Хуулийн төслүүд болон тогтоолын төслийг батлав

Гаалийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг батлав

Чуулганы нэгдсэн хуралдаанаар Гаалийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн /Засгийн газар 2015.10.14-ний өдөр өргөн мэдүүлсэн/ эцсийн хэлэлцүүлгийг хийв.

Төсвийн байнгын хорооны танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн Я.Санжмятав танилцуулсан. Танилцуулгатай холбогдуулан саналтай гишүүд байгаагүй тул хуулийн төслийг бүхэлд нь батлах санал хураалт явуулсныг 78 хувийн саналаар дэмжиж баталлаа.

Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг батлав

Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн /Засгийн газар 2015.10.14-ний өдөр өргөн мэдүүлсэн/ эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. Төсвийн байнгын хорооны танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн Я.Санжмятав танилцуулсан. Байнгын хорооны танилцуулгатай холбогдуулан саналтай гишүүд байгаагүй тул хуулийн төслийг бүхэлд нь батлах санал хураалт явуулсныг 74.6 хувийн саналаар дэмжиж батлав.

Хуулийн төслүүд болон тогтоолын төслийг хэлэлцэхийг дэмжлээ

Онцгой албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд болон ““Импортын барааны гаалийн албан татварын хувь, хэмжээ батлах тухай” Улсын Их Хурлын 1999 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 27 дугаар тогтоолд өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн /Засгийн газар 2015.11.27-ны өдөр өргөн мэдүүлсэн/ хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцлээ.

Хууль санаачлагчийн илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн, Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат, Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Д.Ганхуяг нар тус тус танилцуулав.

Хууль санаачлагчийн илтгэл болон байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан гишүүд асуулт асууж, үг хэлсний дараа Байнгын хорооны саналаар Онцгой албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг дэмжих нь зүйтэй гэсэн саналын томьёоллоор санал хураалт явуулсныг 58.6 хувийн саналаар, “Импортын барааны гаалийн албан татварын хувь, хэмжээ батлах тухай” УИХ-ын 1999 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 27 дугаар тогтоолд өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг дэмжих нь зүйтэй гэсэн саналаар санал хураалт явуулсныг 55.9 хувийн саналаар тус тус дэмжив. Дараа нь Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх шаардлагагүй гэж үзсэн байнгын хорооны саналын томьёоллоор санал хураалгахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь байнгын хорооны саналыг дэмжсэнгүй. Ингэснээр уг хуулийн төслийг хэлэлцэхээр болов. Ингээд хуулийн төслүүд болон тогтоолын төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох байнгын хороонд шилжүүллээ.

Монгол Улсын 2016 оны төсвийн тухай хууль батлагдсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай” тогтоолын төслийг батлав

“Монгол Улсын 2016 оны төсвийн тухай хууль баталсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ.

Төсвийн байнгын хорооны танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн Ц.Даваасүрэн танилцуулав. Танилцуулгатай холбогдуулан асуулттай гишүүд байсангүй. Хэлэлцүүлгийн шатанд зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хураалт явуулж дууссаны дараа байнгын хорооны саналаар тогтоолын төслийг бүхэлд нь батлах санал хураалт явуулсныг хуралдаанд оролцсон гишүүд 83.1 хувийн саналаар дэмжиж баталлаа.

Одоо чуулганы нэгдсэн хуралдаанаар Эрүүгийн хууль /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийж байна хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ