Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлэв

Улсын Их Хурлын чуулганы өчигдрийн /2016.04.14/ үдээс хойших нэгдсэн хуралдаанаар Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.
Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Д.Ганбат танилцууллаа.
Хууль зүйн байнгын хороо 2015 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн хуралдаанаараа Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийж, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн төслийн “Хохирогчийн эрх” гэсэн зүйлийг “Хохирогчийн эрхийг хангах” гэж өөрчлөн найруулах, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх зөвлөлийн чиг үүргийг Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл хэрэгжүүлэхээр өөрчлөх, төрийн байгууллага, хохирогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах чиг үүрэг бүхий магадлан итгэмжлэгдсэн төрийн бус байгууллагаас гаргасан гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэхэд чиглэсэн сурталчилгааг хэвлэл мэдээллийн байгууллага нэвтрүүлэх, нийтлэх үүрэг хүлээхээр хуулийн төсөлд тусгажээ. Түүнчлэн цагдаагийн байгууллага гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой дуудлага, мэдээллийг авмагц таслан зогсоох, хохирогчийн аюулгүй байдлыг хангах арга хэмжээг даруй авах, дуудлага тасарсан, дуудлага хаанаас ирсэн нь тодорхойгүй бол хохирогчийн байршлыг тогтоох арга хэмжээг даруй авахаар хуулийн төсөлд нэмж тусгах зэрэг зарчмын зөрүүтэй 33, найруулгын 25 саналыг нэгдсэн хуралдаанд оруулж буйгаа Ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Д.Ганбат танилцуулав.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн, Х.Тэмүүжин, Б.Бат-Эрдэнэ нар асуулт асууж, хариулт авсаны дараа Байнгын хороогоор дэмжигдсэн зарчмын зөрүүтэй 33, найруулгын 25 саналаар санал хураалт явуулж дуусан, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ.
Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах тухай тогтоолын төслийг хэлэлцэн баталлаа
Үүний дараа “Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг нарын 9 гишүүний өргөн мэдүүлсэн тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийсэн талаарх Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэл танилцууллаа.
Тост, Тосон бумбын нурууг улсын тусгай хамгаалалтад авахаар тусгасан дээрх тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийх үеэр гишүүдээс зарчмын зөрүүтэй санал гараагүй учир тогтоолын төслийг анхны хэлэлцүүлгээр нь батлах нь зүйтэй гэсэн горимын саналыг УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн хэмээн УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэл танилцуулгадаа дурдсан.
Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан асуулт асуух гишүүн гараагүй. Ингээд тогтоолын төслийг анхны хэлэлцүүлгээр нь батлах горимын саналаар санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 81.2 хувь нь дэмжин, тогтоолын төслийг гишүүдийн 82 хувийн саналаар баталлаа.
Дээрх тогтоол батлагдсанаар байгаль орчны тэнцвэрт байдал, байгалийн унаган төрх, түүх, соёлын үнэт өвийг тогтвортой хадгалах, устах аюулд орсон амьтан, ургамлыг хамгаалах зорилгоор байгалийн аялал жуулчлалыг хөгжүүлэхэд онцгой ач холбогдол бүхий Өмнөговь аймгийн Гурван тэс сумын нутагт орших Тост, Тосон бумын нурууг байгалийн нөөц газрын ангилалаар улсын тусгай хамгаалалтад авахаар болж байна.
Эмнэлгийн тусламж үйлчилгээний тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ
Дараа нь Эмнэлгийн тусламж үйлчилгээний тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийв.
Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн С.Одонтуяа танилцууллаа.
Байнгын хорооны хуралдаанаар дээрх хуулийн төслүүдийг хэлэлцэх үед УИХ-ын гишүүн А.Бакей сумын эрүүл мэндийн төвийн зэрэглэл, багийн эмчийн салбар, эмнэлгийн төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдэд олгох урамшуулал төсөвт дарам учруулах эсэх талаар, УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл энэ хуулиар өрхийн эрүүл мэндийн төсвийг чадварлаг, мэргэшсэн боловсон хүчнээр хангах, бусад эмнэлгийн тусламж, үйлчилгээний байгууллагатай хэрхэн уялдаж ажиллах талаар, УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан Эрүүл мэндийн болон Эрүүл мэндийн даатгалын тухай хуультай нэр томьёоны хувьд нийцсэн эсэх, клиникийг сургалт, судалгаа явуулахаар заасан нь оновчтой эсэх талаар ажлын хэсгээс асууж, хариулт авсан байна.
УИХ-ын гишүүн А.Тлейхан Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хуулийг батлан гаргах нь эрүүл мэндийн салбар, эмнэлгийн засаглалыг сайжруулж, эрх зүй, зохион байгуулалт, менежментийн томоохон өөрчлөлтийг авчрах төдийгүй УИХ-ын гишүүдийн нийгэмд оруулж буй томоохон хувь нэмэр энэ болно хэмээсэн талаар УИХ-ын гишүүн С.Одонтуяа санал, дүгнэлтийг танилцуулах үеэр дурдсан юм.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн, Д.Тэрбишдагва, Д.Оюунхорол, Д.Сарангэрэл, Ё.Отгонбаяр нар асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн. Үүний дараа байнгын хороогоор дэмжигдсэн болон дэмжигдээгүй зарчмын зөрүүтэй, найруулгын шинжтэй саналын томьёоллуудаар санал хураалт явуулан, төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороонд шилжүүллээ хэмээн УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
3,470.29
СЭТГЭГДЭЛ БИЧИХ