УИХ-ын Тамгын газрыг дүгнэв

Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хороо Улсын Их Хурлын 2016 оны хаврын ээлжит чуулганы анхны хуралдаанаа өчигдөр /2016.04.06/ үдээс хойш хийж, таван асуудал хэлэлцэж шийдвэрлэсэн юм.

Байнгын хорооны энэ өдрийн хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын Тамгын газрын 2015 оны үйл ажиллагааны тайланг хэлэлцэж, энэ талаарх танилцуулгыг Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Болдбаатар хийлээ.

Улсын Их Хурлын Тамгын газар 2015 онд реинженерчлэлийн ажлын үр дүнд үндэслэн ажилтнуудын ажлын чиг үүрэг, ажлын байрын тодорхойлолтыг шинэчлэн боловсруулж, ажил үүргийн давхардал, хийдлийг арилгах, “Улсын Их Хурлын Тамгын газрын Мэдээлэл, үйлчилгээ, удирдлагын төв”-ийн үйл ажиллагааг жигдрүүлэх зорилго тавин ажиллаж, бүтэц, зохион байгуулалтын өөрчлөлт хийж, Монгол Улсын Их Хурлын тухай хууль, Тамгын газрын дүрэм болон холбогдох бусад хууль тогтоомжийн хүрээнд үйл ажиллагаагаа зохион байгуулан ажилласныг Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга танилцуулгынхаа эхэнд онцлоод Улсын Их Хурлын Тамгын газраас 2015 онд хийж хэрэгжүүлсэн үйл ажиллагааг үндсэн 8 чиглэлээр тайлагнаж танилцуулсан юм.

Улсын Их Хурлын хууль тогтоох үйл ажиллагаанд мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгөх ажлын хүрээнд Улсын Их Хурлын Тамгын газар 2015 онд Улсын Их Хурлын чуулганы 88 удаагийн нэгдсэн хуралдаан, Байнгын болон дэд хороодын 297 удаагийн хуралдаан, Улсын Их Хурлын даргын захирамж, Байнгын хорооны тогтоолоор байгуулагдсан 94 ажлын хэсгийн 429 удаагийн хуралдаанаар 764 хууль, 128 тогтоолын төслийг хэлэлцүүлэх бэлтгэл, зохион байгуулалтыг хангаж, хуралдаанаас гарсан баримт бичгийн төслийг бэлтгэж, чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлжээ. Тайлангийн хугацаанд Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд заасан чиг үүргийнхээ дагуу хууль болон Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төслийг хэлэлцүүлэх бэлтгэлийг хангаж, бие даасан 43 хууль, хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай 448 хууль, хууль хүчингүй болсонд тооцох тухай 50 хууль, зээлийн хэлэлцээр соёрхон батлах тухай 29 хууль, бүгд 570 хууль, Улсын Их Хурлын 120 тогтоолын төслийн эцсийн хувилбар, танилцуулгыг бэлтгэн чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэн батлуулж, эцсийн найруулга хийж ёсчлуулсан байна.

Энэ хугацааанд Байнгын хороодын ажлын албад Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэх асуудлын бэлтгэлийг хангаж, хэлэлцсэн асуудлын талаар Байнгын хорооны хэлэлцэх эсэхийн 210, анхны хэлэлцүүлгийн 206 санал, дүгнэлт, эцсийн хэлэлцүүлгийн 82 танилцуулга, 2792 зарчмын зөрүүтэй саналын томьёолол бэлтгэн албажуулж, чуулганы нэгдсэн хуралдаанд оруулан хэлэлцүүлж, Байнгын хорооны 141 тогтоолын төслийг боловсруулж батлуулжээ.

Харин Улсын Их Хурлын хянан шалгах үйл ажиллагаанд мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгөх ажлын хүрээнд Төсвийн тухай хуулийн хэрэгжилт, нэгдсэн төсвийн гүйцэтгэл, төсвийн төсөлд хийх хяналт, шинжилгээний чиглэлээр Засгийн газраас өргөн барьсан 2016 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2017-2018 оны төсвийн төсөөллийн төсөлд шинжилгээ хийж холбогдох тооцоо, судалгааг гаргаж Төсвийн байнгын хорооноос байгуулагдсан ажлын хэсэгт танилцуулан хэлэлцүүлж батлуулжээ. Энэ хугацаанд Улсын Их Хурлын Байнгын хорооны тогтоолоор хяналт шалгалтын чиглэлээр нийт 16 ажлын хэсэг байгуулагдан ажилласан ба эдгээр ажлын хэсэгт мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлэ ажилласан байна. Дээрх ажлын хэсгүүд 46 яам, агентлагийн үйл ажиллагаатай танилцаж, 70 гаруй хууль тогтоомжийн хэрэгжилттэй танилцжээ.

Тайлант хугацаанд давхардсан тоогоор Улсын Их Хурлын 64 гишүүн 111 асуудлаар Монгол Улсын Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүд болон Монголбанкны Ерөнхийлөгчид хандан 33 удаагийн асуулга тавьсан бөгөөд Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн дагуу сонсох саналаа ирүүлсэн 7 асуулгын хариуг Улсын Их Хурлын нэгдсэн хуралдаанаар сонсох ажлыг зохион байгуулжээ. Хуралдаанд Улсын Их Хурлын 44 гишүүн 69 аман асуулт тавьж, асуулга тавьсан гишүүд санал бодлоо илэрхийлсэн байна. Улсын Их Хурлын 3 гишүүн 9 асуудлаар 3 удаагийн бичгэн асуулт тавьсан бөгөөд асуултын хариуг гишүүдэд ирүүлжээ. Мөн Монгол Улсын Ерөнхий сайдын 8 удаагийн мэдээллийг чуулганы нэгдсэн хуралдаанаар сонсох ажлыг зохион байгуулсан. Мэдээллийн цагаар давхардсан тоогоор 61 гишүүн 170 асуулт тавьж, хариулт авсан байна.

Хуралдааны хэвийн үйл ажиллагааг хангах ажлын хүрээнд Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн болон Байнгын, дэд хороодын хуралдааныг хэвийн явуулах нөхцөл бүрдүүлэх, хуралдааны тэмдэглэлийг цаг тухайд нь гаргаж албажуулсны зэрэгцээ Улсын Их Хурлын чуулганы 88 удаагийн нэгдсэн хуралдаан, Байнгын хороодын 276, дэд хороодын 21 удаагийн хуралдааныг хэвийн явуулах бэлтгэлийг хангаж хуралдуулжээ. Энэ хугацаанд Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдааны явцын талаар 1207 хуудас гар тэмдэглэл хөтөлж, 6662хуудас дэлгэрэнгүй тэмдэглэлийг дууны бичлэгээс буулгаж, хянан нийлж, 10152хуудас хавсралт баримт бичгийн хамт архивт нийт 18021 хуудас баримт материалыг шилжүүлсэн байна.

Судалгаа, мэдээлэл, лавлагаагаар хангах ажлын хүрээнд Улсын Их Хурлынгишүүд, Байнгын хороодыг судалгаа, мэдээллээр шуурхай ханган ажиллаж, тайлант хугацаанд нийт 50 судалгааны ажил гүйцэтгэхээр төлөвлөсөн боловч 56 судалгааны захиалга ирүүлснийг хүлээн авч гүйцэтгэжээ. Мөн УИХ-ын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудал тус бүрээр сэдэвчилсэн лавлагаа, мэдээлэл бэлтгэх төлөвлөгөө гаргаж, судалгааны мэдээллийн сан бүрдүүлэх ажлыг 2 удаа зохион байгуулж, нийт 56 судалгааны тайланг тухай бүр нь хэвлэмэл байдлаар захиалагчдад хүргүүлсэн байна.

Улсын Их Хурлыг сурталчлах, олон нийттэй харилцах үйл ажиллагааны хүрээнд Улсын Их Хурлын 2014 оны намрын, 2015 оны хаврын ээлжит болон ээлжит бус чуулганы нэгдсэн болон Байнгын хороодын хуралдаан, Улсын Их Хурлын даргын гадаад улс болон хөдөө орон нутагт ажилласан томилолт, Улсын Их Хурлын гишүүдийн хөдөө, орон нутаг, тойрогтоо ажилласан тухай, Тамгын газрын үйл ажиллагаа, цаг үеийн асуудлаар нийт 1930 текст мэдээлэл, 620 видео мэдээллийг бэлтгэн УИХ-ын www.parliament.mn, open.parliament.mn болон intra.parliament.mn цахим хуудаснуудад байршуулжээ.

Мөн Улсын Их Хурлаар батлагдсан хууль тогтоомж, Улсын Их Хурлын ээлжит болон ээлжит бус чуулганы үйл ажиллагааны үр дүн, цаг үеийн бусад асуудлаар нийт 85 удаагийн хэвлэлийн бага хурал зохион байгуулж хэвлэл, мэдээллийн ажилтнуудыг өргөн оролцуулж сурталчлах ажлыг зохион байгуулсан байна.

Улсын Их Хурлын гадаад харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх асуудлын хүрээнд Улсын Их Хурал, Монголын Парламентын бүлгэм, Улсын Их Хурлын Тамгын газрын гадаад харилцааг өргөжүүлэн хөгжүүлэх, гадаад хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилгоор 2015 оны гадаад арга хэмжээний төлөвлөгөөг хэрэгжүүлж ажиллажээ. Улсын Их Хурлын 2015 оны гадаад арга хэмжээний төлөвлөгөөнд гадаадад 9, дотоодод 7 арга хэмжээ тусгагдаж батлагдсанаас төлөвлөгөөний дагуу гадаадад 8, дотоодод 2, төлөвлөгөөнөөс гадна гадаадад 4, дотоодод 7, нийт гадаадад 12, дотоодод 9 арга хэмжээ хэрэгжүүлсэн байна.

Санхүүгийн үйлчилгээ үзүүлэх ажлын хүрээнд Улсын Их Хурал, түүний Тамгын газрын хэвийн үйл ажиллагааг хангахад чиглэгдсэн төсөв, санхүү, аж ахуй, техник хэрэгсэл, материал хангамжийн үйлчилгээг амжилттай үзүүлж ирсэн бол Дотоод аудитын ажлын хүрээнд Шилэн дансны тухай хуулийг хэрэгжүүлэх бэлтгэл ажлын болон Шилэн дансны тухай хуулийн хэрэгжилтийг хангах ажлын төлөвлөгөөг боловсруулж, Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн даргын 2014 оны 738 дугаар захирамжаар батлуулж, төлөвлөгөөний биелэлтэд тухай бүр хяналт тавин хэрэгжилтийг хангуулж ажиллажээ.

Техник технологийн шинэчлэл, хангамжийн үйлчилгээ үзүүлэх ажлын хүрээнд Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын Парламентын Ассемблейн 2015 оны намрын хурлын техникийн бэлтгэлийг хангахтай холбогдуулан хурлын цахим хуудсын домайн нэрийг зарлан ангилал цэсийг үүсгэж 2 хэл дээр цахим хуудас ажиллуулжээ. Мөн дуу, дүрсийн бичлэг, дамжуулалтын бие даасан зөөврийн систем угсарч ажиллуулан дуу, дүрсийн бичлэг, шууд дамжуулалтыг гүйцэтгэсэн байна. Түүнчлэн Нээлттэй сонсголын танхимыг шинээр байгуулан техник хэрэгсэл суурилуулж дуу, дүрсийн иж бүрэн системийг ашиглалтад оруулсан байна.

Тамгын газарт хийсэн реинженерингийн ажилтай уялдуулан Ерөнхий нарийн бичгийн даргын 2015 оны 768 тоот захирамжаар “Тамгын газрын зохион байгуулалтын бүтцийг шинэчлэн батлах тухай”, 769 тоот захирамжаар “Чиг үүргийг шинэчлэн батлах тухай”, 770 тоот захирамжаар “Тамгын газрын орон тоог шинэчлэн батлах тухай” шийдвэрийг гаргаж, 197 нэгж орон тоотой үйл ажиллагаагаа явуулж ирснийг Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга танилцуулгадаа дурдаад эцэст нь төсвийн талаар гаргасан саналууд улсын төсөвт бүрэн тусгагдахгүй байгаа нь Улсын Их Хурлын хэвийн үйл ажиллагаанд нөлөөлж болзошгүй байгаад байнгын хорооноос анхаарал тавьж ажиллахыгсанал болголоо.

Танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Су.Батболд, С.Дэмбэрэл, Г.Батхүү нар Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн даргаас асуулт асууж тодруулан Улсын Их Хурлын гишүүн М.Батчимэг, С.Дэмбэрэл, Г.Батхүү нар үг хэллээ. Үг хэлсэн гишүүд Улсын Их Хурлын Тамгын газар өнгөрсөн 4 жилд хуулиар хүлээсэн чиг үүргээ хангалттай хэрэгжүүлж Улсын Их Хурлын гишүүдэд мэдээлэл, арга зүйн үр дүнтэй туслалцааг шуурхай үзүүлж ирсэнд талархаж буйгаа илэрхийлсэн юм. Тухайлахад, Улсын Их Хурлын гишүүн С.Дэмбэрэл Тамгын газар нь Улсын Их Хурлын зүтгүүр хүчний хувьд хангалттай сайн ажиллаж байгаа. Ялангуяа Тамгын газрын судалгааны бааз, чадавхи их тус болдог, мэдээллийн технологийн сайн хөгжсөн, мэдээллийг түргэн шуурхай олж авах боломж бүрдсэн, хуулийн лавлагаа, туслалцааг сайн үзүүлж байгаа, Улсын Их Хурлын үйл ажиллагааг олон нийтэд түгээхэд хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс сайн ажиллаж, гишүүн-олон түмнийг холбох гүүр бэхжиж чадсаныг сайшаагаад цаашид судалгаа шинжилгээ, Улсын Их Хурлын үйл ажиллагааг олон түмэнд сурталчилж тайлбарлан таниулах чадавхийг улам бэхжүүлэх, ажилтнуудын нийгмийн асуудлыг сайжруулж орон байраар хангахад анхаарахыг санал болгов. Мөн Улсын Их Хурлын гишүүн М.Батчимэг Тамгын газар өнгөрсөн 4 жилд сайн ажилласан, цаашид сургалт, судалгааны бүтцийг улам бэхжүүлж лавлагаа мэдээллээс илүүтэй бодлогын судалгаагаар гишүүдийг хангахад анхаарах, байнгын хороодын зөвлөхүүдийг чадавхижуулах, мэдээллийн аюулгүй байдлыг хангахад анхаарах, түүнчлэн Улсын Их Хурлын шинэ гишүүдэд сургалт явуулж мэдээллээр хангах ажлыг зохион байгуулах санал гаргалаа. Мөн Улсын Их Хурлын гишүүн Г.Батхүү Тамгын газрын үйл ажиллагааны тайланг хэлэлцсэнтэй холбогдуулан байнгын хорооноос тогтоол гаргаж холбогдох байгууллагуудад чиглэл өгөх нь зүйтэй гэж үзэж буйгаа илэрхийлсэн юм.

Хуралдааны эцэст байнгын хорооны дарга А.Бакей Улсын Их Хурлын Тамгын газрын үйл ажиллагаа өнгөрсөн 4 жилд жигдэрсэн, олон шинэлэг ажил санаачлан амжилттай хэрэгжүүлсэн нь Улсын Их Хурлын гишүүдэд мэдрэгдэж, үр дүнгээ өгч байгааг тэмдэглээд цаашид Тамгын газрын ажилтнуудын чадавхи, хариуцлагын асуудлыг хамтад нь авч үзэж хариуцлагыг улам жигдрүүлэхэд анхаарахыг сануулав. Ингээд Улсын Их Хурлын Тамгын газрын 2015 оны үйл ажиллагааны тайланг байнгын хорооны хуралдаанаар хэлэлцсэнтэй холбогдуулан байнгын хороооноос тогтоол гаргаж холбогдох байгууллагуудад чиглэл өгөхөөр тогтов. Уг тогтоолын төсөлд парламентын ордон барих талаар урьд нь гаргасан тогтоол шийдвэрүүдэд үнэлэлт дүгнэлт өгч саналаа танилцуулах чиглэлийг Засгийн газарт өгөх, Тамгын газрын ажилтнуудыг чадавхижуулах, сургалтад хамруулах, байр орон сууцаар хангах, цалин урамшууллыг нэмэгдүүлэх чиглэлээр тодорхой хөтөлбөр боловсруулж хэрэгжүүлэх, мөн судалгаа шинжилгээний чадавхийг бэхжүүлэх, хууль тогтоомжийг иргэд олон нийтэд ойлгомжтой, хүртээмжтэй хэлбэрээр сурталчлан таниулах ажлыг өргөжүүлж чадавхийг б#222222; font-family: arial,verdana,sans-serif; font-size: 12px;">эхжүүлэх, шинээр сонгогдсон гишүүдэд мэдээлэл, арга зүйн зөвлөгөө өгөх сургалт зохион байгуулах арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг Тамгын газарт үүрэг болгох, түүнчлэн төсөв, хөрөнгө оруулалтыг хасахгүйгээр төлөвлөсөн хэмжээнд нь баталж хуулийн хэрэгжилтийг хангаж ажиллах чиглэлийг холбогдох байгууллагуудад өгөх зэрэг асуудлыг тусгаж, гишүүдийн саналыг авч эцэслэн боловсруулж батлахаар тогтлоо гэж Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ