Монголчуудын хувьд АСЕМ бол дэлхийн газрын зураг дээр улам тод харагдах боломж

Манай улсад зохиогдох АСЕМ-ын Дээд түвшний 11 дэх уулзалтын хүрээнд дагалдах 9 хурлын нэг нь Улаанбаатар хотноо 07 дугаар сард зохион байгуулагдах “АСЕМ-ын Загвар чуулган 2016” юм. Тус загвар чуулганыг зохион байгуулах ажлыг Монголын Залуучуудын Холбоо ахлаж байгаа бөгөөд энэ хүрээнд өчигдөр буюу 2016 оны 04 сарын 20-нд Европын Холбооны төлөөлөлтэй уулзаж бэлтгэл ажлыг танилцуулсан юм.

МЗХ-ноос чуулганы бэлтгэл ажлын явцаас танилцуулах үеэр Европын Холбооны төлөөлөгчид сайшаан хүлээн авсан бөгөөд АСЕМ-ын загвар чуулганы хамтрагч тал болох Европын Холбооны Гадаад харилцааны албаны АСЕМ-ын асуудал хариуцсан Ахлах зөвлөх, АСЕФ-ын удирдах зөвлөлийн гишүүн Майкл Мэтиссэны зүгээс Монголын талд хэд хэдэн чухал зөвлөгөө, зөвлөмж, саналуудыг тавьсан. Тухайлбал, чуулганы үеэр үг хэлэх, мэндчлэх, илтгэгчээр оролцох зочдын дунд гадаадын Элчин Сайдын Яамны /ЭСЯ/ төлөөллийг нэмж урих, залуучуудад Монгол Улсад суугаа аль нэг ЭСЯ-ны үйл ажиллагаатай танилцах аялал зохион байгуулах. Түүнчлэн чуулганы гол үр дүн болох тунхаг бичиг гаргах үед залуучуудад яриа хэлэлцээ явуулах, санал нэгдэх хугацаа хангалттай байхаар урьдчилан хөтөлбөрт оруулах нь 51 улсын төлөөлөл болсон залуучууд өөрсдийн үзэл бодлоо илэрхийлэх туршлага болох төдийгүй чуулганаас гарсан санал санаачлагуудыг Ази, Европын залуучуудын төлөөлөл АСЕМ-ийн 11-р чуулганы үеэр нийт зочид төлөөлөгчдөд танилцуулах, тэдгээрийг хурлын даргалагч нартай уулзах боломжийг олгох нь энэхүү дээд хамжээний уулзалтын хамгийн гол онцлог юм. Тиймээс шийдвэр гаргах түвшин дэх залуучуудын оролцоог дэмжих томоохон түлхэц болно гэж онцлон тэмдэглэлээ.

Мөн энэ үеэр Европын Холбооны Гадаад харилцааны албаны АСЕМ-ын асуудал хариуцсан Ахлах зөвлөх, АСЕФ-ын удирдах зөвлөлийн гишүүн Майкл Мэтиссэнтэй цөөн хором ярилцсан юм.

-Монголд ирсэн зочид бүрээс асуудаг асуултаар тодруулгаа эхэлье. Та манай оронд ирээд төрсөн анхны сэтгэгдэлээ хуваалцана уу?

-Би Монголд гурав дахь удаагаа ирж байна. АСЕМ-тай холбоотойгоор одоо дахин хоёр удаа ирнэ. Тэр утгаараа би танай улсын байнгын зочин болсон гэж ойлгож болох юм. Тийм ч болоод тэр үү Монгол Улс миний хувьд их дотно санагдаж байгаа.

-Монгол Улс АСЕМ-ын чуулганыг зохион байгуулснаар ямар өгөөж хүртэх вэ?

-Монголчуудын хувьд АСЕМ гэдэг бол дэлхийн газрын зураг дээр улам тод харагдах боломж гэж ойлгож болно. Яагаад гэвэл энэ чуулганы үеэр олон улсын салбар бүрийн төлөөлөл ирнэ. Тэдгээр төлөөлөгчид өөрсдийн байж болох бүх л сувгаар Монгол Улсыг дэлхийд танилцуулна. Ингэснээр Монголыг дэлхий дахин мэддэг болж, танай орны аялал жуулчлал, бизнес, гаднын хөрөнгө оруулалт зэрэг олон салбарт ахиц дэвшил авчрах юм. Мөнзалуусын хувьд салбар бүрийн шилдгүүдтэй уулзаж тэдэнтэй найз нөхөд болж нөхөрлөлийн хүрээгээ тэлэх боломжтой. Мөн Монгол Улс олон улсын хэмжээний өндөр дээд уулзалтыг зохион байгуулах туршлагатай болж байгаа нь АСЕМ-ын монголчуудад өгч буй бас нэг өгөөж юм.

-Загвар чуулганы бэлтгэл ажилд тавих таны үнэлгээ ямар байгаа бол?

-Миний бодлоор тус хурлыг амжиллтай зохион байгуулахад залуучуудын оролцоо маш чухал. Тиймээс Монгол Улсын Засгийн газрын зүгээс залуучуудын оролцоог сайн дэмжиж ажиллах хэрэгтэй.Загвар чуулганыг зохион байгуулагч талын тухайд гэвэл Монголын залуучуудын ууган байгууллагыг би ихээхэн өөдрөгөөр харж байна, уулзалтыг амжилттай зохион байгуулна гэдэгт итгэлтэй байна.\

Ю.Халиун

СЭТГЭГДЭЛ БИЧИХ