"Хар машин" хахууль авдаггүй, худал хэлдэггүй

Улс төрийн намууд сонгууль бүрийн өмнө сонгуулийн хуулийг өөрчлөх хүсэл, сонирхлоороо нэгддэг жишигтэй болж байна.
Тог таслах, сонгуулийн хайрцаг солих, хүн ам олонтой тойрог, хэсгийн хорооны мэдээг албаар оройтуулах, тухайн хэсгийн хороодод луйвар явуулж сонгуулийн дүнгийн зөрүүгээ нөхөх зэрэг маш олон бохир аргачлал дунд монголын сонгууль явж ирсэн. Энэ бүхэнд сонгогчдын эрх ашиг хөсөрдөж байсан удаатай. Гэвч энэ нь батлагдахгүй, тэр ч бүү хэл хууль шүүхийнхэн өргөдөл гомдолд дарагдаастай байв. Улмаар 2008 онд энэ явдал хэрээс хэтэрч олон нийтийн дургүйцлийг хүргэсэн нь өдгөө “7 сарын 1” хэмээн тэмдэглэгдэн түүх болон үлджээ.

2012 онд анх удаа сонгуулийн дүн хүний хүчин зүйлээс ангид болж, бидний ярьж заншсанаар “сонгуулийн хар машин”-ыг ашигласнаар Монгол Улс дэвшилтэт технологийг нэвтрүүлсэн ардчилсан сонгуультай дэлхийн олон орны эгнээнд элссэн юм.
Санал тоолох хар машин бол хүн шиг хуурдаггүй, урваж шарвадаггүй, авлига авдаггүй, худал хэлдэггүй, нөлөөнд автдаггүй нь нэгэнт батлагдсан. Өмнөх сонгуулийн үеэр хар машин найдвартай эсэхийг батлахын тулд гар аргаар санамсаргүй сонголтоор дахин хяналтын тооллого хийхэд зөрүүгүй дүн гарсан билээ. Зарим нэг нэр дэвшигчид сонгуулийн дүндээ эргэлзэж, сонгуулийн машины дүнг шалгаж үзсэн удаатай. Энэ шалгалтад сонгуулийн хар машин сонгуулийн хорооны дарга, гишүүд шиг нүүр нь улайж тэвдсэнгүй, онгоцны хар хайрцаг адил осол эндэгдэл /ялагдал/-ийг тэр дор нь харуулж байжээ.
Гэтэл өчигдөрхөн сонгуулийн хар машиныг эсэргүүцсэн цөөнхийн жагсаал боллоо. Ойрд үзэгдээгүй болоод ч тэр үү лоозон барьсан жагсагчид сонирхолтой л харагдаж байлаа.
Бараг жагсаалд оролцож байгаа хүмүүсээсээ олон нам буюу 21 намын төлөөлөл гээд байгаа тэдгээр эрхмийн жагсаалын шаардлага нь хар машины эсрэг гэх. Энэ талаар зарим жиргээчид “Банкны АТМ машины, Тооны машины эсрэг жагсаал хөврөхөд гайхах зүйлгүй боллоо” хэмээн нийгмийн сүлжээгээр хошигноод авсан харагдана лээ. Жагсагчид хар машинаар иргэдийн саналыг тоолохдоо гараар давхар тоолохыг шаардаж байна гэсэн юм. Уг нь 2011 онд баталсан сонгуулийн хуульд сонгуульд өрсөлдөж байгаа нам, эвсэл, бие даагч санал хураалтын дүнг нягтлах, хүсвэл хуудсаа тоолох нөхцөл боломжийг тусгаж өгсөн байгаа. Тэгээд ч УИХ-ын гишүүд бүгд хар машиныг хүлээн зөвшөөрсөндөө энэ 76-г бүрдүүлж гурван жил гаруй хугацаанд мөр зэрэгцэн сууж байгаа. Харин тэдний зарим нь саяхнаас гэнэт яагаад эсрэг дуугарч эхэлсэн нь бас сонин. "Но"-той гэж үзэж байгаа тэдгээр эрхмүүд анхнаасаа одоогийн суудалдаа тухлах ёсгүй байсан биш үү.
Түүнчлэн дээрх жагсаал “Луйврын хар машингүй шударга сонгуулийн төлөө” гэсэн уриан дор болов. Тэгвэл луйвардсан эсэхийг нь баталсан шүүхийн дүгнэлт гэж байдаггүй юм байна.
Ер нь нэр дэвшигч санал тоолж байгаа, тоолоход нь хяналт тавьж байгаа ганц хоёр ажиглагч хүнд итгэх үү, эсвэл дэлхийн дэвшилтэт технологид итгэх үү гэдэг бол харьцуулашгүй зүйл юм. Ямартай ч санал тоолох машиныг шатааж байгаа үйлдэл нь бүх ард түмэнд таатай сэтгэгдэл төрүүлэх нь юу л бол.
Хар машинаар луйвар хийх гэж байна гэж олон нийтэд ойлголт төрүүлэхийн цаад санаа нь яаж илрэх юм бол доо. Санал тооллогын автомат машиныг сонгуульд ашиглах нь АН-д бус ард түмэнд л ашигтай.
Энэ дашрамд сонирхуулахад, Нью-Йоркийн шинийг бүтээгч Jacob H. Myers гэгч 19-р зууны сүүлчээр сонгуулийг луйвраас хамгаалж, санал өгөх аргыг энгийн, хурдан, нууц болгох зорилгоор уг машины анхны хувилбарыг зохион бүтээсэн нь өнөөгийн цахим сонгуулийн эхлэл байжээ. Анх 1892 онд Нью-Йорк мужийн Lockportin тойргийн сонгуульд үүнийг хэрэглэсэн ба хүний өндрийн дайны цахилгаан-механик болхидуу машин байсан ч тэр үед бүгд шагшран магтаж байсан гэдэг. Өдгөө санал тоолох автомат машиныг АНУ , Бразил, Мексик гэх мэтхэдэн арав, зуун сая сонгогчидтой орон, мөн зарим Европын улсууд хэрэглэдэг туршлага бий.

Манай улсад АНУ-ын “Dominion voting” компанийн “New image cast” гэдэг автомат машин 2500 ширхэг байдаг. Энэхүү машин нь найман цаг ажиллах хүчин чадалтай жижигхэн батерейтай. Тиймээс эрчим хүчний хувьд асуудал бага гэх зэрэг олон давуу талтай юм билээ.
Ю.Халиун
3,470.29
СЭТГЭГДЭЛ БИЧИХ