Хууль, тогтоомжийн төслүүдийг эцэслэн баталлаа

Улсын Их Хурлын 2016 оны хаврын ээлжит чуулганы өнөөдрийн /2016.04.14.Пүрэв гараг/ үдээс өмнөх нэгдсэн хуралдаан 10 цаг 12 минутад 51.3 хувийн ирцтэй эхэлж, чуулганы өнөөдөр, маргаашийн нэгдсэн хуралдаанаар нийтдээ 28 асуудал хэлэлцэж шийдвэрлэхээр тогтов.

Авлигатай тэмцэх газрын даргыг үүрэгт ажлаас нь чөлөөлөв

Чуулганы нэгдсэн хуралдаанаар эхлээд Авлигатай тэмцэх газрын даргыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх тухай асуудлыг хэлэлцэв. Энэ талаарх Монгол Улсын Ерөнхийлөгчийн саналыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Хүний эрх, хуулийн бодлогын зөвлөх Ч.Өнөрбаяр, Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн О.Баасанхүү нар танилцуулсан юм.

Улсын Их Хуралд ирүүлсэн Ерөнхийлөгчийн саналд “Авлигатай тэмцэх газрын дарга, тэргүүн комиссар Наваансүрэнгийн Ганболд 2016 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр Авлигын эсрэг хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.1-д заасны дагуу үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ гаргасан тул холбогдох хуульд заасан журмын дагуу хэлэлцэн шийдвэрлэж өгөхийг хүсье” гээд Авлигатай тэмцэх газрын дарга, тэргүүн комиссар Н.Ганболдоос Монгол Улсын Ерөнхийлөгчид гаргасан хүсэлтийг хавсаргажээ.

Иймээс Авлигатай тэмцэх газрын дарга, тэргүүн комиссар Н.Ганболд нь өөрийн хүсэлтээр үүрэгт ажлаас чөлөөлөгдөх хүсэлтийг Монгол Улсын Ерөнхийлөгчид гаргасны дагуу Ерөнхийлөгчөөс Улсын Их Хуралд ирүүлсэн саналыг Хууль зүйн байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар хэлэлцээд хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналаар дэмжиж, чуулганы нэгдсэн хуралдаанд оруулахаар тогтсон байна.

Авлигын эсрэг хуульд зааснаар Авлигатай тэмцэх газрын даргыг Монгол Улсын Ерөнхийлөгч санал болгож, Улсын Их Хурал хэлэлцэж томилдог бөгөөд бүрэн эрхийн хугацаа нь зургаан жил байдаг. Н.Ганболд нь 2011 оны арваннэгдүгээр сард Авлигатай тэмцэх газрын даргаар томилогдсон агаад бүрэн эрхийн хугацаа нь дуусгавар болоход нэг жил дутуу байх үед эрүүл мэндийн шалтгааны улмаас чөлөөлөгдөх хүсэлтээ гаргажээ.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санал, Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ж.Батзандан, Ц.Оюунгэрэл, З.Баянсэлэнгэ, Ц.Даваасүрэн, Б.Бат-Эрдэнэ, Л.Энх-Амгалан, Г.Уянга, Л.Цог, Н.Алтанхуяг, Ц.Оюунбаатар, Д.Тэрбишдагва, О.Баасанхүү, Н.Энхболд, Д.Ганбат нар Ерөнхийлөгчийн зөвлөх болон Авлигатай тэмцэх газрын даргаас асуулт асууж саналаа хэлсэн юм.

Авлигатай тэмцэх газрын дарга, тэргүүн комиссар Н.Ганболд гишүүдийн асуултад өгсөн хариултдаа, ажлаас чөлөөлөгдөх хүсэлт гаргасан нь эрүүл мэнддээ анхаарах шаардлага гарсантай холбоотой. Түүнээс биш ямар нэг дарамт шахалт байгаагүй. Ер нь Авлигатай тэмцэх байгууллага хараат бусаар үйл ажиллагаагаа явуулж, хуулийн хүрээнд үндсэн чиг үүргээ хэрэгжүүлж ирсэн. Энэ албан тушаалд 4 жил 6 сар орчим хугацаанд ажиллахдаа хэн нэг албан тушаалтан, аль нэг улс төрийн хүчний эрх ашигт нийцүүлсэн шийдвэр гаргаж байгаагүй. Хэрэв алдаа дутагдал гаргасан гэж тогтоовол хуулийн хариуцлага хүлээхэд бэлэн байна гэдгээ мэдэгдлээ.

Тэрээр авлигатай тэмцэх байгууллагын эрх зүйн орчин хэр байгаа, авлигаас урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх чиглэлд ямар арга хэмжээ авч хэрэгжүүлсэн, авлига буурч буй эсэх талаарх гишүүдийн асуултад хариулахдаа, Монгол Улсад авлигатай тэмцэх эрх зүйн орчин хангалттай бүрдсэн гэж үздэг. Авлигын эсрэг хууль нь цөөн заалттай хэдий ч зохицуулалтын хувьд чамбай хууль болсон. Сүүлийн жилүүдэд Сонирхлын зөрчлийн тухай, Мэдээллийн ил тод байдал, мэдээлэл авах эрхийн тухай, Шилэн дансны тухай зэрэг хуулиуд батлагдсан нь эрх зүйн орчныг сайжруулахад ач холбогдолтой болсон. Авлигатай тэмцэх газрын бүтэц, зохион байгуулалт, ажиллагсдын цалин хөлсийг Улсын Их Хурал тогтоодог. Одоогоор тус газарт 160 хүн ажиллаж байгаагийн 80 хувь нь 35 хүртэлх насны, тэр дундаа төрийн албанд тав хүртэл жил ажиллаж байгаа залуус байдаг. Авлигатай тэмцэх байгууллагын даргын хөрөнгө орлогын мэдүүлэг нийтэд нээлттэй байгаа, ажилтнуудын хөрөнгө орлогын мэдүүлэг хуулиараа Хууль зүйн байнгын хорооны хяналтад байдаг гэлээ.

Түүнчлэн Авлигатай тэмцэх газар авлигын эсрэг хууль тогтоомжийн хэрэгжилт, авлигын нөхцөл байдлын талаарх 2015 оны тайлан мэдээллийг Улсын Их Хуралд хүргүүлсэн. Тус байгууллагын үйл ажиллагааны 20-25 хувь нь мөрдөн шалгах, үлдсэн хувь нь хянан шалгах, соён гэгээрүүлэх ажил байдаг. Цаашид авлигаас урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх ажлыг улам сайжруулах, ажиллагсдын цалин хөлсийг нэмэгдүүлэхэд анхаарах шаардлагатай байгааг хэлэв. Мөн Монгол Улсад авлигын түвшин буурч байгаа. Олон улсын байгууллагаас гаргасан үнэлгээгээр манай улсын авлигын индекс дэлхийн улс орнуудаас 120 дугаарт байснаа 79 дүгээр байр хүртэл урагш ахисан. Энэ нь Монголын төрийн авлигын эсрэг хүсэл сонирхол, бодлого, шийдвэрийн үр дүн юм гэдгийг дурдаж байв.

Асуулт асуусан зарим гишүүд сүүлийн үед дэлхий дахинд ихээхэн яригдаж байгаа офшор бүс дэх дансны асуудлыг Авлигатай тэмцэх байгууллага судалж үзсэн эсэх талаар тодруулахад Н.Ганболд дарга “Офшор бүсэд данс нээж хөрөнгө орлогоо нуудаг асуудлын тухайд хэвлэлээр гарч байгаа мэдээллийн хэмжээнд байгаа. Манай одоогийн хууль тогтоомжоор офшор бүстэй шууд харилцах эрх зүйн боломж тааруу байгаа” гэсэн ариулт өгөв. Харин энэ асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын дарга З.Энхболд офшор бүсэд хүсэлт гаргах биш тэнд хөрөнгө орлогоо нууж байсан талаарх асуудлыг сөхөж тавьсан Панамд байрлалтай Моссак Фонсека нэртэй хуулийн фирмтэй холбогдож мэдээлэл авах бүрэн боломжтой. Иймээс Авлигатай тэмцэх газар энэ талаар анхаарч ажиллах хэрэгтэй гэдгийг зөвлөсөн юм.

Ингээд байнгын хорооны саналаар Н.Ганболдыг Авлигатай тэмцэх газрын даргын үүрэгт ажлаас чөлөөлөхийг дэмжье гэсэн саналын томьёоллоор санал хураалт явуулахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 75.4 хувь нь дэмжсэн тул энэ талаарх Улсын Их Хурлын тогтоолыг батлагдсанд тооцохоор болов. Уг тогтоолыг батлагдсан өдрөөс нь дагаж мөрдөх юм. Авлигатай тэмцэх газрын даргыг үүрэг ажлаас нь чөлөөлөх тухай асуудлыг хэлэлцэж шийдвэрлэсэнтэй холбогдуулан Улсын Их Хурлын дарга З.Энхболд хэлэхдээ, Н.Ганболд нь Авлигатай тэмцэх газрын даргаар 4 жил гаруй хугацаанд ажиллахдаа ажил үүргээ боломжийн хэмжээнд гүйцэтгэсэн гээд түүнд гишүүдийн өмнөөс талархал илэрхийлэв. Мөн олон улсын хөндлөнгийн байгууллагаас гаргадаг үнэлгээгээр анх Авлигатай тэмцэх газар байгуулагдах үед манай улс авлигын индексээр дэлхийн улс орнуудаас 120 дугаарт жагсаж байсан бол одоо 79 дүгээр байрт орж ирээд байна гэдгийг Улсын Их Хурлын дарга энэ үеэр онцлон дурдлаа.

Хууль тогтоомжийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийж баталлаа

Чуулганы нэгдсэн хуралдаанаар Засгийн газраас 2015 оны 12 дугаар сарын 17-ний өдөр өргөн мэдүүлсэн Боловсролын тухай, Дээд боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн А.Бакей танилцуулав.

Тус байнгын хороо хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэх явцад анхны хэлэлцүүлгийн шатанд санал хурааж шийдвэрлэсэн зарчмын зөрүүтэй саналуудыг төсөлд нэгтгэн тусгаж, найруулгын чанартай зарим засвар хийсний зэрэгцээ хуралдаан даргалагчаас гүйцээн боловсруулахаар өгсөн чиглэлийн дагуу зарчмын зөрүүтэй зарим саналын томьёоллоор санал хураалт явуулж шийдвэрлэжээ.

Иймээс хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийн шатанд байнгын хорооноос гаргасан зарчмын зөрүүтэй 4 саналын томьёоллоор санал хураалгахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн дийлэнх олонх нь дэмжив. Ингээд хуулийн төслүүдийг бүхэлд батлах санал хураалт явуулахад нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 73.7-82.5 хувь нь дэмжсэнээр Боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон уг хуулийн төслийг дагалдуулж өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүд батлагдлаа.

Дараа нь Улсын Их Хурлын гишүүн Н.Батбаярын санаачилж өргөн мэдүүлсэн Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, энэ талаарх Төрийн байгуулалтын байнгын хорооны танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн Х.Тэмүүжин танилцуулав.

Төрийн байгуулалтын байнгын хорооны энэ сарын 12-ны өдрийн хуралдаанаар уг хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, хуулийн төслийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлж батлуулахаар тогтсон байна.

Байнгын хорооны танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ц.Даваасүрэн, Н.Энхболд, Су.Батболд нар асуулт асууж тодруулсны дараа хуулийн төслийг бүхэлд нь батлах санал хураалт явуулахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 60.3 хувь нь дэмжсэнээр уг хуулийн төсөл батлагдлаа.

Уг хуулийн төслөөр Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 17 дугаар зүйлд “Хуулиар шийдвэрлэх хугацааг тусгайлан заасан асуудлыг санаачилсан хууль санаачлагч болон Улсын Их Хурлын тухай хуулийн 7.1.12-т заасан санал оруулсан Улсын Их Хурлын гишүүн уг асуудлыг хэлэлцэхэд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хуралдаанд оролцоогүй, эсхүл төсөл, саналаа танилцуулаагүй бол тухайн хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төсөл, саналыг хууль санаачлагчид нь буцаасанд тооцно” гэсэн агуулгатай 7.4 дэх хэсгийг нэмэх, мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.6 дахь хэсэгт “Хуулиар шийдвэрлэх хугацааг тусгайлан заасан асуудлаар нам, эвслийн бүлэг завсарлага авах бол хуралдаан даргалагч тухайн асуудлыг хуулиар тогтоосон хугацаанд шийдвэрлэхэд саад болохгүй байхаар завсарлагын хугацааг тогтооно” гэсэн заалт нэмэхээр болж байгаа юм.

Чуулганы үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар Улсын Их Хурлын гишүүн Ц.Оюунбаатар нарын нэр бүхий 10 гишүүний өргөн мэдүүлсэн “Газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх, эрсдлийг бууруулах талаар авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. Энэ талаарх Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн Ц.Баярсайхан танилцуулав. Тус байнгын хороо өчигдрийн хуралдаанаараа тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж дэмжсэн юм.

Тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлэгтэй холбогдуулан гишүүдээс асуулт, санал гараагүй тул байнгын хорооны саналаар тогтоолын төслийг бүхэлд нь батлах санал хураалгахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 72.4 хувь нь дэмжсэнээр чуулганы өнөөдрийн үдээс өмнөх нэгдсэн хуралдаан өндөрлөлөө гэж Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ