УИХ-ын Ц.Даваасүрэнгийн асуулгын хариуг хаалттай горимоор хэлэлцэв

Улсын Их Хурлын чуулганы өчигдрийн үдээс хойшхи хуралдаанаар УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэнгээс Хилийн цэргийн 0311-р ангид алба хааж байгаа албан хаагчдаас ирсэн санал, гомдлыг хэрхэн шийдвэрлэсэн талаар Хууль зүйн сайдад тавьсан асуулгын хариуг сонсохоор төлөвлөсөн байсан.

Харин хуралдааны эхэнд УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэнгийн асуулгын хариуг өгөх Хууль зүйн сайд Д.Дорлигжав дээрх асуудлыг хаалттай горимоор хэлэлцэх саналтай байгаагаа илэрхийлсэн.

Тэрбээр, УИХ-ын гишүүний асуулгын хариунд дурдагдах баримтууд Төрийн нууцын тухай хууль болоод Засгийн газрын нууц тогтоолд хамаарч буйгаас гадна хэлэлцүүлгийн үеэр хувь хүний нууцтай холбоотой асуудал яригдах учир хаалттай горимоор хэлэлцэх шаардлагатай хэмээн тайлбарласан. Ингээд хуралдааныг хаалттай горимд шилжүүлжээ.

Монгол Улсын Их Хурлын гишүүн Ц.Даваасүрэн өчигдөр сэтгүүлчдэд энэ асуудлаар мэдээлэл хийв. Тэрээр “Би Хууль зүйн сайдад хандан, Увс аймгийн Баруунтуруун сумын Хилийн цэргийн 0311 дүгээр ангид амь эрсдсэн цэргүүдийн талаар асуулга тавьсан. Энэ дагуу Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар Засгийн газрын мэдээллийн сонсохоор хаалттай хуралдаж байна. Асуулгын зорилго бол тус анги нэгтгэлд Хөвсгөл аймгийн цэргүүдийг алба хаах явдлыг зогсоох биш харин цэргүүдийн нас барсан шалтгааныг тодруулж, цаашид гарч болох эрсдлээс урьдчилан сэргийлэх талаар ярилцах юм. Тиймээс уг асуудлыг хаалттай хэлэлцэх шаардлагагүй гэж би үзэж байна" хэмээн мэдээлэл хийх үеэрээ онцлон тэмдэглэв.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ