Хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжлээ

Улсын Их Хурлын чуулганы өчигдрийн /2016.01.07.Пүрэв гараг/ үдээс хойших нэгдсэн хуралдааны эхэнд Захиргааны ерөнхий хууль батлагдсантай холбогдуулан бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн /Засгийн газар 2015.12.22-ны өдөр өргөн мэдүүлсэн/ хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэв. Хууль санаачлагчийн илтгэлийг Хууль зүйн сайд Д.Дорлигжав, Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ж.Батзандан нар танилцууллаа.

Улсын Их Хурлын 2015 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн нэгдсэн чуулганаар захиргааны байгууллагын үйл ажиллагааг зохицуулж буй 250 гаруй салбар хуулиудын нийтлэг асуудлуудыг зохицуулсан Захиргааны ерөнхий хуулийг баталсантай холбогдуулан Улсын Их Хурлаас 2015 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн “Захиргааны ерөнхий хууль баталсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай” 61 дүгээр тогтоолыг баталсан. Энэхүү тогтоолын 1.1-д “Захиргааны ерөнхий хуультай бусад хууль тогтоомжийг нийцүүлэх болон давхардал, зөрчлийг арилгах, уялдуулах үүднээс хуулийн төслийг боловсруулсан байна. Хэлэлцүүлгийн шатанд Улсын Их Хурлын гишүүн Д.Лүндээжанцан хуулийг хэрэгжүүлэх бэлтгэл ажил ямар байгаа болон энэ чиглэлээр сургалт явагдаж байгаа эсэх талаар тодотгосон юм.

Хууль зүйн сайд Д.Дорлигжав өгсөн тайлбартаа, Захиргааны ерөнхий хууль өнгөрсөн хавар батлагдсан. Процессын тухай хуулийн хэлэлцэх эсэх асуудал байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэн шийдэгдсэн байгаа. Хууль зүйн яамнаас энэ чиглэлээр Ханс Зайделийн сан болон бусад хуулийн байгууллагуудтай хамтарсан сургалтыг явуулж байна. Ялангуяа Төрийн нарийн бичгийн дарга нар болон захиргааны шийдвэр гаргах түвшингийн хүмүүс сургалтад хамрагдаж байгаа. Нийтээр дагаж мөрдөх шинжтэй, хэв хэмжээ тогтоосон салбарын шинжтэй эрхийн актуудыг баталж гаргах, мөрдүүлэх асуудлыг шинэ хуультай нийцүүлэх, нийцэж байгааг нь тэр чигээр нь мөрдүүлэх, цэгцлэх асуудал Процессын тухай хууль батлагдсаны дараа Хууль зүйн яам болон бусад холбогдох яамд дээр явагдана гэв.

Ингээд байнгын хорооны саналаар Захиргааны ерөнхий хууль батлагдсантай холбогдуулан бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжих нь зүйтэй гэсэн саналын томьёоллоор санал хураалт явуулсныг хуралдаанд оролцсон гишүүд 80.8 хувийн саналаар дэмжсэн тул анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хууль зүйн байнгын хороонд шилжүүлэв.

Улсын бүртгэлийн ерөнхий хууль болон холбогдох бусад хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ

Улсын Их Хурлын чуулганы энэ өдрийн үдээс хойших хуралдаанаар Улсын бүртгэлийн ерөнхий хууль болон холбогдох бусад хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн /Засгийн газар 2015.12.22-ны өдөр өргөн мэдүүлсэн/ хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцлээ. Хууль санаачлагчийн илтгэлийг Хууль зүйн сайд Д.Дорлигжав, Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн З.Баянсэлэнгэ нар танилцуулав.

Монгол Улсын 2016 оны төсвийн тухай хуулиар 2016 оны 1 дүгээр сарын 01-ны өдрөөс Үндэсний статистикийн хороог татан буулгаж чиг үүргийг Улсын бүртгэлийн ерөнхий газарт нэгтгэхээр шийдвэрлэсний дагуу Улсын бүртгэлийн ерөнхий хууль, Статистикийн тухай хуульд холбогдох өөрчлөлтийг оруулах шаардлагатай болсны дагуу Улсын бүртгэлийн ерөнхий хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулсан байна.

Улсын Их Хурлаас төсвийг хэмнэлтийн горимд шилжүүлэх зарим арга хэмжээний хүрээнд төрийн байгууллагуудын чиг үүргийг оновчтой тодорхойлж санхүүжүүлэх, чиг үүргийн давхардлыг арилгах, цомхон бүтэцтэй байлгаж, бүтээмжийг нэмэгдүүлэх замаар төсвийн хөрөнгийн үр ашгийг дээшлүүлэх, зардал хэмнэх зарчим баримтлан 2016 оны төсвийн тухай хуулийг баталсан.

Ийнхүү өөрчлөн зохицуулсантай холбогдуулж Статистикийн тухай, Авлигын эсрэг хууль, Барилгын тухай, Гаалийн тухай, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай, Нийгмийн даатгалын тухай, Нийгмийн халамжийн тухай, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай, Өрийн удирдлагын тухай, Тэтгэврийн даатгалын шимтгэлийн нэрийн дансны тухай , Төрийн албаны тухай, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай, Төлбөрийн чадваргүй яллагдагчид үзүүлэх хууль зүйн туслалцааны тухай, Хөгжлийн бэрхшээлтэй иргэний нийгмийн хамгааллын тухай, Хүн амын орон сууцны улсын тооллогын тухай хуулиудад өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд болон Улсын Их Хурлын 2014 оны 14 дүгээр тогтоол, 2009 оны 6 дугаар тогтоол, уг тогтоолын хавсралт, 2009 оны 87 дугаар тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг боловсруулжээ.

Хууль санаачлагчийн илтгэл болон байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ц.Даваасүрэн, Д.Дэмбэрэл, О.Баасанхүү, Р.Гончигдорж, Ц.Нямдорж, С.Дэмбэрэл, Ц.Баярсайхан нар асуулт асууж, үг хэлсний дараа хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжих нь зүйтэй гэсэн байнгын хорооны саналын томьёоллоор санал хураалт явуулсныг 65.4 хувийн саналаар дэмжсэн тул анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хууль зүйн байнгын хороонд шилжүүлэв.

Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжив

Чуулганы нэгдсэн хуралдаанаар Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн /Монгол Улсын Ерөнхийлөгч 2015.12.11-ний өдөр өргөн мэдүүлсэн/ хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэв. Хууль санаачлагчийн илтгэлийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Хүний эрх, хуулийн бодлогын зөвлөх Ч.Өнөрбаяр, Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ж.Батзандан нар танилцууллаа.

Шүүх эрх мэдлийн байгууллагын үйл ажиллагааг ил тод, нээлттэй болгож, шүүн таслах ажиллагаанд тавих олон нийт хяналтын эрх зүйн орчинг бүрдүүлэх үндсэн зорилгоор Монгол Улсын Их хурлаас 2012 оны 5 дугаар сарын 22-ний өдөр Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн эрх зүйн байдлын тухай хуулийг батлан гаргасан.

Гэвч хуулийн “амин сүнс” болсон иргэдийн төлөөлөгч шүүх хуралдаанд шүүгчийн нэгэн адил шүүн таслах эрхтэй оролцох асуудлыг зохицуулсан Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.3.1, 3.4, 9 дүгээр зүйлийн 9.3 болон бусад заалтыг Үндсэн хуулийн цэц 2014 оны 1 дүгээр тогтоолоор Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчинесдүгээр зүйлийн 2 дахь хэсгийг зөрчсөн” хэмээн үзэж хүчингүй болгосон нь тус хуулийг хэрэгжүүлэхэд хүндрэл үүсгэж байна.

Учир нь өнөөдөр хүчин төгөлдөр үйлчилж буй Эрүүгийн байцаан шийтгэх хууль, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай болон Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиудад иргэдийн төлөөлөгчийн эрх үүрэгтэй холбоотой асуудлыг тэр бүр нарийвчлан тусгаж өгөөгүй учир өнөөгийн байдлаар иргэдийн төлөөлөгчийн гаргасан дүгнэлтэд шүүхүүд харилцан адилгүй байдлаар хандаж, үнэлэх асуудал гарах үндэс болж байна.

Мөн Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тогтоолын дагуу Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн зарим зүйл заалт Үндсэн хууль зөрчсөн гэх үндэслэлээр хүчингүй болсонтой холбоотойгоор уг асуудлыг зохицуулж байсан хуулиудын хоорондын уялдаа холбоог алдагдаж, хууль хэрэглээнд үүссэн тодорхойгүй байдлыг арилгах шаардлага тулгарч байна. Иймд эдгээр болон бусад асуудлыг нэг мөр шийдвэрлэж, шүүх бүрэлдэхүүн иргэдийн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан санал, дүгнэлтэнд хэрхэн ач холбогдол өгч, шүүгдэгч, зохигчийн гэм буруугийн талаар бичгээр гаргасан дүгнэлтийн агуулгыг шүүхийн шийдвэр, шийтгэх, цагаатгах, шүүхийн тогтоолд заавал тусгаж, түүнийг үнэлж, дүгнэхтэй холбогдсон эрх зүйн зохицуулалтыг төсөлд нарийвчлан тусгасан гэдгийг хууль санаачлагч илтгэлдээ дурдав.

Хууль санаачлагчийн илтгэл болон байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн О.Баасанхүү асуулт асууж хариулт авав. Мөн хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжиж буйгаа илэрхийлж Улсын Их Хурлын гишүүн Х.Тэмүүжин үг хэлсэн бол хэлэлцэхийг дэмжих боломжгүй гэсэн байр сууринаас Улсын Их Хурлын гишүүн О.Баасанхүү байр сууриа илэрхийлэв.

Ингээд хуулиудын төслийг хэлэлцэхийг дэмжих нь зүйтэй гэсэн байнгын хорооны саналын томьёоллоор санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүд 65.4 хувийн саналаар дэмжсэн тул анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ.

Монгол хүүхдийн хүмүүжлийн асуудалд онцгой анхаарал хандуулах хэрэгтэй гэв

Дараа нь Боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийн /Засгийн газар 2015.12.17-ны өдөр өргөн мэдүүлсэн/ хэлэлцэх эсэхийг хэлэлцэв. Хууль санаачлагчийн илтгэлийг Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Я.Содбаатар нар танилцууллаа.

Монгол Улсын Их Хурлын 2008 оны 12 дугаар тогтоолоор баталсан “Мянганы хөгжлийн зорилтод суурилсан үндэсний хөгжлийн цогц бодлого”, Улсын Их Хурлын 2010 оны 48 дугаар тогтоолоор баталсан “Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал”, Улсын Их Хурлын 2015 оны 1 дүгээр сарын 29-ний өдрийн 12 дугаар тогтоолоор шинэчлэн баталсан “Төрөөс боловсролын талаар баримтлах бодлого”, Улсын Их Хурлын 2012 оны 37 дугаар тогтоолоор баталсан “Монгол Улсын Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааныхөтөлбөрийн холбогдох зорилтуудыг үндэслэн, Боловсролын тухай болон Дээд боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулиудын төсөл, үүнтэй холбогдуулан бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиудын төслийг тус тус боловсруулжээ. Мөн боловсролын салбарын болон сургалтын байгууллагын удирдлага, засаглалын шинэ зарчмыг хэрэгжүүлэх замаар чанарын баталгаажилтын тогтолцоог нэвтрүүлэх, олон улсын хөгжлийн чиг хандлагад нийцүүлэх зорилгоор энэхүү хуулиудын төсөлд өөрчлөлт оруулсан байна.

Гишүүдийн зүгээс монгол хүүхдийн хүмүүжлийн асуудалд онцгой анхаарал хандуулах, боловсролын салбарын менежментийг сайжруулах, боловсролын цөм хөтөлбөр ямар стандартаар хэрэгжиж байгаа зэрэг асуудлыг хөндөж их, дээд сургуулиудын оюутны төлбөр илт зөрүүтэй байгаа болон зарим хувийн ерөнхий боловсролын сургуулиудын төлбөр их, дээд сургуулийн төлбөрөөс хэд дахин их байгаа нь сургалтын чанартай уялдаж чадаж байгаа эсэхийг тодотгов. Мөн дээд сургууль төгссөн хүмүүсийн тоо их байгаа ч сургалт чанаргүй, доошоо харсан пирамид шиг байна гэсэн шүүмжийг хэлж байсан юм. Гишүүд асуулт асууж дууссаны дараа хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг маргаашийн чуулганы нэгдсэн хуралдаанаар үргэлжлүүлэн хэлэлцэхээр болж чуулганы энэ өдрийн хуралдаан өндөрлөв хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ