Д.Ламжав: Бидэнд нууц гэж байхгүй

Удахгүй сонгууль болох гэж байгаатай холбогдуулан иргэн Д.Ламжавын байр суурийг сонирхлоо.

-2016 оны сонгуулийг та юу гэж харж байна вэ. Хэр шударга, маргаан багатай сонгууль болох бол?

-Сонгуулийг луйварддаг нэг асуудал байгаа шүү дээ. Тэр дундаа гараар тоолдог байх үед сонгуулийн санал луйвардах асуудал их байсан. Энэ асуудлыг арилгахын тулд автоматмашинаар тоолох болсон. Ингэж шийдсэн нь маш аятайхан алхам байхгүй юу. Давуу тал олонтой. Үгүй дээ л иргэдийн өгсөн саналын дүн маш хурдан богино хугацаанд гарна гэсэн үг. Түүнчлэн би өнгөрсөн 2012 оны сонгуулиар нэг зүйлийг ажигласан.

Нийслэлийн СХД дүүрэг дээр хоёр нэр дэвшигчийн асуудал шийдэгдэхгүй удсан. УИХ-гишүүн Д.Сумъяабазар, АН-ын Генсек Л.Эрхэмбаяр шүү дээ. Гэтэл хүчинтэй хуудсанаас тоолохоор Л.Эрхэмбаяр нь сонгогдох гээд. Бүх хуудаснаас тоолохоор нөгөөх нь гишүүн болох гээд байна гэсэн асуудлыг учир мэдэх хүнээс сонссон. Уг нь хуулиараа бол хүчинтэй хуудснаасаа тоолох ёстой.

Нөгөөтэйгүүр нэг хуудсан дээр маш олон нэр дэвшигч байгаа. Тэр хүчинтэй, хүчингүй хуудсыг ялгаж, тоолж байна уу гэдгийг л анхаарах хэрэгтэй. Мөн туршилтаа явуулахдаа программ энэ тэрээ ягштал сайн хийсэн үү үгүй юу гэдгээ л анхаараад явчих хэрэгтэй.

Саналаа өгсөн хүн бүрийг тоолоод байдаг бол хэцүүднэ. Жишээ нь нэг хүн мандатын тооноос илүү олон нэр дэвшигчид саналаа өгвөл хуулиараа хүчингүй болно. Ингэсэн тохиолдолд тоолохгүй байж чадаж байна уу. Эсвэл хүчинтэй хүчингүй саналыг нь бүгдийг нь тоолоод байгаа юм уу. Ийм ийм зүйл дээрээ л нарийн сайн анхаарах ёстой.

Сонгогч бол мандатын тооноос хэтрүүлж санал өгч болохгүй юм. Тиймээс өнгөрсөн 2012 оны сонгуульд манай иргэд хүчинтэй хэлбээр зааврын дагуу өгсөн байх итгэж байна.

-Монголын түүхэнд сонгууль шударга боллоо гээд сэтгэл хангалуун байсан тохиолдол байв уу. Та олон сонгуульд иргэнийхээ үүргийг биелүүлж, санал өгч байсан байх?

-2008 оны долдугаар сарын 1 гэж түүхэнд хараар бичигдэх эвгүй зүйл манайд болсон. Өөрөөр хэлбэл, хүн амын тодорхой хэсэг нь эсэргүүцсэн гэсэн үг. Тухайн үед янз бүрийн асуудал гараад ийм зүйл болсон байх. Дараагийн сонгуулиар өөр дүн гарсан шүү дээ. Тэр нь 2012 он.

Тиймээс ямар нэгэн зүйл байхыг үгүйсгэхгүй. Түүнчлэн захиргаадалтын үед бол ганц үг унагах эрхгүй л байсан. Тэр үед бүх зүйл тов тодорхой. Ямар ч өрсөлдөөн байдаггүй байлаа. Түүнээс хойших үед бол мэр сэр яриа гардаг болсон. Гэхдээ яриа гарна.

Үүнийг гайхаад байх зүйл байхгүй. Тодорхой нэг нэр дэвшигчийг дэмжсэн бүлэг хүмүүс уур бухимдлаа илэрхийлэх, яриа энэ тэр гаргах нь байх л асуудал. Зарим талаараа сонгуулийн үйл ажиллагаа явуулж байгаа байдал нь ил тод биш байдагтай ч холбоотой байх. Түүнчлэн хүмүүсийг нэг дор цуглуулж байгаад саналыг нь өгүүлж тохиолдол их гардаг байв.

Энэ талаар өчнөөн сонсож ч байсан. Тэгэхээр сонгууль зохион байгуулж байгаа хүмүүс зөв зүйтэй шийдвэрлэх хэрэгтэй. Гэхдээ энэ нөхцөл байдал МАН-ын үед арай илүү байсан. Үүнийг үгүйсгэхгүй байх. Харин автомат машинаар тоолж байгаа нөхцөлд булхайцах зав өгөхгүй л гэж хараад байгаа юм. Тэгэхээр автомат машинаар саналаа өгөх нь илүү амар бас хялбар шүү дээ.

Сонгуулийн ерөнхий хорооныхон л нягт нямбай байх ёстой. Хар машинд итгэж болох юмаа гэдэг нэг үндэслэл хэлье. Сонгуулийн ерөнхий хорооныхон чинь адилхан МАН, АН-ын хүмүүс. Тэд дахиж тоолох энэ тэрд их төвөгшөөсөн байдалтай байсан. Тиймээс үүнийг дэвшил гэж харах хэрэгтэй.

Түүнчлэн аймар булхай энэ тэр хийдэг дэлхийн зарим улсууд хүртэл хар машинаар сонгуулийн саналаа тоолж байна шүү дээ.

-Сонгуулийн дараа элдэв янзын л хардлага угаасаа байдаг шүү дээ. Хардах эрх нь бидэнд бий?

-Бид хүртэл өдөржин интернэтэд байдаг. Энэ нь цаанаа хүртэл хараат байгаа. Түүнчлэн банкинд итгээд л мөнгөө хийдэг. Энэ чинь хүртэл нэг том программаас хамааралтай байна. Даяаршиж байгаа ертөнц чинь ийм л байна даа. Тэгэхээр нууц зүйлгүй л болоод байна гэсэн үг юм даа.

Н.Пүүжээ

СЭТГЭГДЭЛ БИЧИХ