Ц.Элбэгдорж: Бид хууль гаргаад шийдчих юм бол ёс зүй бий болно

УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар Сонгогдсон болон томилогдсон төрийн өндөр албан тушаалтанд хариуцлага хүлээлгэх тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийг /Монгол Улсын Ерөнхийлөгч 2015.01.14-ний өдөр өргөн мэдүүлсэн/ хэлэлцэж байгаатай холбогдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж байр сууриа илэрхийллээ. Тэрээр хэлсэн үгэндээ “Мөнгө зарахгүй, өр тавихгүйгээр шийдэж чадах асуудал бол хариуцлага. Улс төрийн эр зориг гаргаад болж өнгөрсөн үйл явдалдаа дүгнэлт хийгээд өөрсдөө шийдчих асуудал.

Тогтвортой байдлын асуудлыг тавьж байгаа гишүүдтэй санаа нэг байгаа. Төр нь хариуцлагагүй байх юм бол тогтворгүй байдал бий болно. Хууль буруу юманд ашиглагдаад тогтворгүй болох юм биш биз дээ гэж байна. Тогтворгүй байдалд орсон улсуудыг судалсан хүмүүсийн дүгнэлтээр хариуцлага тооцож чаддаггүй улсад шударга ёс тогтдоггүй болдог. Хариуцлага тооцоод ирэхээр нийгмийг тогтвортой болгохын үндэс. Энэ асуудлыг өмнө нь УИХ-ын гишүүд ярьдаг байсан, биежүүлээд бичихээр ийм зүйл гарч ирж байна. Хариуцлага гэдэг юмаа харахаар түүнээс болгоомжлоод байдаг. Үүнээс болоод хариуцлагын асуудлыг оруулж ирж чаддаггүй.

Ярьдаг биш одоо үүнийгээ өөрсдөө харж чаддаг, ажил болгож чаддаг хэлбэр лүү явж байгаа. Асуудал болгоныг нэмж оруулаад байх юм бол шийдэх боломж бүрдэнэ. Эхлээд бид саваа бэлдэх ёстой, шаардлагатай бол нэмж болдог. УИХ-д би баярлаж байгаа, Сонсголын хууль, Шилэн дансны тухай хуулиудыг баталж гаргасан. Нэг юм хаягдаад байгаа нь Хариуцлагын тухай хууль. Төр хариуцлагатай байх юм бол засаглах эрх зүй бий болно. УИХ дээр бид хууль гаргаад шийдчих юм бол ёс зүй бий болно. Ардчилсан нийгэм гэж яриад байгаа, энэ бол эрх үүргийн зохистой нэгдэл. Ерөнхийлөгчөөсөө авахуулаад аймаг, нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч нь хариуцлагатай болох асуудал. Ёс зүйгүй алхам хийсэн бол наад зах нь уучлал гуйдаг байх ёстой. Цаашлаад нам нь тухайн хүнээ нэр дэвшиж болохгүй юм байна гэдэг байх. Энэ утгаар нь харах хэрэгтэй.

Улс төрийн хариуцлага гэдэг том уут байна, үүнийг хасъя гэж болохгүй. Жолоочид хариуцлага тооцохдоо 10 оноогоор тооцдог болсон. УИХ-ын гишүүнийг эргүүлэн татахтай холбоотой асуудал дээр санаа зовниж байгааг ойлгож байна. Ард түмэн сонгох эрхтэй байхад эргүүлж татах эрх нь байдаг байх ёстой. Эхний төсөл дээр 5 хувь байсан, ярьсаар байгаад 15 хувь болгосон” гэсэн юм.

Ийнхүү УИХ-ын гишүүд дээрх хуулийн төслүүдийг хэлэлцээд гишүүдийн 87.9 хувь нь дэмжсэнээр УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо төслийн анхны хэлэлцүүлэгт бэлтгэх үүргийгхүлээлээ.

С.Батсүх

СЭТГЭГДЭЛ БИЧИХ