“Мэдээллийн цаг” хурал болов

Гадаад хэргийн яамны ээлжит “Мэдээллийн цаг” өнөөдөр зохион байгуулагдав.

Энэ удаагийн мэдээллийн цагаар Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн энэ оны 3 дугаар сарын 2-4-ны өдрүүдэд Женев хотноо болсон НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн Өндөр түвшний хуралдаанд оролцсон, Монгол Улс, Бүгд Найрамдах Колумби Улсын ГХЯ-д хоорондын хоёрдугаар Зөвлөлдөх уулзалт болсон, Монгол Улсад энэ оны 3 дугаар сарын 16-19-ний өдрүүдэд Бүгд Найрамдах Беларусь Улсын Шадар сайд Владимир Ильич Семашко-гийн хийх албан ёсны айлчлал болон Улаанбатаар хотноо болох “Зүүн хойд Азийн эрчим хүчний хэлхээ холбоо” сэдэвт олон улсын семинар, ГХЯ-ны Олон улсын хамтын ажиллагааны сангаас зохион байгуулах “Сайн засаглал ба байгалийн нөөцийн удирдлагын найдвартай үйлчилгээ”, “Ази дахь ардчилсан шилжилтүүд” сэдэвт олон улсын семинаруудын тухай дэлгэрэнгүй мэдээлэл өгөв. Гадаад хэргийн сайд чуулганд хэлсэн үгэндээ ХЭЗ-ийн гишүүнээр ажиллах хугацаандаа жендерийн тэгш байдал, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах чиглэлээр ажиллахаар төлөвлөсөн талаар танилцуулжээ. Мөн Монгол Улс Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулж, цаазаар авах ялыг бүрэн хассан улс болсныг албан ёсоор мэдэгдсэн байна.

Түүнчлэн “Дэлхийн Монголчууд” хөтөлбөр, “Монгол Улсыг гадаадад сурталчлах хөтөлбөр”, гадаад улсын иргэд Монгол Улсад зорчих визний нөхцөл болон хилийн чанад дахь Монгол Улсын иргэд хууль зөрчиж байгаа асуудалтай холбоотой сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулав.

Тухайлбал, БНАСАУ-ын дипломат ажилтнууд Монгол Улсаар дамжуулан хориотой бараа бүтээгдэхүүн зөөвөрлөж байна гэх мэдээлэл тархаад байсан. Энэ талаар тайлбарлахдаа, хилээр орж ирж буй бараа бүтээгдэхүүн бүрийг нарийн бүртгэж, хяналттай ажилладаг учраас тийм асуудал байхгүй гэсэн юм. Ер нь дипломат ажилтан гэдэг хилээр хяналтгүйгээр бараа бүтээгдэхүүн оруулах эрх ямба байдаггүй учраас ийм боломжгүй гэлээ.

Ю.Халиун

СЭТГЭГДЭЛ БИЧИХ