Иргэний болон үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ

Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Иргэний хуульд нэмэлт оруулах тухай болон Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн /Улсын Их Хурлын гишүүн Д.Ганбат нарын 27 гишүүд 2016.01.08-ны өдөр өргөн мэдүүлсэн/ хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцлээ.

Хуулийн төсөл санаачлагчийн илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн Д.Ганбат танилцуулав. Монгол Улсын Үндсэн хуулийн зарчим, үзэл баримтлалд нийцүүлэн 2002 онд Иргэний хуулийг баталж эд хөрөнгийн барьцааны нийтлэг зохицуулалт, тэр дундаа үл хөдлөх эд хөрөнгийн барьцаа /ипотек/-ны зохицуулалтыг тусгаж өгсөн. Үл хөдлөх эд хөрөнгө буюу ипотекийн зүйлийг барьцаалах замаар санхүүгийн зуучлалыг хөгжүүлж эргэлтэд оруулах эрх зүйн орчныг бүрдүүлэх нь улс орны эдийн засгийн хөгжлийг түргэтгэх, хөрөнгө оруулалт, зээлийн санхүүжилтийн хэмжээг нэмэгдүүлэх нэн чухал хөшүүрэг болдог. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавдугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Өмчлөгчийн эрхийг гагцхүү хуульд заасан үндэслэлээр хязгаарлаж болно.”, мөн зүйлийн 4 дэх хэсэгт “Төр нь үндэсний эдийн засгийн аюулгүй байдал, аж ахуйн бүх хэвшлийн болон хүн амын нийгмийн хөгжлийг хангах зорилгод нийцүүлэн эдийн засгийг зохицуулна.” гэж заасныг үндэслэн өмчлөгч нь ипотекийн зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг гуравдагч этгээдийн өмчлөлд шилжүүлэх хэлцэл хийх тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгчээс зөвшөөрөл авах эрх зүйн зохицуулалтыг бий болгох шаардлага үүссэн гэдгийг хуулийн төсөл санаачлагч илтгэлдээ дурдав.

Төсөл санаачлагчийн илтгэлтэй холбогдуулан гишүүд санал хэлсэн юм.

Улсын Их Хурлын гишүүн Х.Тэмүүжин, иргэдийн орон сууцтай болох, өөрийн өмчлөлийн газар дээрээ үл хөдлөх барилга байгууламж барих, үйлдвэрлэл явуулах, түүндээ зээл авахтэй холбоотой харилцаа хууль ёсны байх гэсэн зах зээлийн хамгийн нарийн, эмзэг харилцаан дээр мэдрэмжгүй, хэтэрхий нэг талыг барьсан шийдвэр гаргасны улмаас ипотек, үл хөдлөх эд хөрөнгийн барьцаатай холбооттой зах зээлийн тогтолцоог үндсэндээ зогсоож, мухардалд оруулсан. Ипотекийн зах зээлийг эрсдэлгүй, тодорхой хууль зүйн боломжийг бий болгох хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжиж байна гэсэн байр суурьтай байгаагаа илэрхийлсэн бол Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнэ, улс орны нийгэм, эдийн засгийн бодит байдлыг өргөн хүрээтэйгээр харж гаргаж байгаа аль ч шатны албан тушаалтнуудын шийдвэр, үнэлэлт, дүгнэлт нь үндэсний язгуур эрх ашигт нийцсэн байх ёстой. Мөн иституци хоорондын харилцаа, хууль эрх зүйн зохицуулалт дээр анхаарч өөрчлөлт хийх нь зүйтэй гэв.

Улсын Их Хурлын гишүүд санал хэлсний дараахуулийн төслүүдийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх нь зүйтэй гэсэн саналын томьёоллоор санал хураалт явуулсныг байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн дийлэнх олонх дэмжив.

Мөн хуралдаанаар Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн /Улсын Их Хурлын гишүүн Х.Тэмүүжин 2015.12.18-ны өдөр өргөн мэдүүлсэн/ эцсийн хэлэлцүүлгийг хийх байсан ч уг асуудлаар Улсын Их Хурал дахь МАН-ын бүлгээс авсан завсарлагын хугацаа дуусгавар болоогүй тул маргааш өдрийн 13.30 цагт байнгын хорооны хуралдааныг үргэлжлүүлэн хуралдуулахаар боловхэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ