Хоёр улсын Ерөнхийлөгч нар албан ёсны хэлэлцээ хийв

Бүгд Найрамдах Франц улсад албан ёсны айлчлал хийж буй Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өчигдөр (11 дүгээр сарын 19) тус улсын Ерөнхийлөгч Франсуа Олландтай уулзаж, албан ёсны хэлэлцээ хийн, хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зурлаа. Монгол Улсын Ерөнхийлөгчийг ноён Франсуа Олланд БНФУ-ын Ерөнхийлөгчийн өргөө болох Элизейн ордонд угтан хүлээн авав. Энэ үеэр Элизейн ордонд хүндэт харуул жагсаж, Монгол Улсын Ерөнхийлөгчид хүндэтгэл үзүүлсэн юм.
Угтах ёслол өндөрлөсний дараа Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж, Бүгд Найрамдах Франц улсын Ерөнхийлөгч Франсуа Олланд нар албан ёсны хэлэлцээ хийлээ.
БНФУ-ын Ерөнхийлөгч Франсуа Олланд “Хүнд үед хүрэлцэн ирсэнд талархал илэрхийлье. Монгол Улс бол Францын Ази дахь давуу эрхтэй түнш юм. Биднийг ардчиллын үнэт зүйлс холбодог. Манай хоёр улсын эдийн засгийн хамтын ажиллагаа идэвхтэй хөгжиж байна. Ялангуяа хүнс, хөдөө аж ахуй, сансрын чиглэлээр хамтран ажиллах бололцоо бий” хэмээн тодотгоод, энэ сарын 30-нд Парис хотноо эхлэх Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх НҮБ-ын 21 дүгээр чуулганы зорилтын талаар тайлбарлан, Монгол Улс түүнийг дэмжихийг хүслээ.
Парис хотод болсон террорист халдлагад олон арван эрдэнэт хүний амь эрсэдсэнд гүнээ эмгэнэж буйгаа Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж уулзалтын эхэнд дахин илэрхийлээд, учирсан уй гашууг Монголын ард түмэн хуваалцаж байна гэдгийг хэлэв. Мөн Ерөнхийлөгч Монгол, Францын дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн тэмдэглэлт жил БНФУ-д албан ёсны айлчлал хийж байгаад таатай байгаагаа тэмдэглэж, “Хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаа сүүлийн жилүүдэд тодорхой салбарт идэвхтэй хөгжиж байгаад сэтгэл хангалуун байна” гэлээ. Тэрчлэн Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Батлан хамгаалах салбар дахь хоёр улсын хамтын ажиллагааг өргөжүүлж, ялангуяа олон улсад энхийг сахиулах чиглэлээр хамтран ажиллах бололцоотой байна. Мөн соёлын хамтын ажиллагаа чухал. Археологийн чиглэлээр Монгол, Франц улс хамтран ажиллаж ирсэн туршлагатай. Монгол Улсын соёлыг харуулсан томоохон үзэсгэлэнг Францад гаргах чиглэлээр хамтарч ажиллая” гэлээ.
Ази, Европын дээд түвшний XI уулзалтыг (ASEM) Монгол Улс ирэх онд зохион байгуулна. Дээд түвшний энэхүү арга хэмжээнд БНФУ-ын Ерөнхийлөгч Франсуа Олланд оролцохоо уг уулзалтын үеэр мэдэгдсэн. Түүнчлэн ASEM-ийг зохион байгуулахад францын тал зохих түвшинд дэмжиж ажиллана гэдгээ тодотгов.
Уулзалтын төгсгөлд Монгол Улсын Ерөнхийлөгч Төвийг сахих бодлогын санаачилгынхаа талаар танилцуулсан бөгөөд БНФУ-ын Ерөнхийлөгч Франсуа Олланд “Ардчиллыг бэхжүүлэхэд төвийг сахих бодлого чухал гэж ойлгож байгаа” гэлээ. Түүнчлэн мал аж ахуйн салбар дахь хамтын ажиллагаа нь энэхүү айлчлалын чухал үр дүн болно гэж үзэж байгаагаа Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж онцлон тэмдэглэв.
Албан ёсны хэлэлцээ хийсний дараа Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, БНФУ-ын Ерөнхийлөгч Франсуа Олланд нар харилцаа, хамтын ажиллагааны баримт бичигт гарын үсэг зурах ёслолд оролцов.
Хоёр улсын Төрийн тэргүүн нар “Монгол Улсын Ерөнхийлөгч, БНФУ-ын Ерөнхийлөгч нарынХамтарсан мэдэгдэл”-д гарын үсэг зурсан. Уг Хамтарсан мэдэгдэл нь Монгол, Францын харилцаа, хамтын ажиллагааны өнөөгийн байдалд үнэлэлт дүгнэлт өгөхийн зэрэгцээ ирээдүйн зорилтыг тодорхойлж, улмаар хамтын ажиллагааг тодорхой чиглэл бүрээр гаргасан юм. Мөн энэ үеэр хамтын ажиллагааны дараах баримт бичгүүдийг байгуулав. Үүнд:
-Боловсрол, соёл, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Франц Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр;
-Францын хүнсний тусламжийн сангийн хөрөнгийг ашиглах тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Франц Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр;
-Монгол Улсын Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам, Бүгд Найрамдах Франц Улсын Гадаад хэрэг, олон улсын хөгжлийн яам хооронд сургалтын хамтарсан тэтгэлгийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх хэлэлцээр;
-Кино урлагийн салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам болон Бүгд Найрамдах Франц Улсын Кино дүрсний үндэсний төв хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг;
-Аялал жуулчлалын салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яам, Бүгд Найрамдах Франц Улсын Гадаад хэрэг, олон улсын хөгжлийн яам хоорондын хэлэлцээр;
-Үхрийн үүлдэр угсаа сайжруулах чиглэлээр Монгол Улсын Хүнс, хөдөө аж ахуйн яам, Бүгд Найрамдах Франц Улсын Хөдөө аж ахуй, хүнс, ойн яам хоорондын хамтын ажиллагааны эрмэлзэх бичиг зэрэгт гарын үсэг зурлаа.

3,470.29
СЭТГЭГДЭЛ БИЧИХ