Элчин сайд нарт мэдээлэл өгөв

Гадаад хэргийн яамны АСЕМ-ын Бэлтгэл ажлын албанаас Европын Холбоо болон түүний гишүүн орнуудаас Монгол Улсад суугаа болон БНХАУ-аас Монгол Улсыг хавсран суугаа элчин сайд нарт АСЕМ-ын Дээд түвшний уулзалтын бэлтгэл ажлын талаар мэдээлэл өгөх уулзалтыг өнөөдөр ГХЯ-нд зохион байгууллаа.

Уулзалтад Европын Холбоо болон түүний гишүүн орнуудаас манай улсад суугаа, хавсран суугаа элчин сайд нар болон бусад холбогдох албаны 30 гаруй хүмүүс оролцсон бөгөөд ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга, АСЕМ-ын Бэлтгэл ажлын албаны дарга Д.Ганхуяг дээд түвшний уулзалтын бэлтгэл ажлын талаар танилцуулга хийж, элчин сайд нарын сонирхсон асуултад хариуллаа.

Бэлтгэл ажлын хүрээнд Дээд түвшний уулзалтын хөтөлбөр, баримт бичгүүд, дагалдах хурлууд, уулзалт болох газрууд болон аюулгүй байдал, “Чингис хаан” ОУНБ-ын засварын ажил, АСЕМ-ын 20 жилийн ойн хүрээнд хийгдэх арга хэмжээний талаар дэлгэрэнгүй мэдээлэл өглөө.

Уулзалтын төгсгөлд ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга, АСЕМ-ын Бэлтгэл ажлын албаны дарга Д.Ганхуяг Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржоос АСЕМ-ын гишүүн орнуудын төр, засгийн тэргүүн нарыг АСЕМ-ын Дээд түвшний 11 дүгээр уулзалтад хүрэлцэн ирэхийг урьсан албан ёсны урилгыг Европын улсуудын элчин сайд нарт гардууллаа.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ