Ж.Батзандан: Төрөөр бизнес хийдэг олигарх бүлэглэлийг нэрлэж өгөөч

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны өнөөдрийн хуралдааны эхэнд Авлигатай тэмцэх газрын дарга, тэргүүн комиссар Н.Ганболдыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх тухай хэлэлцэж байгаа билээ. Хэлэлцүүлгийн шатанд УИХ-ын гишүүд Н.Ганболдоос асуулт асууж, шалтгааныг тодруулж байна. Тухайлбал, УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэлийн асуултад Н.Ганболд хариулахдаа: Авлигатай тэмцэх байгууллагуудын ажилтнууд болон дарга нарын хөрөнгө орлогын мэдүүлэг нээлттэй байгаа. УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хяналтад ил байдаг. АТГ-ын дарга нь төрийн өндөр албан тушаалтны зэрэглэлд хамаараад Монгол Улсын хэмжээнд зарлагддаг. Өнгөрсөн хугацаанд нэг их айхтар өөрчлөгдөөгүй. Нээлттэй байгаа учраас тэндээс олоод үзчихээрэй. Аль нэг компанийн хувьцаа эзэмшдэггүй гэлээ.

Мөн тэрээр Ж.Батзандан гишүүний асуултад дараах хариултыг өгсөн юм.

Н.Ганболд: "Төрийн тусгай албанд олон жил ажилласан хүний хувьд энгийн байгууллагын иргэдийн хувьд сэтгэл зүйн хувьд чанга байдаг байх. Ямар нэг асуудлыг дарамт шахалт гэж ойлгодоггүй. Айхтар дарамт шахалтад байлаа гэдэг талаас ярихгүй. Алба бол өөрөө хүнд алба. Олигархуудыг нэрлэ гэж байна, улс төрийн хүрээнд яригддаг нэр томъёо. Тодорхой асуудал үүссэн нөхцөлд прокурорын зөвшөөрлөөр ярьдаг. АТГ-ын даргаар 4.6 дахь жилдээ ажиллаж байна. Яаж авлигатай тэмцэх ёстой юм, ямар байх ёстой юм гэдэг талаар санаа оноогоо бичиж өгнө. Оффшор бүсийн асуудалтай холбоотойгоор шууд харилцах боломж байхгүй юм билээ. Бид оролдсон, судалж үзсэн, хичээсэн, ярьж үзсэн. Боломж байхгүй юм билээ. Их хэцүү асуудал юм билээ. Яам, агентлагийн тодорхой дарга нарыг сонирхлын зөрчлийн хууль дээр томилж болохгүй шалгуур үзүүлэлтүүд бий. Энийг сөрөөд томилчихсон юм бий. Засгийн газрын хэрэг эрхлэх газарт энэ тухай албан бичиг явуулсан. Тэр хүнээ чөлөөлөх үү, үгүй юу тэрнээс цааш хууль үйлчлэх боломжгүй байгаа." гэв.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ