МАН-ын дарга М.Энхболд: Хагарсан шаазан эвлэнэ

МАН-ын бага хурал хоёр өдөр үргэлжилж өчигдөр өндөрлөсөн. Харин өнөөдөр МАН-ын дарга М.Энхболд, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт, УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар, ЕНБД Ж.Мөнхбат нар мэдээлэл хийлээ.

МАН-ын дарга М.Энхболд "Бид өнгөрсөн хоёр өдөр мөрийн хөтөлбөрөө батлах энэ асуудал дээр анхаарал тавьлаа. Улс орны эдийн засаг, нийгмийн амьдралыг ирэх дөрвөн жилд авч явах монгол орны бүхий л асуудлууд гадаад, дотоод, аж ахуй нэгж, бизнесийн байгууллагууд, төрийн байгууллагууд хоорондын харилцааг зохицуулж байгаа хууль эрх зүйн орчныг хэрхэн яаж өөрчилөх өнөөгийн нөхцөл байдлаас бид яаж гарах ёстой вэ? гэдэг талаар дэлгэрэнгүй ярилцсан, ойлголцсон ийм иж бүрэн тооцоотой судалгаатай хэрэгжих бүрэн үндэслэлтэй мөрийн хөтөлбөрийг МАН баталж өнөөдөр үндэсний аудитын газар өгч байна. Хоёрдугаарт, бид сонгуульд нэр дэвших журам, нэр дэвшигчийг тодруулах журам гэж баталсан. Энэ бол сонгуулийн хуулинд улс төрийн намуудад үүрэг даалгавар болгож өгсөн, үүнийг бид баталсан. Намынхаа анхан шатны, аймаг нийслэлийн, орон нутгийн нийт иргэдийн санал бодол дээр тулгуурлан бид нэр дэвшигчээ тодорхойлох ийм зохицуулалтыг хийх журмыг баталлаа. Зохион байгуулалтын асуудал хэлэлцсэн энэ асуудлаар намын бага хурлын гишүүдийг таван хүнийг орсон гарсан асуудлыг шийдсэн. Энд УИХ-ын Ц.Даваасүрэн, Х.Болорчулуун нар сонгуулийн өмнө намын гишүүнчилэлээ сэргээж сонгуульд бидэнтэй хамт, бидний дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрийн төслийг дэмжиж ажилахаа илэрхийлж намын бага хурлын гишүүн болсон.

Бидний нэлээд их анхаарал тавьж цаг хугацаа зарцуулж энэ хуралд ач холбогдол өгсөн асуудал бол МАХН-тай эвсэж нийлэх тухай асуудал байсан. 17-ны Ням гарагт МАХН-тай сар гаруй хугацаанд эвсэх тухай асуудлаар зөвшилцөл хийж ажилсан хоёр ажлын хэсгийн дарга нар 6 зүйл дээр санал тохиролцож гарын үсгээ зурсан. Энэ гарын үсэг зурсан асуудлыг манай намын удирдах зөвлөл хэлэлцээд хэдийгээр анхнаасаа бидний тавьсан санал цөөн орсон байгаа ч гэсэн ажлын хэсгийнхний ажлыг үнэлж байна. Эвсэж сонгуульд орох явдал нь эх орны эрх ашигт илүү нийцтэй юм гэж бид үүнийг хүлээн зөвшөөрч бага хурлаараа хэлэлцэж эвсэх шийдвэрийг гаргая гэж энэ асуудлыг хэлэлцсэн. Асуудлыг хэлэлцэж байх явцад эвсэхээр ярьж байсан МАХН-ын удирдлагуудын зүгээс гарын үсэг зурж баталж шийдсэн энэ гэрээ хэлэлцээртээ нэмэж өөрчилөлт оруулах ийм саналыг гаргасан. Та бүхэнд би нэг жишээ хэлье, бид 80:20 гэж эхэлж манай нам санал болгосон. МАХН 60:40 гэж санал болгосон. Ажлын хэсгийн дарга нарын гарын үсэг зурж тохиролцсон ойлголцсон тэр баримт бичигт 33:67 гэдэг ийм хувь проценс байсан. Эндээс л хэн хэнийхээ саналд хүндэтгэлтэй хандсаныг харж болно. Дөрвөн жил удирдлага болгож авч явах бичиг баримтаа дөрөв хонож чадалгүй гурав дахь хоногоос өөрчилөх саналыг бидэнд тавьсан явдал бол үнэхээр итгэл алдсан. Мөн санамж бичгийн 5 дугаар зүйл эргэж буцахгүй гэдэг зүйлээ зөрчсөн ийм явдал боллоо. Ингээд бид ийм өөрчилөлт оруулах боломжгүй гэсэн МАХН заавал өөрчилөлт оруулна гэж зүтгэсэн. Бидний багагүй хугацаанд хүсч төлөвлөж байсан тэр эвсэл биелэлээ олж чадсангүй. Гэхдээ би МАХН жирийн гишүүдэд хандаж хэлэхэд энэ удаагийн сонгуульд бид эвсэж чадаагүй ч гэсэн ер бол цаашдаа хагарсан шаазан эвлэнэ гэж байдаг. Энэ хоёр нам эвлэж нэгдэх ийм асуудал байсаар байх болно. Байлгахын төлөө бид бас зүтгэнэ” гэлээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ