Ц.Оюунгэрэл: Дараагийн эмэгтэй удирдагчдаа танилцуулахгүй бол үе тасрах аюултай

Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны дээд чуулган энэ сарын 18-нд Төрийн ордонд болно. Уг чуулганы үеэр тус холбооны одоогийн тэргүүн Ц.Оюунгэрэл ажлаа хүлээлгэн өгөх юм. Тиймээс АЭХ-ны тэргүүнд нэр дэвшигсэд өчигдөр батламжаа гардан авлаа. Намын бүх шатны шийдвэр гаргах түвшинд төлөөлөлтэй, 98 мянган гишүүнтэй тус холбооны тэргүүнд өрсөлдөхөөр Б.Ургамалцэцэг, И.Нарантуяа, Л.Нармандах, З.Нарантуяа, Л.Эрдэнэчимэг, С.Одонтуяа, Г.Хажидмаа, Г.Байгальмаа, Ц.Одонтунгалаг, Д.Оюунцэцэг, Д.Цэрэнчимэг нар нэр дэвшжээ.
Тэдний хувьд С.Одонтуяа, Л.Эрдэнэчимэг нь УИХ-ын гишүүн бол Б.Ургамалцэцэг нь Ерөнхий сайдын зөвлөх, дэд сайдын алба хашиж байсан олон сонгуульд эмэгтэйчүүдээ удирдаж оролцож байсан туршлагатай гэгддэг. Мөн Г.Байгальмаа дэд сайдын алба хашиж байгаад саяхан УИХ-ын даргын орон тооны бус зөвлөхөөр томилогдсон, И.Нарантуяа Хүүхдийн төлөө үндэсний газрын даргын, З.Нарантуяа Санхүүгийн зохицуулах хорооны даргын алба хашиж байгаад хүлээлгэж өгөөд байгаа. Бусад нь нийслэл, дүүрэг, төрийн мэдлийн байгууллагуудад ажилладаг юм.
Өчигдөр нэр дэвшигч бүсгүйчүүд батламжаа гардан авах үеэр АЭХ-г дөрвөн жил тэргүүлсэн УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэлээс дараахь тодруулгыг авлаа.
-АЭХ-ны тэргүүний суудлын төлөө 11 эмэгтэй өрсөлдөж байна. Та хэн нэгнийг нь онцгойлон дэмжиж байгаа юу?
-Тэгэхийг хүсэхгүй байгаа. Тэгш өрсөлдөөнийг хангах, тэгш сурталчлах, бүгдийг нь олон нийтэд таниулах миний зорилго. Үнэнийг хэлэхэд би яг одоо хэнд саналаа өгөхөө ч мэдэхгүй байна.
-Та АЭХ-ны тэргүүнд дахин нэрээ дэвшүүлэх боломж байсан. Яагаад суудлаа өгчихөв?
-Би АЭХ-ны тэргүүний суудалд дахин нэр дэвшихгүй гэдгээ 2010 онд эмэгтэйчүүддээ хэлсэн. Яагаад гэхээр эмэгтэй удирдагч нарыг олноор нь төрүүлэх хэрэгтэй байна. Эмэгтэй гишүүдийн нэг үе УИХ-д ороод ирж болно. Гэсэн ч дараагийн үеийнхэн хаана байна гэдгийг олон нийтэд хурдан танилцуулахгүй бол дараагийн үе байхгүй юм шиг сэтгэгдэл төрөх гээд байдаг. Үе тасрах аюултай. Тийм учраас дараагийн үеэ бэлтгэхэд онцгой анхаарна гэдгээ гишүүддээ хэлсэн. Жилийн өмнөөс сонгуулиа зарлая, эмэгтэйчүүд нэр дэвшихэд бэлтгээрэй гэж хүүхнүүддээ хэлж байлаа. Манай АЭХ-ны дээд чуулганд 11 эмэгтэй өрсөлдөхөөр нэрээ дэвшүүлээд байна. Мэдээж нэг л хүн ялна. Гэхдээ өрсөлдөөний явцад 11 эмэгтэйг АЭХ-ны тэргүүний түвшинд бэлтгэнэ гэсэн үг. Олон эмэгтэйг таниулах хэрэгтэй байгаа учраас нэг суудал дээр нэг эмэгтэй арав, хорин жил суух нь чухал биш гэж боддог.
-Таныг бас 2016 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшихгүй гэж жиргээд олон хүнд загнуулсан гэж сонслоо?
-Зохиол бичвэл маш их хийх ажил байна даа гэж санагдсан үедээ тэр жиргээг бичсэн. Эцсийн шийдвэр улс төрийн шийдвэр гарна. Улс төрийн шийдвэрийг гаргахад улс төрийн хамт олон, нам, эмэгтэйчүүдтэйгээ зөвлөнө. Хувь хүний хувьд дараагийн үеийн улстөрчдөө тосон авахад бэлэн байна шүү гэдгээ илэрхийлж байгаа гэж ойлгож болно.
С.АЛТАН
3,470.29
СЭТГЭГДЭЛ БИЧИХ