиж очиж УИХ-ын спикерүүд байсан хоёр нөхөр нь гэнэт Үндсэн хуулийн өөрчлөлтийн төсөлд гарын үсгээ зурчихсан байна гэж тэрээр зүүдлээ ч үгүй байхаа.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ