Оффшортой хүмүүс бүгд “Хар жагсаалт”-д орно гэнэ

Сүүлийн үед оффшор гэсэн том хулгайн асуудал гарч ирээд оффшортой хүмүүсийг сандралд оруулж, оффшоргүй хүмүүсийн амны зугаа хоолны даруулга болж байх шиг. Оффшорын хэргийг замхруулах гэсэн томчуудын эсрэг ПиАр ч яваад эхэлсэн. Зарим нэг хотынхоо иргэдээс газар гишгүүлэхгүй татвар авдаг эрхмийн хүү нь хүртэл татвараас зайлсхийсэн оффшортой байх жишээний. Тэгсэн нөгөө айхтар хулгайчидтай тэмцэгч Монгол Залуучуудын Холбооны тэргүүн сүүлийн үед сахал үсэндээ баригдаад байгаа А.Мөнхбат оффшор данстай хүмүүсийг бүгдийг “Хар жагсаалт”-д оруулна гэсэн албан бичгийг Үндэсний Аюулгүй Байдлын Зөвлөлд хүргүүлсэн байх юм.

Оффшорыг замхруулахын эсрэг хийж буй том ажил байна гэж харлаа. Ер нь бол зөв, оффшор данстай хүмүүс сонгуульд нэр дэвшээд, юу ч болоогүй юм шиг явж байгаа нь хууль хяналтын байгууллага сул дорой байна уу, эсвэлхудалдагдсан уу, эсвэл Монгол улс бүр хуулийг гууль болгодог улс уу гэж харагдаж байна. 3 адууны хэрэгтэй ардын хулгайчаа гурван жил суулгачихаад 30 сая долларын оффшортой төрийн албан тушаалтнуудын хэргийг тоглоом тохуу болгож замхруулж байгаа нь ард түмнээ ярих амгүй, сонсох чихгүй, харах нүдгүй мэт үзэж байгаа хэрэг бөгөөд Монголоосоо хулгайлсан мөнгөө олон улс дамнаж хадгалуулж байгаа хулгайчдыг бүгдийг нь “хар жагсаалт”-д оруулах нь зөв хэмээн МЗХ-ноос үзэж байгаагаа илэрхийллээ.

Ю.Халиун

СЭТГЭГДЭЛ БИЧИХ