АН: З.Энхболдыг огцруулах шаардлага нь үндэслэлгүй

Ардчилсан намын ЕНБД-ын үүрэг гүйцэтгэгч Л.Эрхэмбаяр болон УИХ дахь АН-ын бүлгийн дарга Б.Гарамгайбаатар нар МАН-ын гишүүд УИХ-ын дарга З.Энхболдыг албан тушаалаасаа сайн дураараа татгалзахыг шаардсантай холбоотойгоор мэдээлэл хийлээ.

АН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Л.Эрхэмбаяр “Монгол Улсын хилээр цөмийн хаягдал, цацраг идэвхит бодис нэвтрүүлэх, дамжин өнгөрүүлэхийг хориглох тухай хууль батлах гэж байхад МАН-ынхан БНХАУ-ын Коммунист намынхантай уулзалт хийж ээлжит бус чуулганыг санаатай тасалдуулснаа цайруулахыг оролдож байна. АН-ын даргыг Ерөнхийлөгч, Ерөнхий сайдын бүрэн эрхэд халдсан гэж гүтгэж, хооронд нь хагаралдуулахыг оролдсон. Мөн улсаа өрийн дарамтанд оруулсан гэсэн байна. МАН-ын үед авсан зээлээ үр ашиггүй тараасан, халамжийн бодлогыг тэтгэсэн. АН-ын үед авсан зээл нь их бүтээн байгуулалт болсныг ард түмэн харж байгаа. Барилгын үнэ, зээлийн хүүг өрөөндөө тогтоосон гэж энэ шаардлагад дурджээ. Үнэн хэрэгтээ ард иргэдээ бага хүүтэй зээл олгох, орон сууцанд оруулах нь МАН-ынханы хэлж буйгаар нүгэл юм байна. Иргэдээ тав тухтай орон сууцанд оруулах, хямд орон сууцны зээл олгох үйл хэргээсээ АН ухрахгүй. МАН-ынханы шаардлагын далд агуулга нь УИХ-ын даргыг нь ард түмний Таван толгойг ард түмэндээ авч үлдсэнийг буруушаасан мэт ийм агуулгатай байна. Тавантолгойг ард түмэндээ л үлдээх ёстой. Сонгууль дөхсөн үед улс төрийн оноо цуглуулах гэж, төрийн тогтворгүй байдал руу турхирсан явуургүй үйлдлээ зогсоохыг УИХ дахь МАН-ын бүлгээс шаардаж байна” гэсэн юм.

Ийнхүү МАН-ын гишүүдийн шаардаж буй З.Энхболдыг огцруулах шаардах бичгийг үндэслэлгүй хэмээн үзэж байгаа юм байна. Мөн УИХ дахь АН-ын бүлгийн дарга Б.Гарамгайбаатар УИХ-ын даргыг сонгох тухайн үед МАН-ынхан УИХ-д орохгүйгээр намынхаа хурлыг хийж, УИХ-ыг бүрдүүлэх арга хэмжээг зориудаар тасалдуулж байсан. Тиймээс УИХ-ын Дэгийн тухай хуулийн дагуу АН тус сонгуульт ажлыг албан ёсоор хийсэн гэдгийг дурдсанюм.

С.Батсүх

СЭТГЭГДЭЛ БИЧИХ