Ц.Оюунбаатар: Би Г.Шийлэгдамбаар гарын үсэг зуруулаагүй

Авлигын хэргээр саатуулагдаад буй ЭМС-ын сайд асан Г.Шийлэгдамба өчигдөр Цензургүй яриа нэвтрүүлэгт оролцож, намынх нь өөрт нь хэрхэн хандсан тухай ний нуугүй ярьсан. Тухайлбал, Шадар сайд Ц.Оюунбаатар хоригдож байхад нь эргэхдээ сайдын болон ЕНБД-ын суудлаа өгөх бичигт хүчээр гарын үсэг зуруулсан гэж мэдээлсэн юм. Тиймээс энэ талаар Шадар сайд Ц.Оюунбаатараас тодрууллаа.

-Г.Шийлэгдамба сайд таныг өөрийнх нь өмнөөс бланкан дээр өргөдөл бичиж, гарын үсэг зуруулсан гэж ярьсан. Энэ үнэн үү?

-Ямар ч бланкан дээр би гарын үсэг зуруулаагүй. Тийм цаг хугацаа тийм боломж ч байхгүй. Авлигатай тэмцэх газарт байцаалтад ирсэн үед нь би хамгийн сүүлд ажил төрлийн асуудлаар санал солилцсон. Энэ асуудлаар Ерөнхий сайдад санал тавьж байсан. Энэ хүрээнд миний оролцоо дууссан. Тэр гарын үсэг зурсан, өргөдөл хүсэлт гаргасан асуудал дараагийн асуудал.

-Намын санхүүжилтийн талаар юу хэлэх вэ?

Намын улс төрийн санхүүжилтийн талаархэлэхэд намын санхүү хөмрөг хариуцсан хүн нь би биш. Санхүү мөнгөний асуудалд би хэзээ ч хаана ч оролцож байгаагүй. Энэ талын мэдээлэл надад алга.

-Та хандив цуглуулдаг уу?

-Би өөрийнхөө цалингаар амьдардаг. Би 40 жил Монголын төрд ажиллаж байна. Хууль дүрмээ барьж ажиллаж байгаа. Хэн нэгнээс юм гуйж явсангүй. Хэн нэгэнд ч юм өгч явсангүй.

-Танд МАХН-ын дарга Н.Энхбаяр хандив олж ир гэж тулгаж байгаагүй гэсэн үг үү?

-Би хууль сахидаг, хуулийн мэргэжлийн хүн. Хуулийнхаа хүрээнд үйл ажиллагаа явуулж байгаа. Би тийм асуудалтай тулгарч байгаагүй.

Г.Заяа

СЭТГЭГДЭЛ БИЧИХ