АҮ-ийн салбарын төлөөлөл МАН-ын мөрийн хөтөлбөрт саналаа өглөө

Баялаг бүтээгч, аж үйлдвэрийн салбарын эрдэмтэн судлаачдын төлөөлөл Монгол Ардын намын мөрийн хөтөлбөрт тусгах саналаа УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт, Нарийн бичгийн дарга Т.Гантулга, Нийгэм, эдийн засгийн бодлогын газрын дарга А.Ариунзаяа болон МАН-ын дарга, Ерөнхий нарийн бичгийн даргын зөвлөхүүдэд гардуулан өглөө. Улс орноо хөгжүүлэхийн тулд тухайн салбартаа олон жил ажилласан эрдэмтэн, судлаачдын санаа оноог сонсдог байх нь чухал. Тиймээс салбартаа олон жил үр бүтээлтэй ажилласан хүмүүс гараа хумхиад суух биш Монголын улс төрийн ууган хүчний мөрийн хөтөлбөрт санаагаа багтаахыг зорьж буйгаа хэлж байсан юм. Уулзалтын үеэр МАН-ын Нарийн бичгийн дарга Т.Гантулга МАН-д санаачилга гарган хандаж байгаад талархаж буйгаа хэлээд эрдэмтэн, судлаачдын саналыг мөрийн хөтөлбөрт ямар нэгэн байдлаар тусгана гэдгээ хэллээ. Харин УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт "Аж үйлдвэрийн салбартбаримтлах бодлогыг өнгөрсөн онд УИХ баталсан. Үйлдвэржилтийг дэмжих тухай хуультай болсон. Томоохон ажлууд эхэлж байгаа. Энэ эхлэлийг цааш нь яаж үр дүнтэй болгох вэ гэдэгт улс төрийн намууд сонгуулийн мөрийн хөтөлбөр дэвшүүлж оролцоно. Мөрийн хөтөлбөрийн гол ажил нь аж үйлдвэрийн салбарын сэргээх, хөгжүүлэх дээр тулгуурлаж байгаа. Монгол Улс импортлогч Улс. Бидний өмсдөг, иддэг бараа бүтээгдэхүүний олонхи гаднаас оруулж ирдэг. Тиймээс энэ бүтцийг яаж өөрчлөх вэ. Хэрэглэгчээс үйлдвэрлэгч рүү шилжих бодлогыг гол болгон тавьж байгаа. Нөгөө талдаа түүхий эд бэлтгэн нийлүүлэгч улс болж байна. Нүүрс, зэсийн баяжмал, төмрийн хүдэр, ноос ноолуур түүхийгээр гарч байна. Тэгэхээр бэлтгэн нийлүүлэгчээс илүүтэй эцсийн бүтээгдэхүүн гаргадаг болох зорилго тавьж байгаа. Энэ хэмжээнд ямар асуудал шийдэх вэ гэдэг тов гарч байгаа. Улсын хэмжээнд үйлдвэржилтийн зураг гаргах гэж байна" гэлээ. Аж үйлдвэр, баялаг бүтээгчдийн төлөөллөөс ирэх жилүүдэд Аж үйлдвэрийн яам гэдэг бүтцийг хэвээр нь хадгалахыг хүсч байлаа. Улс орон мандах уу, буурах уу гэдэг нь энэ салбартай салшгүй холбоотой учраас нэгдсэн хөтөлбөр боловсруулж, хүчирхэг Монголыг хамтдаа бүтээхийг уриалж байсан юм. Өнгөрсөн хугацааны үйлдвэржилт, бүтээн байгуулалтын түүх МАН-тай салшгүй холбоотой. Тиймээс аж үйлдвэрийн салбарын төлөөлөл ийнхүү улс төрийн ууган хүчинд итгэл хүлээлгэж, уулзаж буйгаа уламжиллаа.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ