Муу мундрыг нь дуудуулж байж явуулах ямар хэрэг байна

Гадаад улсад болон олон улсын байгууллагад өөрийн улсаа төлөөлөн суугаа дипломатын хамгийн дээд зэрэгтэй өөрийн улсын эрх ашиг, удирдлагыг албан ёсоор төлөөлж буй эрхмийг Элчин сайд гэнэ. Ийм тодорхойлолт Википедиад бүртгэгджээ. Мөн Элчин сайд нар олон улсын эрх зүйн байдлын дагуу бүрэн дипломат халдашгүй дархан эрх эдэлдэг.Дипломат халдашгүй дархан эрхийг 1961 оны дипломат харилцааны тухай Веннийн конвенциор зохицуулдаг.

Гэтэл энэ Венийн конвенцийг манай улс нэлээд зөрчиж, асуудал үүсгэн, шившгээ тарьдаг тухай олон хүн хэлсэн байх юм. Учир нь Элчин сайд нарыг тус улсын Төрийн тэргүүн томилдог бөгөөд өөрийн орны Гадаад хэрэг эрхэлдэг яамны удирдлага доор ажиллана хэмээн заасан ч манай улс шат дамжлага ихтэйгээс цаад улсынхаа ажлыг ч алдуулж, өөрийнхөө орны нэр хүндийг ч унагах тохиолдол их байдаг юм байна.

Бүр зарим чухал оронд суух Элчин сайдын томилгоог хийлгүй нэг жил, жил хагасын хугацаа өнгөрсөн тохиолдол ч гарч байж. Тухайлбал, Элчин сайд нарыг эргүүлж дуудаад хоёр жил болоход орны хүний асуудлыг Засгийн газар оруулж ирж чадалгүй хугацаа алддаг тохиолдол ч гарч байсан гэдэг.

Нэгэнт дуудагдсан хүн чинь “явах хүнээр ачаа бүү татуул, салах эхнэрт үнээ тугал нийлэх хамаагүй” гэдэг шиг ажлаа ч олигтой хийсэн юмгүй, ацан шалаанд ордог гэдэг ч үнэн.Тэгээд ч тэр дуудагдсан хүн яаж олигтой ажиллах вэ дээ.

Бас болоогүй, эндээс томилсон хүнээ УИХ-ын чуулганы хуралдаан дээр оруулж ирж байгаад элдвээр хэлж, хуучин намтар түүхийг нь сөхөж, муу мундрыг нь дуудсаар байгаад арай гэж эцэслэн батлаад явуулдаг. Гэтэл олон нийтийн цахим сүлжээ, онлайн ертөнц өндөр хөгжсөн гадаадын улс орнууд манай улсад ямар Элчин сайд томилогдох гэж байна гээд хараад сууж байдаг нь лавтай. Тиймээс ч эх орныхоо нэрийг ингэж гутаах эрх байдаг ч юм уу, энэ эрхэм гишүүдэд.

Угаасаа Элчин сайдыг томилох, эргүүлэн татах асуудлыг Ерөнхийлөгч мэддэг, Веннийн дипломат конвенцид Элчин сайдыг томилох асуудлыг нууцаар явуулна гэж заасан байтал ил задгай ярьж, муу муухайгаа дуудалцан шившгээ тарьж яана. Ийм байхаар манай улсад хэн итгэх юм. Эндээс хамаг муухайгаа дуудуулчихаад очсон хүн ч ямар өөдтэй байх билээ. Тйим ч учраас муу мундрыг нь дуудуулж байж явуулах ямар хэрэг байна даа.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ