Засгийн газрын хуралдаанаар шийдвэрлэсэн асуудлууд

Засгийн газрын ээлжит хуралдаан 1 дүгээр сарын 25-нд болж, дараах шийдвэрүүдийг гаргалаа. Шийдвэрүүдийн талаар Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албаны дарга Б.Цээпил мэдээлэл хийлээ.

Хуулийн төслийг нэн яаралтай хэлэлцүүлэхээр УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо

Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцээд Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд заасны дагуу нэн яаралтай хэлэлцүүлэхээр Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхээр тогтлоо.

Банк, санхүүгийн байгууллагууд зээл олгохдоо өндөр шаардлага тавьдаг, олон төрлийн баримт бичиг шаарддаг, зээлийн судалгаанд хугацаа их зарцуулдаг зэрэг нь иргэдэд хүндрэлтэй байдгаас зах зээлд ломбард буюу барьцаалан зээлдэх газрын эрэлт, хэрэгцээ байсаар байна. Гэвч энэ үйл ажиллагааг эрхлэгчдэд тавигдах шаардлага, шалгуурыг тогтоогоогүй, барьцаалан зээлдүүлэгчийн хөрөнгө, олгож буй нийт зээлийн хэмжээ тодорхойгүй, уг үйл ажиллагааг бүртгэх, хяналт тавих эрх зүйн зохицуулалт байхгүй байгаа нь ажиллагаа эрхлэгчид татвар төлөхгүй байх нөхцөлийг бүрдүүлж байгаа юм.

Мөн барьцаалан зээлдүүлэх үйл ажиллагааны талаар иргэдээс Хүний эрхийн комисс болон Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт ломбардууд иргэдийн хөрөнгийг бага үнээр барьцаанд авдаг, барьцаалсан эд хөрөнгийн хадгалалт, хамгаалалт, аюулгүй байдал хангалтгүй, хүү болон хугацааг дураараа тогтоодог, барьцааны хугацаа дуусахад барьцаалсан эд хөрөнгийг борлуулахдаа эзэнд нь мэдэгддэггүй зэрэг гомдлыг гаргажээ. Иймд ломбард буюу барьцаалан зээлдүүлэх үйл ажиллагааг тусгай зөвшөөрлийн үндсэн дээр эрхлэх эрх зүйн зохицуулалтыг бий болгохоор Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг боловсруулаад байна.

Хуулийн төслүүдэд Санхүүгийн зохицуулах хороо нь барьцаалан зээлдүүлэх үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийг олгож, үйл ажиллагаанд нь хяналт тавьж, барьцаалан зээлдүүлэх үйл ажиллага эрхлэх журмыг батлахаар тусгажээ.

Тогтоолын хавсралтад нэмэлт орууллаа

Монгол Улсын баруун, зүүн бүсийн хөдөө аж ахуйн үйлдвэрлэл, худалдааг хөнгөвчлөх, мах, махан бүтээгдэхүүний экспортыг дэмжих зорилгоор Засгийн газрын 2003 оны 173 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар батлагдсан “Ургамлын үр, үслэг, суулгац, амьтан, түүний үр хөврөл, түүхий мах, дайвар бүтээгдэхүүн болон бичил биетний өсгөвөр, эмгэгт материалын дээжийг улсын хилээр нэвтрүүлэх боомтуудын жагсаалт”-д нэмэлт орууллаа. Түүхий мах, дайвар бүтээгдэхүүн экспортлох боомтуудад Говь-Алтай аймгийн Бургастай, Өмнөговь аймгийн Гашуунсухайтын боомтыг тус тус нэмэхээр шийдвэрлэлээ.

ТОВЧ МЭДЭЭ:

- С.Эрдэнийг Монгол Улсаас Америкийн Нэгдсэн Улсад суух Өргөмжит консулаар томиллоо.

- Барилгын хийц үйлдвэрлэх хөдөлгөөнт цогцолборын санхүүжилтийн талаар хэлэлцээд Засгийн газрын тогтоол гаргахаар шийдвэрлэлээ.

- Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүдийг нэн яаралтай хэлэлцүүлэхээр УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтов.

- Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлан боловсруулсан Монгол Улсын иргэний харъяаллын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцээд, зарим саналыг төсөл санаачлагчид уламжлахаар тогтлоо.

- Хууль тогтоомжийн хэрэгцээ, шаардлагыг урьдчилан тандан судлах , хууль тогтоомжийн төсөл боловсруулах, хууль тогтоомжийн төслийн үр нөлөөг үнэлэх, хууль тогтоомжийг хэрэгжүүлэхтэй холбогдон гарах зардлын тооцоог хийх, хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт, шинжилгээ хийх, хууль тогтоомжийн хэрэгжилтийн үр дагаварт үнэлгээ хийх аргачлалуудыг тус тус баталлаа.

- УИХ-ын гишүүн Ц.Оюунбаатарын санаачлан боловсруулсан “Газар хөдлөлтийн гамшгаас Урьдчилан сэргийлэх эрсдэлийг бууруулах талаар авах арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцээд зарчмын хувьд дэмжлээ.

- УИХ-ын гишүүн А.Бакейн санаачлан боловсруулсан УИХ-ын чуулганы Худалдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Нийтийн сонсголыг зохион байгуулах журам батлах тухай УИХ-ын тогтоолын төсөлд зарим саналыг төсөл санаачлагчид уламжлахаар тогтов.

- Монгол Улс болон Унгар Улсын хооронд байгуулсан хоёр талт гэрээний үйлчлэлийн тухай Монгол Улсын Засгийн газар, Унгар Улсын Засгийн газар хоорондын протоколын төслийг хэлэлцэн дэмжиж, уг протоколд гарын үсэг зурахыг Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэнд зөвшөөрлөө.

- “Засгийн газар хоорондын комиссуудын Монголын хэсгийн бүрэлдэхүүний тухай” тогтоолын хавсралтад өөрчлөлт орууллаа.

- “Дорноговь аймгийн Замын-Үүд суманд нийтийн тээврийн авто буудлыг шинэчлэн байгуулах төсөл”-ийн концессын гэрээг байгуулах эрхийг Хөрөнгө оруулалтын газарт олгож, гэрээ байгуулах ажлыг холбогдох хууль тогтоомжийн дагуу удирдан зохион байгуулахыг Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбатад даалгав гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ