Тойм: УИХ-ын дарга Баянхонгор аймагт ажиллав

Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболд энэ сарын 18-23-ны өдрүүдэд Өвөрхангай, Баянхонгор, Говь-Алтай, Завхан, Архангай аймгуудад ажиллан, орон, нутгийн ажил байдал, үйлдвэрүүдийн үйл ажиллагаатай танилцаж байна. Улсын Их Хурлын даргын Баянхонгор аймагт ажилласан талаарх мэдээллийг багцлан хүргэж байна.
2016 оны 03 дугаар сарын 19. Бямба гараг.
УИХ-ын дарга З.Энхболд Баянхонгор аймгийн Засаг даргын Тамгын газарт ажиллав
Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболдын орон нутгийн томилолт өчигдөр /2016.03.18/ Өвөрхангай аймгаас эхэлсэн бол өнөөдөр Баянхонгор аймагт үргэлжиллээ.
Улсын Их Хурлын даргыг аймгийн удирдлагууд угтан авч, Засаг даргын Тамгын газарт ажиллан цаг үеийн мэдээлэлтэй танилцах үеэр Аймгийн Засаг дарга Д.Жаргалсайхан эрүүл мэндийн чиглэлээр хийж буй ажлууд, нийгмийн хамгаалал, хөдөлмөр эрхлэлтийн нөхцөл байдал болон улсын, орон нутгийн төсвийн орлого, зарлагын талаар дэлгэрэнгүй мэдээлэл хийлээ.
Улсын Их Хурлын дарга З.Энхболдыг дагалдан Улсын Их Хурлын гишүүн Х.Баттулга, Д.Ганбат, Л.Эрдэнэчимэг болон аймгийн удирдлагууд, албаны бусад хүмүүс дагалдан ажиллалаа.
Дэлгэрэнгүйг эндээс үзнэ үү.
УИХ-ын дарга З.Энхболд Баянхонгор аймаг дахь Төрийн банкны үйл ажиллагаатай танилцав
Монгол Улсын Их Хурлын дарга З.Энхболд Баянхонгор аймгийн Засаг даргын Тамгын газарт ажилласны дараа тус аймаг дахь Төрийн банкны үйл ажиллагаатай танилцаж, тус банкаар үйлчлүүлж буй иргэдтэй уулзав.
Энэ үеэр Баянхонгор сумын иргэн Ж.Алагаа Улсын Их Хурал, Засгийн газраас малчдын зээлийн хүүг бууруулсан нь цаг үеэ олсон, бодит дэмжлэг болсон шийдвэр байсан талаар хэлж, малчид тун сэтгэл хангалуун байгааг өгүүлэв.
Мөн ипотекийн 8 хувийн хүүтэй зээл авсан иргэн Б.Лхагвасүрэн болон иргэн н.Жаргалмаа нар энэ сарын 15-ны өдрөөс зээлийн хүү нь 5 хувь болж буурсанд тун баяртай байгаагаа Улсын Их Хурлын даргад хэллээ. Иргэн Б.Лхагвасүрэн 2015 оны 11 дүгээр сард 8 хувийн хүүтэй орон сууцны зээлд хамрагджээ. Анх Төрийн банкинд зээл авах хүсэлтээ өгөхөд долоо хоногийн дотор шийдвэрлэгдсэн байна. Үүнээс хойш дөрвөн сарын дараа зээлийн жилийн хүү 5 хувь болж буурсанд тун их баяртай байна гээд төр, засгийн шийдвэр талархаж байгаагаа хэлж байлаа. Тэрээр энэхүү шийдвэрийн хэрэгжилтийн үр дүнд 3.9сая төгрөг хэмнэжээ.

Өнөөдрийн байдлаар Төрийн банкны Баянхонгор аймаг дахь салбарт 12 зээлдэгчийн 420 сая төгрөгийн зээлийн хүү буурч, жилийн 5 хувийн хүүтэй болжээ. Цаашид 105 зээлдэгчийн 1.8 тэрбум төгрөгийн зээлийг 5 хувийн хүүтэй болгож шилжүүлэх ажил үргэлжилж байгаа талаар салбарын захирал Б.Батбаяр танилцууллаа.
Дэлгэрэнгүйг эндээс үзнэ үү.
УИХ-ын дарга З.Энхболд Баянхонгор аймгийн “Мах март” үйлдвэрийн нээлтэд оролцов
Улсын Их Хурлын дарга З.Энхболд дагалдан яваа төлөөлөгчдийн хамтаар аймгийн төвд шинээр ашиглалтад орж буй мах боловсруулах үйлдвэрийн нээлтэд оролцов. Мах боловсруулах үйлдвэрийг “Баянхонгор констракшн” ХХК 2.3 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй өөрийн хөрөнгөөр гүйцэтгэж ашиглалтад оруулаад байгаа талаар тус компанийн захирал Б.Ууганбаяр танилцуулсан юм.
“Мах март” үйлдвэр нь одоогоор махыг ангилах, зоорилох, шулах үйл ажиллагаа явуулж байгаа агаад бүрэн хүчин чадлаараа ажиллахад өдөрт 600 бог, 80 бодын мах боловсруулах юм байна.
Үүнийн дараа Улсын Их Хурлын дарга дагалдан яваа төлөөлөгчдийн хамтаар Зэвсэгт хүчний 339 дүгээр ангийн үйл ажиллагаатай танилцлаа. Тус ангийн захирагч Улсын Их Хурлын даргад үйл ажиллагааныхаа талаар танилцуулахдаа, Монгол Улсын Засгийн газрын 2010 оны МН114 дүгээр тогтоол, Батлан хамгаалах сайдын 2010 оны МН 15 дугаар тушаал, ЗХЖШД-ын 2011 оны Н1444 дүгээр тушаалаар Барилгын инженерийн анги болж Баянхонгор аймгийн Баянхонгор сумын нутагт байгуулагдсан байна. Байгуулагдсанаас хойш аймгийн цагдаагийн газар, Тагнуулын хэлтсийн барилгын өргөтгөл их засвар, Баянхонгор хотын төвийн дулаан, цэвэр усны шугам сүлжээний байгууламжийн шинэчлэл, Зэвсэгт хүчний албан хаагчдын 70 айлын орон сууцны барилга угсралт засварын ажлууд зэргийг гүйцэтгэсэн гэлээ.

Дэлгэрэнгүйг эндээс үзнэ үү.
УИХ-ын дарга З.Энхболд Баянхонгор аймгийн бүтээн байгуулалтын ажлуудтай танилцав
Улсын Их Хурлын дарга З.Энхболд Баянхонгор аймгийн бүтээн байгуулалтын ажлуудтай танилцав. Тус аймгийн хувьд бүтээн байгуулалт сүүлийн жилүүдэд эрчимжиж байгаа талаар аймгийн удирдлагууд хэлж байлаа. Аймгийн хэмжээнд 2013-2014 онд нийт 32 багийн төв шинээр баригдаж ашиглалтад орсон агаад Баянхонгор сумын 2, 3, 5, 6, 7, 9 дүгээр багт спорт заал бүхий иж бүрэн багийн төвийг барьж ашиглалтад оруулжээ.
Улсын Их Хурлын дарга З.Энхболд мөн энэ үеэр Баянхонгор сумын 11 дүгээр цэцэрлэгийн үйл ажиллагаатай танилцсан юм. Тус цэцэррлэг нь 2013 онд ашиглалтад орсон бөгөөд 7,9 дүгээр багийн гэр хорооллын хүүхдүүдийн 90 хувь нь сургуулийн өмнөх боловсролд хамрагддаг байна. Дээрх хоёр баг ньнийтдээ 2000 гаруй өрх, 6000 гаруй иргэнтэй аж. 11 дүгээр цэцэрлэг нь одоогоор бага оврын уурын зуухаар ажилладаг бөгөөд ирэх жилээс төвийн шугамд холбохоор төлөвлөөд байгаа юм байна.

Үүний дараа Улсын Их Хурлын дарга З.Энхболд дагалдан ажиллаж буй төлөөлөгчдийн хамтаар агаарын бохирдол, элсний нүүдлийг багасгах зорилгоор байгуулж буй ойн зурвастай танилцлаа.

Аймгийн төвийн баруун болон баруун хойд хэсэг буюу 7, 3, 2, 6 дугаар багийн ар хэсгээр 5,6 км урттай, 50 м-ийн өргөнтэй 26 га талбайд 10 эгнээгээр жигд, чацаргана, шар хуайс, хайлаас, улиас зэрэг таван төрлийн 25.200 ширхэг модыг төрийн албан хаагчдын хүчээр 2014 оны 10 дугаар сард тарьжээ. Ингэхдээ хайсжуулах ажлыг зохион байгуулж, цэнэг усалгаа хийж ойн зурвас байгуулсан байна. Уг ажлыг зохион байгуулахад орон нутгийн хөгжлийн сангаас 70 сая төгрөг зарцуулжээ.

Улсын Их Хурлын даргыг дагалдан Улсын Их Хурлын гишүүн Д.Ганбат, Л.Эрдэнэчимэг, Баянхонгор аймгийн Засаг дарга Д.Жаргалсайхан, ИХТ-ын дарга Д.Ширмэн болон албаны бусад хүмүүс дагалдан ажиллалаа.
Дэлгэрэнгүйг эндээс үзнэ үү.
УИХ-ын дарга З.Энхболд “Шинэ зууны илгээлтийн эзэд 2016” арга хэмжээнд оролцов
Улсын Их Хурлын дарга З.Энхболд Баянхонгор аймагт ажиллах үеэрээ “Шинэ зууны илгээлтийн эзэд 2016” арга хэмжээнд оролцлоо. Сүүлийн жилүүдэд аймгийн хэмжээнд малын тоо, толгой нэмэгдэж байгаа бөгөөд малчдаас гаргасан хүсэлтийг үндэслэн Баянхонгор аймгийн удирдлагууд 2015 онд санаачлан, мал төллөх үеэр малчдад туслах ажилтан ажиллуулах арга хэмжээ эхлүүлжээ. “Илгээлтийн эзэн” арга хэмжээний хүрээнд 230 хүнд долоо хоногийн илгээлт өгч, Баянхонгор аймгийн 15 сумын 230 малчин өрхөд ажиллуулжээ. Малчин өрхүүдэд туслахаар ажилласан иргэдийн хөдөлмөрийн хөлсийг аймгийн төсвөөс гаргасан байна.

Улсын Их Хурлын дарга тус арга хэмжээний үеэр хэлсэн үгэндээ, 1990 онд нийгмийн байгуулал солигдоход манай улс мал 25 сая толгой малтай байсан. Энэ үед өнөөдрийнхөөс 4-5 дахин олон малчин байлаа, дээр нь илгээлтээр туслах хүн явуулаач гэдэг хүсэлт ирүүлдэг байсан.Өнөөдөр малын тоо толгой 56 саяд хүрсэн ч 200 мянга малчин өрх байна. Мал төллөж байгаа энэ өдрүүдэд ажилд туслах хүн хэрэгтэй байгаа нь аргагүй. Өнөөдрийн малчид 26 жилийн өмнөхөөс тав дахин их малыг гурав дахин бага хүчээр маллаж чадаж байна. Энэ нь хөдөлмөрийн бүтээмж 10 хэд дахин өссөн үзүүлэлт. Тиймээс илгээлтээр явах гэж буй залуустаа баярлалаа. Та бүхэн улс орныхоо эдийн засагт хувь нэмрээ оруулж байна. Урьд илгээлтээр ажилладаг байсан залууст цалин хөлс өгдөггүй байсан. Харин Баянхонгорын илгээлтийн эздийн хөдөлмөрийн хөлсний талыг аймгийн Хөдөлмөрийн хэлтэс, үлдсэн хэсгийг захиалга өгсөн малчин өрх төлөх юм байна. Энэ бол хэн хэндээ ашигтай. Ажилгүй хүн ажилтай болчихно, ажлаа дийлэхгүй байгаа малчин туслалцаа авч байна. Ийм харилцан ашигтай ажлыг зохион байгуулсан Баянхонгор аймгийн удирдлагуудад баяр хүргэе хэмээгээд илгээлтийн эздэд ажлын амжилт хүслээ.
Улсын Их Хурлын гишүүн Д.Ганбат тус арга хэмжээний үеэр хэлсэн үгэндээ, “Монгол Улсын Засгийн газар “Сайн малчин” хөтөлбөр баталсан. Малчин өрх бүр сайн малчин болж малаа эрүүл байлган, малчны дансаа ашиглан, нийгмийн даатгалаа төлдөг байх юм бол төр засгаас эдийн засгийн бодит дэмжлэг авч, бага хүүтэй зээл авна. Малаа эрүүл болгосноор улс орныхоо эдийн засагт төдийгүй өрхийн орлогоо нэмэгдүүлэх бололцоо бүрдэнэ. Бургастайн боомтоор 5 аймаг мах экспортлох боломжтой болсон. Баянхонгор энэ таван аймгийн нэг юм. Тиймээс ирэх дөрөвдүгээр сараас экспортоо эхлүүлэх бололцоотой. Үүнийг дагаад ажлын байр нэмэгдэнэ. Өнөөдөр нээлтээ хийсэн махны үйлдвэрт 24 хүн тогтмол ажлын байртай болж байх жишээтэй. Улсынхаа эдийн засгийг солонгоруулах талаар яригддаг. Дэлхийн зах зээл дээр уул уурхайн бүтээгдэхүүний үнэ унасан байгаа, энэ нь манай эдийн засагт хүндхэн туссан. Харин мал аж ахуйн салбараа эдийн засгийн тулгуур болгон хөгжүүлэхэд болохгүй зүйл байхгүй. Тэгэхээр малчдаа дэмжих, тэдэнд туслах нь чухал арга хэмжээ юм” хэмээлээ.
Үүний дараа “Нээлттэй хаалганы өдөрлөг” зохион байгуулж буйБаянхонгор аймгийн Онцгой байдлын газрын ажил байдалтай Улсын Их Хурлын дарга, дагалдан ажиллаж байгаа Улсын Их Хурлын гишүүд, албаны хүмүүсийн хамтаар танилцав.
Дэлгэрэнгүйг эндээс үзнэ үү.
УИХ-ын дарга З.Энхболд Баянхонгор аймгийн иргэдтэй уулзалт хийв
УИХ-ын дарга З.Энхболд өнөөдөр /2016.03.19/ Баянхонгор аймгийниргэдтэй уулзалт хийлээ. Монгол Улсын Их Хурлын 2015 оны намрын ээлжит чуулган 90 хоног үргэлжилж, нэгдсэн хуралдаан 38 удаа, Байнгын хороо 131 удаа хуралдсан болохыг Улсын Их Хурлын дарга дурдаад Улсын Их Хурал энэ хугацаанд нийт 426 хууль, 64 тогтоол баталсан бөгөөд үүний 29 нь бие даасан хууль байсан, мөн 355 хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсныг онцлов. Улсын Их Хурлын дарга танилцуулгын эхэнд, Эрүүгийн тухай хууль болон Зөрчлийн тухай хуулийн талаар мэдээлэл өгөв.

Мөн Өршөөл үзүүлэх тухай хууль, Хамтын тэтгэвэрийн тухай хууль, Захиргааны ерөнхий хуулийн талаар мэдээлэл өгөв. Түүнчлэн УИХ-ын дарга Монгол Улсын эдийн засгийн зарим асуудлаар танилцуулга хийлээ. Тэрээр, өмнөх Засгийн газар томоохон төсөл хэрэгжүүлэгч гаднын компаниудаас 600 сая гаруй ам.долларыг хүүтэй зээлж, бэлнээр тараасан. Ямар ч бодит үр ашиггүй тараагдсан тэр их хэмжээний өрөөс одоо Засгийн газар 400 саяыг нь барагдуулаад байгааг танилцуулгадаа онцлоод бондын талаар тайлбар мэдээлэл хийж, 2012 онд олон улсын зах зээл дээр 1.5 тэрбум ам.доллар, 30 тэрбум иений Чингис, Самурай бондын зарцуулалт, үр ашгийн тайланг танилцуулав.


УИХ-ын дарга Засгийн газраас хэрэгжүүлж буй дунд хугацааны “Сайн малчин” хөтөлбөрийн шалгуурыг хангаснаар Төрийн банкнаас сарын 0.8 хувийн хүүтэйгээр малчны зээл авах боломж бүрдсэн тухай, цаашид манай улсын эдийн засгийн хөгжлийн гол хөшүүргэ болсон хөдөө аж ахуйн салбарын талаар дэлгэрэнгүй танилцуулга хийлээ. Танилцуулгын дараа тус аймгийн иргэд УИХ-ын дарга болон УИХ-ын гишүүдээс сонирхсон асуултдаа хариулт авав.


Улсын Их Хурлын даргын Баянхонгор аймгийн иргэдтэй хийсэн уулзалтадУлсын Их Хурлын гишүүн, Хуульзүйн байнгын хорооны дарга Д.Ганбат, УИХ-ын гишүүн, Байгаль орчин, хүнс хөдөө, аж ахуйн байнгын хорооны дарга Л.Эрдэнэчимэг, УИХ-ын гишүүн Х.Баттулга, Баянхонгор аймгийн Засаг дарга Д.Жаргалсайхан, ИХТ-ын дарга Д.Ширмэн болон албаны бусад хүмүүс байлцав.
Дэлгэрэнгүйг эндээс үзнэ үү.
УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс
3,470.29
СЭТГЭГДЭЛ БИЧИХ