АН-ын бүлэг: Улаанбаатар, орон нутагт тус бүр 14 суудал хуваарилах нь зүйтэй

УИХ дахь АН-ын бүлгийн ээлжит хурал өнөөдөр боллоо. Хурлын дараа бүлгийн дарга Б.Гарамгайбаатар, дэд дарга Ш.Түвдэндорж, бүлгийн ажлын албаны дарга С.Дэмчиг нар сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

Бүлгийн дарга Б.Гарамгайбаатар хэлэхдээ Засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа хэд хэдэн томоохон хөтөлбөрийн талаар Ерөнхий сайд Ч.Сайханбилэг бүлгийн гишүүдэд мэдээлэл өглөө. Тухайлбал, Оюутолгойн далд уурхайн ажлын эхлэл, мөн “Сайн оюутан” хөтөлбөр, гэр хорооллын иргэдийн амьдрал ахуйг сайжруулах зорилгоор халуун хүйтэн устай холбох шугам тавих талаар танилцуулсан. Мөн тэтгэвэр нэмэх эсэх асуудлаар Хүн Амын Хөгжил Нийгмийн Хамгааллын Яамтай хамтран ажиллаж байгааг Ерөнхий сайд мэдэгдсэн. Бүлгийн хурлаар хэлэлцсэн дараагийн асуудал бол сонгуулийн тойрог, мандатын хуваарилалт. ҮХЦ-ийн дүгнэлттэй холбоотойгоор Сонгуулийн хуульд өөрчлөлт орсон учир пропорциональ системд ногдож байсан 28 мандатыг хэрхэн хуваарилахталаар саналаа нэгтгэлээ. Монгол Улс парламентын засаглалтай орон. 2012 онд можаритор, пропорциональ бүхий холимог системийг ашиглаж сонгуульд оролцсон. Харамсалтай нь Үндсэн хуулийн цэц энэ удаагийн сонгуулийн өмнөхөн уг элемент нь Үндсэн хууль зөрчсөн байна гэдэг шийдвэр гаргасан. Тийм учраас пропорциональ элементээ хадгалж байсан 28 суудлаас 14-ийг нь Улаанбаатар хотод, 14-ийг нь хөдөө орон нутагт хуваарилах нь зөв гэдэг шийдвэрт хүрсэн гэлээ. Мөн МҮАН-ын гишүүн байсан М.Сономпил, Н.Батцэрэг нар Ардчилсан намын бүлэгт нэмэгдэж, өнөөдөр бүлгийнанхны хуралдаа суусныг мэдэгдсэн юм.

Мэдээллийн дараа сэтгүүлчдийн асуултад бүлгийн удирдлага хариулт өглөө.

-Яагаад 14,14 гэсэн хувилбарыг сонгосон юм бэ? Газар нутаг, хүн амыг нь харгалзан үзсэн юм уу?

-Б.Гарамгайбаатар: 14, 14 гэдэг нь пропорцианаль элементийг хадгалах гэсэн санаа. Учир нь өмнөх сонгуулиар УИХ-д сонгогдсон 28 гишүүн нийт ард иргэдээс сонгогдож гарч ирсэн учраас тэнцвэртэйгээр хуваарилах нь зөв гэж Ардчилсан нам үзсэн. Энэ хувилбар нь хүн ам, газар нутаг, засаг захиргааны нэгжтэйгээ мөн уялдсан.

- Ш.Түвдэндорж: Нэмж хэлэхэд, нийслэлийнхнийг хүн амынхаа тоогоор одоо байгаагаас арай олон хүн УИХ-д төлөөлөх шаардлагатай гэдэг. Тиймдээ ч би жагсаалтаар сонгогдох гэж байгаа 28 гишүүний зургааг нь нийслэлийн тойргуудад шилжүүлэх хуулийн төсөл өргөн барьж байсан. Тэгэхээр 14, 14 гэсэн тоогоор хуваарилах нь зүйтэй юм. Эхний байдлаар 80 мянгаас дээш хүн амтай аймгууд гурван мандат, 60 мянгаас дээш мянган хүн амтай аймгууд хоёр мандаттай байхаар ярьж байна.

- Орон нутагт байгаа 14 мандатыг яаж хуваарилах вэ?

- Б.Гарамгайбаатар: Үндсэн хуулийн дагуу хүн ам, газар нутаг, төрийн засаг, захиргааны байгууллагаас нь хамаарч хамгийн их хүн амтай аймгаас нь эхлэн хуваарилахаар ярьж байна. Одоогийн гаргасан эхний зураглалаар арваад аймгийн мандат нэмэгдэхээр байна. Сонгуулийн ерөнхий хороо үдээс хойш хуралдаж тогтоолоо оруулж ирсэн тохиодолд намууд ажиллана.

Ю.Халиун

СЭТГЭГДЭЛ БИЧИХ